“Хүн бүрт хамаатай Нэгдсэн Үндэстний байгууллагыг бий болгох нь: Энх тайван, эрх тэгш, тогтвортой нийгмийн төлөөх дэлхий нийтийн манлайлал ба хамтын хариуцлага
Чуулганы дарга аа,
Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Эрхэм Хатагтай, ноёд оо,
Хүндэт төлөөлөгчид өө,
Юуны өмнө Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы даргаар гишүүн орнуудын дэмжлэгийг авч сонгогдсон хатагтай Гарсес танд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.
Таныг энэхүү хариуцлагатай, чухал үүрэг даалгавраа гүйцэтгэхэд манай төлөөлөгчид бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг чармайн ажиллах болно.
Чуулганы дарга аа,
Өнөөдөр бид хавтгай, глобалчлагдсан, харилцан хамаарал бүхий дэлхий дээр амьдарч байна. Бидний амьдрал улам бүр цахимжиж, технологийн дэвшил амьдралын хэв маягийг тодорхойлж эхэллээ. Нэг талаас дэлхий ертөнц ийнхүү хөгжиж байгаа хэдий ч зөрчил тэмцэл, өлсгөлөн ядуурал, тэгш бус байдал зэрэг олон асуудал, зовлон бэрхшээл бидэнд тулгарсаар байна.
Тиймээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын үйл ажиллагааг хүн бүрт хүргэх, илүү тогтвортой, амар амгалан, эрх тэгш дэлхий ертөнцийг бий болгох талаар хэлэлцэж буй энэ удаагийн Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар оролцож байгаадаа таатай байна.
НҮБ өнгөрсөн 73 жилийн хугацаанд даян дэлхийн ойлголцол, шудрага ёс, энхийн төлөөх үйлсээрээ гишүүн орон бүртээ хүрч чадсан. Цаашид тус байгууллага Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд дэлхийн хүн бүрт бодлого, үйл ажиллагаагаа хүргэх зорилго тавьсан нь цаг үеэ олсон, НҮБ-ын суурь зарчимд нийцсэн хандлага гэж Монгол Улс үзэж байна.
Хөгжил цэцэглэлтийн гадна хэнийг ч үл орхихын төлөө ажиллах бидний хамтын үйлсийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррec өөрийн шинэчлэлийн бодлогоороо манлайлж байгаад Монгол Улс талархалтай байна.
Ялангуяа НҮБ-ын энх тайван, аюулгүй байдлын бүтцийн шинэчлэлийн хүрээнд урьдчилан сэргийлэх болон эвлэрүүлэн зуучлах чадавхийг нэмэгдүүлэх, энхийг сахиулах ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хөгжлийн системийн шинэчлэлийн хүрээнд уялдаа холбоо, үр дүн, хариуцлага, ил тод байдлыг дээшлүүлэх талаар гаргаж буй бүтээлч санаачлага, үйл ажиллагааг сайшаан дэмжиж байна.
Чуулганы дарга аа,
Өнгөрсөн 2017 онд дэлхий дахины цэрэг зэвсгийн зардал 1.7 их наяд ам.долларт хүрсэн нь өмнөх оноос өссөн төдийгүй хүйтэн дайн дууссанаас хойших хамгийн өндөр дүн болохыг Стокгольмын Энх тайвны судалгааны хүрээлэнгээсгаргасан судалгаанд дурджээ.
Дэлхий дахинд зэвсэглэлээр хөөцөлдөх явдал буурахгүй, зарим бүс нутагт зөрчил тэмцэл гүнзгийрч, тогтворгүй байдлыг өдөөх, ялангуяа зэвсэгт мөргөлдөөнд техник, технологийн үсрэнгүй дэвшлийг ашиглаж байгаа нь байдлыг улам аюултай болгожбайна.
Монгол Улс аливаа зөрчил тэмцлийг хүчээр бус, тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх ёстой гэсэн зарчмын байр суурийг үргэлж баримталж ирсэн билээ.
Бид Монголчуудын харилцаа, сэтгэлгээний соёл, шашин шүтлэг нэвт шингэсэн энхийг эрхэмлэх үзэл санаандаа тулгуурлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган болон бусад хурал, зөвлөгөөнд оролцохдоо энх тайван, аюулгүй байдлын төлөөх бусад улс орнуудын санал санаачлага, үйл ажиллагааг тууштай дэмжиж, энэ байгууллагын хариуцлагатай гишүүн орон байхыг ямагт чармайж ирсэн.
Тэртээ 1978 оноос жил бүрийн 10 дугаар сарын 24-30-нд дэлхий дахинаа тэмдэглэж ирсэн “Зэвсэг хураах долоо хоног”, 1984 онд баталсан “Улс түмний энх тайван орших эрхийн тухай тунхаглал” тогтоолуудыг санаачилж, 1992 оноос нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн тунхаглаж, эл статусаа баталгаажуулсаар ирсэн нь бүс нутаг болон даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд бидний оруулсан хувь нэмрийн нэгээхэн хэсэг билээ.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж монголчууд хэлцдэг. Монголчууд бид энх тайван, амар амгалан байдал үгүйлэгдэж, гамшиг зовлон тохиолдсон улс орон, ард түмэнд ямагт туслахыг эрмэлздэг.
Бид Солонгосын дайны үеэр БНАСАУ-ын өнчирч үлдсэн зуу зуун хүүхдийг авч, өсгөж өндийлгөж байсан бол сүүлийн хэдэн арван жилийн турш байгалийн гамшиг, террорист халдлагад өртсөн улс орнуудад өөрсдийн боломж, нөөцийн хэрээр тусалж, бүс нутгийн зарим улсад хөгжлийн тусламж үзүүлж, ардчилсан шилжилтийн туршлага, сургамжаа хуваалцаж ирсэн.
Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэж буй, дэлхийн энх тайван, аюулгүй байдалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэргийн албан хаагчид 2002 оноос, цэргийн багууд 2006 оноос хойш үүрэг гүйцэтгэж байна. Өдгөө монголын энхийг сахиулагчид дэлхийн хамтын нийгэмлэгээс “гуйвшгүй, төвшин, чадвартай” гэсэн үнэлгээ авсанд бид бахархалтай байдаг.
НҮБ-д цэрэг хандивлагч эхний 30 улсын нэг, хүн амдаа харьцуулсан энхийг сахиулагчдын тоогоороо түүнээс ч илүү эрэмбэтэй Монгол Улс цаашид ч энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын “Энхийг сахиулахын төлөөх үйл ажиллагаа” санаачилгыг сайшаан дэмжиж байна.
Чуулганы дарга аа,
Монгол Улсын аюулгүй байдал, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой Зүүн Хойд Азийн асуудал нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг яах аргагүй мөн.
Энэ жил болж өнгөрсөн хоёр Солонгосын болон бусад дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээний үйл явцыг Монгол Улс туйлын анхааралтай ажиглан сайшааж, Зүүн Хойд Азид итгэлцэл, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд нааштай өөрчлөлтүүд гарна хэмээн итгэж байна. Бид үйл явцыг зөвхөн ажиглаад зогсохгүй үүнд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж байна.
Монгол Улс 1980-аад оноос Зүүн Хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн. 2014 оноос Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж ирлээ.
Өдгөө бага хурлын нэр хүнд өсөж, яриа хэлцлийн цар хүрээ өргөжин бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан, албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой нээлттэй механизм болон төлөвшиж байна.
Нөгөө талаас Ази тив нь дэлхийн хамгийн гамшигт өртөмтгий бүсийн нэг юм. Бид болзошгүй гамшгийн аюулд өртөх эмзэг байдлаа арилгах, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж идэвхтэй хамтран ажилладаг.
Энэ хүрээнд бид Зүүн Хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах платформыг Монгол Улсад байгуулах санаачлагыг дэвшүүлж үүнийгээ “Улаанбаатарын яриа, хэлэлцээ” олон улсын удаа дараагийн бага хурлууд, мөн энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын үеэр тус тус хэлэлцүүлснийг бүс нутгийн орнууд дэмжин хүлээж авч бодит ажил болгохын төлөө хамтран ажиллаж байна.
Саахалт айлын санаа нэг, айл хүний амь нэг гэж монголчууд хэлдэг. Монгол Улс хоёр хөрштэйгээ харилцаагаа стратегийн түвшинд хөгжүүлэх, тэдний зүгээс бүс нутгийн хэмжээнд гаргасан санаачилгыг анхааралтай ажиглаж, идэвхтэй оролцох байр суурь баримталдаг.
Манай улс “Бүс ба зам” санаачилгыг дэмжсэн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, мөн “Бүс ба зам” санаачилгад хамрагдаж буй улс орнуудын залуу диломат, судлаачдын бүтээлийг дэмжих зорилго бүхий “Энх тайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөөх шагнал”-ыг бий болгох санаачлагыг тус тус дэвшүүлсэн.
Чуулганы дарга аа,
Өнөөдөр дэлхий дээрх цөөнгүй тооны зэвсэгт мөргөлдөөн, зөрчил тэмцэл, алан хядах ажиллагааны гол шалтгаан нь иргэншил, шашин хоорондын зөрчил байгаатай хэн ч маргахгүй биз ээ.
Монгол бол хэдэн мянган жилийн түүхэндээ шашны болоод үндэстэн хоорондын дайн гаргаж байгаагүй цөөн улсын нэг юм. Тэртээ 812 жилийн өмнө байгуулагдсан Их Монгол улсад хуулийг бүхнээс дээр тавьж, шүтэж бишрэх эрх чөлөөг хөхиүлэн дэмждэг, христ, лал, күнз, буддын сургаалтнууд тэгш эрхтэй, үзэл сурталын дайнгүй зэрэгцэн оршдог байжээ.
Өөрөөр хэлбэл, Монголын эзэнт гүрэн нь бүх шашныг хүлцэх, хүндлэх асар том бүс нутаг байсан нь өнөөгийн ертөнцөд маш сургамжтай юм.
Хожмоо XX зууны “хүйтэн дайн”-ы үед ч монголчууд 1969 онд анх байгуулагдсан Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын хүрээнддаян дэлхийд энх тайвныг тогтооход олон улсын бурхны шашинтнуудын дуу хоолойг нэгтгэхийн төлөө, үзэл суртлын талцал хуваагдлын эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж тодорхой үр дүнд хүрч байсан юм.
Эдүгээ Азийн Буддистуудын энх тайвны бага хурал шиг яриа хэлэлцээний механизмын орон зай үгүйлэгдэж байна.
Тиймээс бид НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлд зөвлөх статустай Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын үйл ажиллагааг бүс нутаг болон олон улсын түвшинд дахин идэвхжүүлэх, Зүүн Хойд Ази болон Төв Азийг холбож буй улсын хувьд Шашны эрх чөлөөний чуулганыг ирэх онд өөрийн эх орондоо зохион байгуулах санал, санаачилга гаргаж буйгаа НҮБ-ын индэр дээрээс мэдэгдэж байна.
Бидний санал, санаачилга өнөө цагийн энх тайвны соёл, бусдын шашныг хүлцэх, шашин шүтлэгийн эрх чөлөөний хөгжлийн шинэ өрнөлд бодит хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна.
Чуулганы дарга аа,
Манай улс бол үндэсний түвшний Тогтвортой хөгжлийн зорилтуудыг түүчээлж баталсан орны нэг юм. 2016 оны 2 дугаар сард баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д Монгол Улс 2030 он гэхэд ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн юм.
Бид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг үндэсний хөгжлийн бусад бодлого, баримт бичгүүдтэй уялдуулж, богино, дунд хугацааны төлөвлөгөө, хөтөлбөрт хуваан үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна.
Түүнчлэн хөгжлийн санхүүжилтыг баталгаажуулахын тулд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх, олон талыг хамарсан ажлын хэсгийн судалгаанд үндэслэн Тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний түвшний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлон батлах чиглэлээр ажиллаж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого давж биеллээ.
Гэвч Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай, түүхий эдийн үнэ ханшийн өөрчлөлтөд мэдрэмтгий тул эдийн засгийн өсөлт урт хугацаанд тогтвортой бус, хэлбэлзэл ихтэй байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг тогтворгүй болгох, түүхий эдийн үнэ ханш буурсан жилүүдэд хөрөнгө оруулалт буурах зэрэг бодит эрсдэлүүдийг бий болгож байна.
Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралд шууд тусгалаа олохгүй байгаа нь манай Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэг сорилт юм.
Тухайлбал, эдийн засгийн өсөлтийн дүнд ажилгүйдэл бага зэрэг буусан авч ядуурал буурахгүй байна. Тиймээс Засгийн газрын хөтөлбөрүүд, салбарын төлөвлөлт зэрэгт баян, ядуугийн ялгааг багасгах, ядуурлыг бууруулахтай холбоотой зорилтуудыг заавал тусгах, төр – хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, орлого багатай өрхүүдийг цахим бүртгэл, судалгаанд бүрэн хамруулахыг зорьж байна. [Мөн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах салбар дундын үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага гарч байна.
Чуулганы дарга аа,
Энэ жил хүний эрхийн түүхэн дэх хамгийн чухал баримт бичиг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож байна.
Манай улс эл тунхаглалын үзэл санаан доор хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр их хүчин чармайлт гаргаж амжилтад хүрсэн ба сүүлийн жилүүдэд жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүний наймаа болон мансууруулах бодисын аюултай тэмцэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зэрэг асуудалд онцгой ач холбогдол өгч ирлээ.
Монгол Улс 2016-2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж, хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр эрх, эрх чөлөөг бүрэн эдэлж болохуйц нийгмийн болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэйг заасан байдаг. Дүрвэгч, шилжин суурьшигчдын асуудлаарх 2016 оны Нью-Йоркын тунхаглалын мөрөөр гишүүн орнууд шилжин суурьшигчдын асуудлыг хоёр жилийн турш нухацтай хэлэлцсэн.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан түүхт 70 жилийн ойн өдөр Марракеш хотноо батлагдах гэж буй Аюулгүй, дэг журамтай, хэвийн шилжин суурьшигчдын асуудлаарх дэлхий нийтийн гэрээ нь шилжин суурьшигчдын эрхийн хамгаалалд ахиц дэвшил авчрах чухал баримт бичиг болно гэж бид итгэж байна.
Дэлхий дээрхшилжин суурьшигчдын тоо сүүлийн хориод жилд эрс нэмэгдсэн ба энэ байдал цөөн хүн амтай, Зүүн Хойд Азийн өндөрлөг газарт оршдог манай улсыг ч тойрч гараагүй.
Ажилгүйдэл, ядуурал зэрэг шалтгаанаар дотоод, гадаадын шилжин суурьшилт нэмэгдэж байна.
Манай улсын хувьд 1990-ээд оноос хойш хөдөө, орон нутгаас хот, сууринг чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж, 2017 оны байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 45 хувь нь оршин сууж, хүн амын цэвэр өсөлт 22.3 хувьд хүрлээ.
Нийслэл хотод ядуурал, ажилгүйдэл, эрүүл мэндийн үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн хүртээмж, агаарын бохирдол зэрэг нийгмийн асуудлууд бусад газраас илүү хуримтлагдаад байна.
Монгол Улсын иргэдийн боловсролын түвшин харьцангуй өндөр бөгөөд 2018 оны улсын төсвийн хоёрдахь том багц нь боловсролын салбарын төсөв байгаа нь төр засгаас хүний хөгжилд байнга тэргүүлэх ач холбогдол өгч ирсний илрэл юм.
Гэвч сургуулийн хүртээмж, чанар нь хүн амын өсөлт, хотжилтын хурд, орчин үеийн боловсролын жишиг, стандартыг тэр бүр гүйцэхгүй байна.
Хөдөөгийн хүн амын нягтрал буурч, сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт улам бүр багасч байхад, хотод байдал эсрэгээрээ байна. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод иргэдтэй хийсэн уулзалт дээр нэгэн иргэн өвөл Цельсийн хасах 20-25 хэмийн хүйтэнд 10 гаруйхан настай хүүхэд нь үдшийн 9 цагт гуравдугаар ээлжид орсон хичээлээ таран, сургуулийн автобус байхгүй учир харанхуй гудамжаар гэр рүүгээ явган алхаж ирдэг тухай ярьж байсныг би сэтгэл эмзэглэн санаж явдаг.
Нийслэлд цэцэрлэг хүрэлцэхгүй, захын дүүргийн олон сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, өрхийн эмнэлгийн ачаалал хэтэрч, агаарын бохирдол хүний эрүүл мэндэдсөргөөр нөлөөлж, улсын хэмжээний нийт ажилгүй иргэдийн гуравны нэгээс илүү хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа зэрэг олон асуудлыг Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд 2030 он гэхэд үе шаттайгаар шийдвэрлэх ажлыг Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байна.
Түүнчлэн манай улсын нийт хөдөлмөрийн насны иргэдийн 5 орчим хувь нь гадаад улсуудад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэдний эрүүл мэнд, нийгмийн даатгал, давхар иргэншил зэрэг асуудлыг цогцоор шийдвэрлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал бидний өмнө тулгамдаж байна.
Чуулганы дарга аа,
Энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн асуудлын зэрэгцээ өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа бас нэг том сорилт асуудал бол уур амьсгалын өөрчлөлт билээ.
Парисын гэрээг дэлхийн 179 орон соёрхон батлаад байна. Гэвч хэрэгжилт хангалтгүй, улс орнуудын хамтын үүрэг хариуцлага сул хэвээр байна. Иймд энэ асуудлыг хянан хэлэлцэх Дээд хэмжээний уулзалтыг 2019 оны 9 дүгээр сард зохион байгуулах Ерөнхий нарийн бичгийн даргын саналыг бид цагаа олсон арга хэмжээ гэж талархан дэмжиж байна.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар нь дэлхийн бүх улс үндэстнүүд, түүний дотор нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд илүү хурц мэдрэгдэж эхлээд байна.
Үүнтэй уялдуулан Монгол Улсын санаачилга, манлайллаар Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь өнгөрсөн тавдугаар сард албан ёсны нээлтээ хийснийг цохон дурдахыг хүсч байна.
Далайд гарцгүй хөгжиж буй 32 орныг төлөөлсөн анхны Засгийн газар хоорондын байгууллага болох Олон улсын судалгааны төв нь эдгээр орны нийтлэг бэрхшээл, эрх ашиг, байр суурийг хамгаалах, олон улсын худалдаанаас хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг бүхий бодлогын судалгаа, эрдэм шинжилгээ, төслийн ажлуудыг гүйцэтгэх бөгөөд та бүхнийг энэхүү төвийн үйл ажиллагааг дэмжиж, бидэнтэй урьдын адил хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлтэй хөдөө аж ахуй, уул уурхайгаас ихээхэн хамааралтай эдийн засаг бүхий манай улсад газар хөдлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ой хээрийн түймэр зэрэг үзэгдлийн хамрах хүрээ, давтамж, түүний сөрөг үр дагавар нэмэгдэж байна.
НҮБ-ын Уур амьсгалын долоо хоногийн арга хэмжээний хүрээнд уур амьсгалын ийм өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлж буйг, бусдад бас яаж нөлөөлж болохыг сэрэмжлүүлсэн “Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг зохион байгуулж байгааг та бүхэнд энэ дашрамд сонордуулахыг хүсч байна.
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө
Дэлхийн улс үндэстнүүд бүгдээрээ нэг итгэлцэл дор нэгдмэл байж, одоо болон ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгож, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдал, эрх чөлөө, тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтээрээ хамтдаа хүчин зүтгэхийг НҮБ-ын эрхэм индэр дээрээс уриалж байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.