Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

НӨАТ-ын буцаалтыг нэмэх гэсэн биш сугалаагаа хасуулаад НДШ-ээ өөрийнхөөсөө гадна өрөөлийнхийг төлөөд дуусах нь ээ DNN.mn

Саяхан төв талбай дээр залуус төр засгийг ажлаа хийхийг шаардаж нийтээрээ эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсан. Уг жагсаалын үеэр залуус 15 шаардлагыг Засгийн газарт тавьсан. Тэрхүү шаардлагын хамгийн гол зүйл нь НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх, мөн Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийг бууруулах тухай байлаа. Монголд НӨАТ-ын систем 1997 онд анх нэвтэрсэн байдаг. Тухайн үед 15 хувьтай хэрэгжиж байсан бол 2006 оноос 4:10 системд орох төсөв, эдийн засгийн боломжийг үүсгэж 10 хувьтай болсныг бид мэдэж байгаа. Харин 2015 онд НӨАТ-ын систем шинэчлэгдэж иргэдэд хоёр хувийн урамшуулал буюу манайхны хэлдгээр И-баримтын систем нэвтэрч эхэлсэн. Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байх үе буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед НӨАТ-ын тухай хуулийг шинэчлэн боловсруулж баталсан.

Үндсэндээ Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар эдийн засагт томоохон эргэлт гарч, тухайн үедээ 34.7 их наядын хөрөнгө ил болж далд эдийн засаг хумигдсан. Мөн сүүлийн үеийн хүнд нөхцөлд багагүй түлхэц болж буйг эдийн засагчид хэлдэг. Тэгвэл сая жагссан залуучууд НӨАТ-ын буцаалтын хоёр хувийг 10 хувь болгоё, тэгж байж ард иргэд энэ их үнийн өсөлтийг давж гарна. Энэ чигээрээ байвал бид Монголд амьдрах ямар ч боломжгүй, үнэхээр сөхөрч туйлдаж гүйцлээ гэдгээ маш тодорхой илэрхийлсэн. Хэрвээ НӨАТ-ын буцаалтыг 10 хувь болговол И-баримтын сугалаагаа больё гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам залуучуудын энэхүү шаардлагыг дуртай гэгч нь хүлээж аваад И-баримтын сугалааг болиулаад, харин хамгийн ихээр хүсэн хүлээж байсан НӨАТ-ын буцаалтыг нэмэх боломжгүй гэж үзэн хоёр хувьд нь хэвээр байлгах шийдвэр гаргасан. “Бид Монголдоо амьдрах нөхцөлгүй боллоо” гэж чин үнэнээ хэлсэн залуусын өөдөөс Монголын төр ийнхүү нулимлаа.

НӨАТ-ын буцаалтын хоёр хувийг нэмэх боломжтойг эдийн засагчид, улстөрчид судалгаа тооцоог үндэслэн хэлдэг. “Ковидын дараах эдийн засгийн энэ хүнд нөхцөлд НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувьд барих биш 4, 5, 6, 8 хувь руу шаталсан маягаар оруулах боломж бүрэн бий. Үнэнийг хэлэхэд, НӨАТ бол маш харгис татвар. Иргэд цалингаасаа даатгал, татвар бүх зүйлээ төлснийхөө дараа дэлгүүрээс худалдан авалт хийхэд дахиад 10 хувийг нь суутгаж авдаг ийм харгис татвар. Иймд иргэдийн төлдөг НӨАТ-ын 80 хувийг буцааж олго гэдэг шаардлагыг би Засгийн газарт тавьсан. НӨАТ-аар одоо хоёр хувь буюу 160 тэрбумыг буцааж олгож байна. Хэрвээ найман хувь буюу 80 хувийг нь буцаан олговол 640 тэрбум төгрөг болно. Үүнийг манай Сангийн сайд огтоос ойлгохгүй байна. Төсвийн орлого тасарна гэж коммунист зангаараа бодоод байна” гэж эдийн засагч Б.Лхагважав хэлсэн.

Мөн тэрээр “Манай МАН-ынхан бол НӨАТ-ын философийн үндсэн утгыг ойлгоогүй нөхдүүд. Тиймдээ НӨАТ-ын хар машиныг устгах, бүртгэлийн системийг нь байхгүй болгох гэж дайрцгаадаг. Ер нь тэгээд Ардчилсан намынхан санаачилсан, өмнөх хүмүүс хийсэн гэдэг утгаар муйхраар ханддаг л даа. Эдийн засагт ямар том боломж гарч байгааг хардаггүй. Иргэдэд НӨАТ-ын буцаан авалтыг нэмж өгөх тусам аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, гаалийн орлогын албан татвар гээд бусад татваруудын орлого 25-30 хувь нэмэгдэж биелж байдаг. Татварын орлого давж биелж байгаа нь НӨАТ-ын үр дүн гэдгийг МАН-ынхан мэддэггүй. НӨАТ эхлэхэд 1600 кассын машин л байсан. Одоо 220 мянган кассын машин ажиллаж байна. Ийм дэвшил гарсан” гэсэн бол Их хурлын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын буцаалтын хоёр хувийг дөрвөөс таван хувь болгох боломжтой гэж үздэг. Энэ тухайгаа “НӨАТ-ыг таван хувь болгох, буцаан олголтыг 40 хувь болгох хуулийн төслийг Засгийн газар эсэргүүцэж байгаа. Төсвийн орлого багасна гэж үзээд байгаа. Би энэ хуулийг боловсруулахдаа судалгаа хийсэн. Өнөөдөр манайд 130 мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 80 хувь нь НӨАТ төлөгч байгаа юм. Хэрвээ таван хувь болгочихвол үлдсэн 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ. Үүнээс гадна гуравхан хувийн татвар төлөх учраас зах худалдааны төвийн худалдаачид янз бүрийн байдлаар худалдаа үйлчилгээгээ нууж байхаар хэл амгүй НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр татварын бааз суурь нэмэгдэнэ” гэдгийг сүүлийн хоёр жил ярьж байгаа ч үр дүнд хүрсэнгүй.

Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Бразил улс 15 хувийн НӨАТ-тай. Иргэддээ 1 хувийн буцаан олголт өгдөг” гэж ярьж байна лээ. Монголд өнөөдөр иргэдийн гар дээрээ авч байгаа цалин ямар байгаа билээ. Дээрээс нь үнийн өсөлт, улс орны эдийн засаг ямар байгаа билээ. Тэгэхэд ард түмнээ, ядарч сөхөрсөн олноо даапаалж байгаа юм шиг Монголоо Бразилтай жишиж ярьж буйгаасаа Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн ичих хэрэгтэй. Мөн Б.Жавхлан сайд “НӨАТ-ыг хөдөлгөхгүй” хэмээн тас гүрийж манай 10 хувь өндөр биш гэж хэлсэн нь яваандаа Ардын намынхан энэ хэрээрээ төр баривал НӨАТ 15 хувь, харин буцаан ойлголт ердөө нэг хувь болох аюул нүүрлэх юм байна. Сангийн яамныхны шүдээ зуусан байдлаас харахад тэгж ойлгогдож байна. Эрх баригч Ардын нам “Бид эх орондоо амьдармаар байна” гэж жагссан залуусынхаа тавьсан шаардлагад ийм хариу барьж, хэлсэн ярьсан тохирсноосоо хоёр ч хонохгүй буцаж, итгэсэн олноо амаар нь шороо үмхүүллээ.

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж мөн л жагсаал хийсэн залуусыншаардлагыг хэлэлцэж байна гэх нэрээр НДШ-ийн дүнгийн 50 хувийг он дуустал төрөөс буцаан олгох шийдвэр гаргалаа гэж шоудсан. Анх ажил эрхэлж буй хүн бүрийн төлдөг НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно гэж олон түмэнд ойлгуулсан ч ачир дээр нэг сая төгрөгөөс доош цалинтай ажилтны 50 хувийг буцаахаар тодотгосон нь ард түмнээрээ зүгээр доог тохуу хийдгийнх нь ээлжит ажиллагаа боллоо гэж харахаар. Өнөөдөр 1 сая төгрөгөөс доош цалинтай хүн Монголд ховорхон. Цалингийн дундаж хэмжээг 1.1 сая төгрөг гэж Статистикийн хорооноос мэдээлсэн. Тэгэхээр дундаж цалингаас доош орлоготой хүмүүсийн НДШ-ийн 50 хувийг буцааж өгөх нэр зүүж байгаа юм байна. Нэг ёсондоо байхгүй хүмүүсийн цалинд буцаалт хийх бололтой. Байгаа цөөхөн нь их цалинтай хүмүүсээр НДШ-ээ төлүүлж байна гэсэн үг юм. НӨАТ-ын буцаалтыг нэмэх гэсэн биш сугалаагаа хасуулаад НДШ-ээ өөрөөсөө гадна бусдынхыг төлөөд дуусах нь ээ хэмээн учир мэдэх хүмүүс харамсан халаглаж байна.

Ардын намынхан минь ээ, төр засаг минь ээ, та хэд ард түмнээ дарлах, басамжлаж тохуурхах доромжлох чинь арай хэтэрч байна. Яагаад ард иргэдээ ингэж хууран мэхлэж, худлаа өнгөн далдалт хийж хуудуугүй, хуншгүй харгис зан гаргадаг юм бэ. Их цалинтай хүмүүсийн НДШ, НӨАТ-ыг буцаавал чинээлэг давхаргыг дэмжсэн болох гээд байна гэх юм. Уул нь ард иргэд чинь таван цаастай л болж байвал та хэд рүү бархирах чинь багасах юм биш үү. Улаанбаатар хотод төдийгүй хөдөө орон нутагт, аймаг аймгийнхаа төв талбайд лоозон барьж жагссан залуусын итгэл горьдлогыг ингэж хуурч байгаа хэрэг үү. Хүүхдийг чихрээр хуурдаг шиг ингээд хуураад өнгөрнө гэвэл ёстой горьдсоны чинь гарз болно. Монголын ирээдүй, залуу хойч та бүхэнд удахгүй дүнг чинь тавих болно.

ХНХ-ын сайд А.Ариунзаяагаас П.Анужин гишүүн асуусан байна лээ. “Энэ оныг дуустал НДШ-ийн 50 хувийг буцаана гэдэг түр зуурын амь аргацаасан явдал. Бид мах гурилын үнийг тогтворжуулах гэж түр зууртаа ийм арга хэмжээ авлаа. Ингэснээр бид ажил хийх хүсэл эрмэлзэлтэй хүнийг ажил хийх сонирхолгүй болголоо. Яагаад ажил олгогчдоос НДШ-ийг хөнгөлөх талаар нэг ч өгүүлбэр байхгүй байна вэ. Хэн ажил хийх юм бэ” гэж тун углуургатай асуусан байсан. Тэгэхээр Монголын төр, эрх баригч Ардын нам ард түмнээ ялгаварласан, аж ахуйн нэгжүүдийн амийг чангаасан, тэдэнд дарамт болсон энэхүү шийдвэрээ одоо зогсоох хэрэгтэй. НӨАТ-ын буцаалтыг 2 хувьд барих биш 10 хувь болго, НДШ-ээ бууруул. Урд хөрш нь хаалттай, хойд хөрш нь дайнтай, өөрсдөө өвчин зовлон ковидтой энэ улс орноо, аж ахуйн нэгжүүдээ татварын дарамтаас чөлөөл. Ганц ч татвар нэмэхгүй гэж сонгуульд орсон Ардын нам сүүлийн арваад жил засаглахдаа татварыг нэмсээр одоо 40 гаруй хувь болж энэ улс оронд аж ахуй эрхлэх боломжгүй болгосон. Дээрээс нь үйлдвэр аж ахуйн нэгжүүдээ улам л чангалаад, өширхөн дайсагнаад байдаг нь ямар учиртай юм бэ. НДШ-ийн 50 хувийн хөнгөлөлтөд хамгийн түрүүнд аж ахуйн нэгжүүдээ хамруулж цусны эргэлтээ бага ч болов явуулахаа бодох ёстой юм биш үү. НӨАТ-ыг яагаад бүгдийг нь буцааж болохгүй байгаа юм бэ. Улс орон чинь үнэндээ дампуурч гүйцлээ шүү дээ.

Д.БАТБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *