Ноос, ноолуурын үйлдвэрийн программистуудад олгодог сертификатыгманайхан Монголдоо авч эхэллээ.
Энэхүү боломжийг Дэлхийн банкны “Экспортыг дэмжих” төслийн санхүүжилтээр Японы “Шима Сеики” компанийн зүгээс олгож байна. Тодруулбал, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн сургалтын төвд “Шима Сеики” компанийн сүлжмэлийн автомат машины удирдлагын AПЕКС 3-3 дизайн системийн ахисан түвшний сургалтаар Монголын программистууд гадаадад олгодог сертификатыг дотооддоо авч байна. ШУТИС-ийн сургалтын төвд суурилагдсан тоног төхөөрөмжийн хүчин чадалд үндэслэн “Шима Сеики” компанийн зүгээс дээрх сургалтыг анх удаа гадаадад явуулж байгаагаараа онцлог юм гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байна. Сургалтаар АПЕКС дизайн системийн сүүлийн үеийн өргөтгөл болох “DSCS” (Digital stitch control system), “Package software” программыг ноолууран бүтээгдэхүүн экспортлогч үйлдвэрүүдийн мэргэжилтнүүдэд эзэмшүүлж байна. Энэ сургалтаар олгосон мэдлэгийг үйлдвэрийн мэргэжилтнүүд Японд очиж суралцдаг байсан бол ШУТИС-ийн тус сургалтын төвд суралцагчдад “Шима Сеики” компанийн “Тотал дизайн центр”-ээс олгодог албан ёсны дугаар бүхий сертификатыг олгож байна.