Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Зуун жилийн ганцаардал”

Зохиолч Габриель Гарсиа Маркесын утга зохиолын Нобелийн шагнал авсан “Зуун жилийн ганцаардал” хэмээх номыг та бүхэндээ ярьж өгье. Эл ном нь Маркесын хамгийн алдартай бүтээл бөгөөд дэлхийн олон оронд бестселлер болж, чухам түүний нөлөөгөөр Латин Америкийн уран зохиолыг дэлхийд дэлгэрсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Маркес уг бүтээлээрээ 1982 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд 2002 онд Норвегийн Номын клуб “Зуун жилийн ганцаардал” романыг “Дэлхийн шилдэг 100 зохиол”-ын нэгээр нэрлэжээ. Нэрнээс нь болоод ч тэр үү, уг номыг хүмүүс философилог, ганцаардлын тухай ном гэж боддог. Гэхдээ яг уншаад үзэхэд хүмүүсийн боддогоос огт өөр өгүүлэмж, илэрхийлэлтэй юм билээ.

Тэрээр энэхүү номоо бичихдээ уран зохиолын шидэт реализм хэмээх төрлөөр бичсэн. Зохиолын тухай товч дурдвал ид шид, зүүд, дүрүүд ерөөс Макондо тосгоны амьдрал тэр чигээрээ бидний амьдрал мөн чанарыг өгүүлсэн мэт.

Буэндиа хэмээх нэгэн удмын гэр бүл Макондо гэх суурингийн үндсийг хэрхэн тавьж, өсөж хөгжиж, эцэст нь хэрхэн мөхөж буй тухай үйл явдлыг зуун жилд буюу тэрхүү гэр бүлийн зургаан үеэр харуулна. Энгийн нэгэн гэр бүлийн амьдрал, эгэл жирийн л нэг тосгоны тухай түүх мэт боловч уншигч чухам эндээс л Буэндийн гэр бүлийнхний дүр болгоны өвөрмөц онцлог, бодит байдалтай нь нягт уялдан холбогдсон ид шидийн гэмээр адал явдал, Макондо хэмээх зохиомол тосгоноор харуулсан улс төр, дайн, колоничлол, соёл гэх мэтээр бидний огт мэддэггүй Латин Америкийн аж байдлыг гайхамшигтай харуулсныг мэдрэх боломжтой. Буэндийн гэр бүлийн эрчүүд үргэлж хамаатнууддаа татагдан үеэлүүдтэйгээ гэрлэх гэх мэт сонин, содон үйл явдлууд их бий.

Ерөнхийдөө Буэндийн удмынхны бүх зөгнөл Мелькайдес хэмээх нэгэн цыган эрийн гараар бичигдсэн байдаг нь хамгийн сонирхолтой. Мөн Хосе Аркадион эхнэр Урсулагийн “Цаг хугацаа урагш явдаг бус тойргоор явдаг, нэг л тойргоор эргэж байдаг” гэсэн энэхүү үгэнд үйл явдлын гогцооны тайлал оршиж байх шиг.

Зэвсэгт үймээн дэгдээж, босогчид удирдан насан туршдаа тэмцсэн ч юуны төлөө ийн явснаа эцсийн мөчид ойлгох хурандаа Аурелиано, энэ хүүхдийг юугаар ч дутаалгүй өсгөсөн хэмээн бодох ч эцэст нь эргэн тойрон дахь амьдралаасаа аль хэдийнэ залхаж, өөрөө өөрийгөө бий болгосон Хосе Аркадио, юунд ч үл ганихран ганцаар тэнүүчлэх үзэсгэлэнт Ремедиос гээд өөр өөрийн ертөнцдөө амьдрах дүрүүд.

Бодит байдал ид шид нь ялгагдахгүй үйл явдлуудтай, олон адилхан нэрэн дотор төөрөөд ойлгоход хэцүү гэсэн ядруухан төсөөлөлтэй энэхүү номыг эхлүүлж байлаа. Баялаг нарийвчилсан өгүүлбэр, олон дүр, ээдрээтэй хүүрнэл бүхий энэхүү зохиолыг уншихад тийм ч амар биш. Гэхдээ зохиолд гарах хайр дурлалын түүх, иргэний дайн, улс төрийн нууц явуулга, дэлхийг тойрон адал явдал эрэгчид тоогоо алдсан Аурэлиано нэртэй дүрүүд номыг үнэхээр гойд бахдам бүтээл гэдгийг мэдрүүлэх аж. Эхний уншилтаар тэр болгоныг олж харж чадаагүй тул дахин заавал унших хэрэгтэй юм байна гэсэн бодолтойгоор номоо дуусгалаа.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *