Categories
мэдээ нийгэм

“Новости Монголии” сонин “Миний мэдэх Орос орон” уралдааны шилдгүүд тодорлоо

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагиас эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонины санаачилгаар Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ хамтран анх удаа Орос хэлний сургалттай сургуулиудын сурагчдын дунд “Миний мэдэх Орос орон” зохион бичлэгийн уралдааныг өнгөрсөн гуравдугаар сард зарлан зохион байгуулсан юм. Тэгвэл тус уралдаанд оролцож тэргүүлсэн сурагчдыг өнөөдөр МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хүлээн авч, шагналыг гардууллаа.
Арга хэмжээнд МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Евгений Иванович Лиштованый, Монгол судлаач Юрий Кручкин, ЭСЯ-ны хэвлэлийн атташе Ксения Панкова болон МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий редактор Н.Лхагвасүрэн, “Новости Монголий” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ю.Дэлгэрмаа нарын албаны хүмүүс оролцсон юм.

Уралдааны хөндлөнгийн шүүгч, Монгол судлаач Юрий Кручкин сурагчдад Германы Канцлер Ангела Меркель, АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама нарын алдартай хүмүүс Орос хэл сурч ажил, амьдралдаа нэвтрүүлж, амжилтаа ахиулсныг тодотгов.


Орос хэлний сургалттай сургуулиудын 11-12 дугаар ангийн сурагчдын дунд зохиогдсон эл уралдаанд нийт 49 хүүхэд оролцсноос ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх 14 дүгээр сургуулийн 11 А ангийн сурагч Н.Энхдөлгөөн тэргүүлж нэгдүгээр байрт шалгарлаа. Шагналыг МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг гардуулан сурагч Н.Энхдөлгөөнд амжилт хүсэв.
Удаах байранд Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургуулийн сурагч Н.Саран, гуравдугаар байрт “Руссая гимназия” үлгэр жишээ дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ундаръя нар шалгарсан бөгөөд шагналыг ОХУ-ын ЭСЯ-ны яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Евгений Иванович Лиштованый, Монгол судлаач Юрий Кручкин нар гардууллаа.
Уралдаанд тэргүүлсэн 14 дүгээр сургуулийн 11 А ангийн сурагч Н.Энхдөлгөөн, “Тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Амьдралын маань нэгэн шинэ үе эхэлж байна. Орос хэлийг 8 наснаас эхлэн сурсан. Энэ утгаараа орос хэл миний амьдралын нэгээхэн хэсэг юм” гэв.

МОНЦАМЭ агентлаг ОХУ-ын ЭСЯ-тай хамтран “Миний мэдэх Орос орон” уралдааныг үргэлжлүүлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. Мөн тус агентлагаас таван хэлээр эрхлэн гаргадаг сонинуудын нэрэмжит зохион бичлэгийн улсын уралдааныг жил бүр зохион байгуулж өргөжүүлнэ хэмээн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг мөн үеэр онцлов.

Тухайлбал “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 21 дэх жилдээ зохион байгуулаад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *