Нью-Йорк хотын цагдаагийн газар ирэх долоо хоногт эхлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы өмнө аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, хорт бодис ашиглан халдлага үйлдэхээс урьдчилан сэргийлэх сургуулилт хийсэн тухай телевизийн “Эн-Би-Си Нью-Йорк” суваг мэдээллээ.
Тус хотын Цагдаагийн газрын даргын терроризм, тагнуулын үйл ажиллагаатай тэмцэх асуудал эрхэлсэн орлогч Жон Миллерын хэлснээр, Нью-Йорк хотын цагдаагийн газар болон Холбооны мөрдөх товчоо хамтран хүмүүсийг халдлагаас хамгаалах, халдагчдын санааг урьдаас тогтоох тал дээр хүч тавин ажиллаж байгаа аж. Цагдаагийнхан энэ тал дээр Их Британийн эрх баригчидтай зөвлөлдсөн бөгөөд одоогоор ийм халдлага болно гэх ямар ч аюул занал байхгүй байгаа гэнэ.
Тодруулбал, энэ нь Их Британийн Солсбери хотод Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипалийг охинтой нь хамт хордуулсан асуудалтай холбоотой аж. Өнгөрсөн гуравдугаар сард Их Британийн Солсбери хотод улс орноосоо урвасан хэрэгт буруутгагдсан тагнуулын ажилтан асан Скрипалийг охины хамт хордуулсан хэрэг явдал гарч, олон улсын шуугиан дэгдээсэн.
Лондон энэ хэрэгт Москваг буруутгадаг ч оросын тал үүнийг эрс няцаадаг. ОХУ-ын гадаад яам оросуудыг мөрдөн байцаалтад оролцуулах талаар Их Британийн холбогдох байгууллагад 60-аад нот бичиг илгээсэн ч Их Британийн эрх баригчид ямар ч хариу өгөөгүй юм. Мөн энэ сарын 5-ны өдөр Их Британийн прокурорын газар ОХУ-ын иргэн Петров, Боширов нарт 4 зүйл ангиар, тодруулбал Скрипалийн гэр бүл болон Их Британийн цагдаа Ник Бейлийн амь насанд халдахыг завдсан гэх хэргээр ял тулгаад байгаа аж.