Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн тэмдэглэлт ойг угтаж, “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан цэргийн нэгэн бүсгүйг онцолжээ.
Олон зуун энхийг сахиулагч бүсгүйчүүдийн алдар гавьяа, амжилт үйлсээр бахдан бахархаж буй энэ цаг үед онцлох ёстой эмэгтэй бол яахын аргагүй Монгол Улсын хамгийн анхны эмэгтэй энхийг сахиулагч, хурандаа Н.Нямжаргал билээ.
Тэрбээр 2006 онд ахмад цолтой байхдаа НҮБ-ын Баруун Сахар дахь MINURSO энхийг сахиулах ажиллагаанд нэг жилийн хугацаатайгаар цэргийн ажиглагчийн үүргээ амжилттай гүйцэтгэснээрээ эмэгтэй цэргийн алба хаагчдын зам мөрийг нээсэн анхлан нээсэн гавьяатай билээ.
Түүний нээсэн тэрхүү зам мөрөөр 2006 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд манай улсын 800 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Өдгөө манай улсын хувьд НҮБ-ын шугамаар ажиллаж буй дэлхийн 126 улсаас нийт энхийг сахиулагчдынха тоогоор 26, эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоор 17 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Хамгийн сонирхолтой нь хурандаа Н.Нямжаргал өнөөдөр ч Монгол Улсын Зэвсэгт хүчин төдийгүй Монгол Улсдаа тодоор бичигдэх түүхийг бичиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт удирдах албан тушаалыг хашиж буй цэргийн алба хаагч нь бас л хурандаа Н.Нямжаргал. Тэрээр өдгөө НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албанд Гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх багийн даргын албыг хашиж байна. Энэ алба нь энгийнээр тайлбарлахад, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цагдаа, энгийн алба хаагчдын сургалтыг хариуцдаг бөгөөд НҮБ-ын гишүүн 193 орон, тэр дундаа цэрэг, цагдаа илгээгч 100 гаруй оронтой холбогдож ажилладаг хамгийн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг Монгол бүсгүй гүйцэтгэж байна гэсэн үг.
Зэвсэгт хүчиндээ олон зүйлд анхдагч нь болж, эмэгтэй энхийг сахиулагчдын зам мөрийг нээж, өдгөө дэлхийн түвшинд үүрэг гүйцэтгэж байгаа хурандаа Н.Нямжаргалаар бид бүхэн цаг ямагт бахархах учиртай.
Өмнө нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны төв штабт анхны монгол офицер ажилласан нь хурандаа Г.Болор байсан бөгөөд ийм л бахархал дүүрэн бүсгүйчүүдээр Монгол Улсын Зэвсэгт хүчин баян билээ.
Одоо ч тэдний бахархам үйл хэргийг үргэлжлүүлэх олон мөрдэстэй бүсгүйчүүд бэлтгэгдсээр байгаа биз ээ. Хурандаа Н.Нямжаргал сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний мөрдэстэй бүсгүйчүүдийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн байдлыг нь дээшлүүлэх талаар санаачилгатай ажиллаж байсныг нь мөн дурдах учиртай. НҮБ-д монгол цэргүүд зөвхөн энхийг сахиулах ажиллагаанд оролцоод зогсохгүй удирдах албан тушаал хашиж байгаа нь өөрөө маш том амжилт юм. Магадгүй энэ зам мөрийг урьдын адил түүнийг нээнэ гэдэгт нь ч эргэлзэхгүй байна.