Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Вирусийн ертөнцөөр аялахуй DNN.mn

“Нэпко паблишинг”-аас орчуулан гаргасан “Вирусийн ертөнц” гэдэг тунчиг сонирхолтой нэгэн номын тухай товчхон бичье гэж бодлоо. “Зугаатай ч гэмээр, аймшигтай ч гэмээр энэ номыг хүн бүхэнд ойлгомжтой хэлбэрээр бичжээ” гэх тодотголтой эл бүтээлийг Еэлийн их сургуульд шинжлэх ухаан байгаль орчны талаарх хялбарчилсан зохиол хэрхэн бичих тухай хичээл заадаг, алдартай нийтлэлч Карл Циммэр хэмээх эрхэм бичжээ. Дэлхийн нийт хүн амын бараг долооны нэг шахуу нь вирусээс гаралтай архаг болон цочмог өвчнөөр өвддөг аж. Цагаан цэцэг мэтийн зарим өвчнийг үүсгэгч вирус нь устаад үгүй болсон ч гэлээ өөр өөр төрлийн вирусийн гаралтай өвчнүүд шинээр гарч ирсээр байдаг. Эдгээр нь хүн төрөлхтний хувьд хэцүүхэн асуудлын нэг хэвээр байсаар байгаа юм.

Вирус гэгч өчүүхэн жижиг биетийн талаарх чухал, чухал зүйлсийн талаар эрдэмтэд ХХ зууны эхэн үе хүртэл төдийлөн сайн мэддэггүй байж. Тухайн үед вирус судлал хэмээх салбар дөнгөж л хөгжих эхлэлээ тавьж байсан үе. Эрдэмтэн судлаачид ч айхтар өвчин үүсгэдэг вирусүүдийг л онцгойлон анхаарч судалж байснаас бусдыг нь төдийлөн анхаарч авч үздэггүй байжээ. Харин вирус гэгч нь өөрийн гэсэн агуу том ертөнцтэй эд юм аа гэдгийг дэлхийн нэгдүгээр дайны үед л Фредрик Творт, Феликс Д Эрель гэдэг хоёр эмч тун санамсаргүйгээр нээжээ.

Их нээлтүүд заримдаа алдаа шиг санагдах үе байдаг гэнэ. Гэвч энэ нь зөвхөн эхний үедээ л шүү. 1986 онд Лита Проктор гэх нэгэн эрдэмтэн далай тэнгисийн усанд хэр зэрэг олон вирус байдаг тухай судалгаа хийж үзэхээр шийджээ. Тухайн үед далайн усанд вирус байдаггүй гэж дэлхий нийтээрээ боддог байж. Учир нь далайн уснаас вирус хайгаад олж чадаагүй, ганц нэг олдсон нь хуурай газраас усны хоолойгоор дамжин орсон байж таарна гэж үздэг байж л дээ. Тиймээс тэнгис далайн усанд вирус яг байдаг уу, үгүй юү гэдэг дээр судлаач эрдэмтэд нэгдсэн ойлголтгүй байсан байх нь.

Проктор судлаач энэ тэрүүгээр аялж, Карибын тэнгис, Саргассын тэнгисээс дээж аваад лабораторидоо боловсруулж, шинжилтэл вирусийн бүхэл бүтэн ертөнц тэнд бужигнаж байх нь тэр. Хөвж яваа вирусүүд бүр нянгийн дотор үржээд, тэндээ нуугдасхийгээд байж байгаа үй түмэн вирусийг олж харжээ. Мөнөөх судлаач маань өөрийн шинжилсэн дээжид байх вирусийг тоолоод, литр усанд байх тоог нь гаргажээ. Тэгээд тэнгисийн ганцхан литр усанд байх вирусийн тоог зуун тэрбум гэж тоолсон байх юм. Аймшигтай их тоо байгаа биз.

Бид гадаад дотоодод аялж зугаалж явахдаа далай тэнгисийн усанд ордог. Тэр үедээ тэрбум тэрбум вирусүүдтэй “найзалдаг” болж таарлаа. Хэрэвзээ тэнгис далайн их усанд байгаа бүх вирусийг цуглуулаад жигнэж үзэх аваас даруй далан таван сая цэнхэр халимтай тэнцэхүйц жин татна. Бас тэдгээр вирусийг цувуулаад тавилаа гэж бодоход 42 сая гэрлийн жилтэй тэнцэхүйц урт болно гэж тооцоолжээ. Тэгэхээр ямар агуу ертөнц вэ гэж уулга алдахаар байгаа биз. Далай тэнгисийн усанд өдөр бүхэн 100 тэрбум вирус үүсч, үүсмэгцээ шинэ нянгуудад халдварлаж байдаг ажээ.

Хүн төрөлхтөн янз бүрийн вирусээр халдварлаж өвчлөхдөө үнэхээр “гаргууд” бөгөөд тэр хэрээр шинэ вирусүүд үүсгэж байдаг. Тэжээвэр гахайнаас гэхэд л халдвар авангуутаа өмнө огт байгаагүй цоо шинэ вирус үүсгэчих жишээтэй. Хаа байсан ширэнгэн ойд байгаа шимпанзе сармагчингаас хүртэл ДОХ-ын вирус авчихна. Тэр нь шинэ вирус болоод өнөөдөр дэлхий дахины толгойн өвчин болчихоод байгаа билээ. Харамсалтай нь тэрхүү шинээр үүсгээд байгаа вирусээсээ салж чадахгүй байдаг нь тиймхэн.

Хүн төрөлхтөн вирусийн эсрэг элдэв эм тан эмчилгээг яаж ийгээд гаргаж аваад байх хэдий ч нөгөө гайхлууд нь яаж ийгээд эм домноос бултаад байгаа төдийгүй заримдаа бүр хүчирхэг болчихно. Яахав элдэв эмчилгээ, эм тан нь вирусээр үүссэн халдварын хор уршгийг нь л багасадаг байна. Юутай ч шинжлэх ухааны өнөөгийн өндөр хөгжил, эрдэмтэн судлаачдын уйгагүй хөдөлмөрийн үр шимээр ухаант хүн төрөлхтөн арай ч вирусээр хиараад дуусахгүй биз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *