Хүн төрөлхтний соёл иргэншлийн нар мандсан цагаас эхлэн аливааг бичиж тэмдэглэж үлдээх нь хосгүй үнэт өв болсон билээ. Тэр тусмаа цаасан дээр хэвлэж үлдээх технологи нэвтэрснээр бүр ч хялбар болсон. Ухаант хүний түүхэнд ер бусын нөлөөлөлтэй, үл мартагдах улбааг үлдээсэн олон арван ном туурвилууд бий. Билэг оюуны охь дээж болсон аугаа зохиолуудыг ямар ч супер хүн насан туршдаа уншаад ч барахгүй нь мэдээж. Тэгвэл “Дэлхийг өөрчилсөн 12 ном” гэх бүтээлийг уншигч танд танилцуулж байна. Уг номыг Английн зохиолч, нэвтрүүлэгч Мэлвин Брагг бичсэн бөгөөд Г.Агар-Эрдэнэ монгол хэлнээ орчуулж, “Мажестик паблишинг”-аас эрхлэн гаргажээ. Эл номонд дэлхий даяар бичигдсэн номууд бус, харин зөвхөн англичуудын зохиосон, дэлхийд томоохон нөлөө үзүүлсэн, өөрчлөлт авчирсан 12 номын тухай өгүүлнэ. Уг бүтээлд Исаак Ньютоны “Математик зарчим”, Мэри Стопсын “Гэрлэлтийн хайр”, Английн удирдагч ангийн “Магна Харт”, улсын сургуулийн төгсөгчдийн “Хөлбөмбөгийн холбооны дүрмийн ном”, Чарльз Дарвины “Зүйлийн үүсэл”, Уильяам Уилберфорсын “Боолын худалдааг халах нь”, Мэри Воллстонкрафтын “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь”, Майкл Фарадейн “Цахилгаан судлалын туршлага”, Ричард Оркрайтын “Утас ээрэгч машины патентын эрхийг тодорхойлсон нь”, Уильям Тиндэлийн “Хаан Жеймсийн библь”, Адам Смитийн “Үндэстнүүдийн баялгийн мөн чанар, учир шалтгааны судалгаа”, Уильям Шекспирийн “Анхны түүвэр” гэсэн 12 ном багтсан. Зохиогч “…Ердийн нэг ном дэлхийг өөрчлөх хурдасгуур болж өрсөлдөнө гэхэд үнэмшилгүй санагдана. Гэсэн ч унших дуртай бидний хувьд ном бол онцгой онцгой нөлөөтэй гэдэг нь шинэ зүйл биш. Номын тусламжтай бидний ухамсар цэгцэрч, мэдлэгийн сан арвижиж, мэдрэмж нэмэгдэн эрч хүч бэхэждэг” гэжээ. Энэ хэдэн өгүүлбэр нь л номынхоо санааг базаад хэлчихсэн мэт. Энэ номонд багтсан Магна харт гэхэд л АНУ, Энэтхэг тэргүүтэй олон орны Үндсэн хуулийн эцэг болсон төдийгүй Үндсэн хуульт ёсны чухал ач холбогдолтой аж. Мөн боолчлолын эсрэг хөдөлгөөн нь хүний түүхэнд маш чухал үйл явц болсон, мөн эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх дуу хоолойг илэрхийлсэн хоёр ч бүтээл энд багтсан. Мэдээж утга зохиолыг Уильямм Шекспиргүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Тиймээс ч энд “Анхны түүвэр” нь багтсан байх нь.
Өмнө өгүүлсэн номууд хүн төрөлхтний амьдралыг өөрчлөхөд, өнөөгийн ертөнцийг бий болгоход үнэхээр маргахын аргагүй томоохон нөлөө үзүүлсэн юм. Үнэхээр ч Фарадей цахилгаан гүйдлийн онолыг бүтээж, Дарвин бидний үүсэл гарлыг тодорхойлж, Мэри Стопс эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралаа өөрөө хянах эрхийн төлөө зоригтой дуугарчээ. Наанадаж л аугаа их Адам Смитийн онолын дагуу өнөөдрийн дэлхий ертөнцийн зах зээл, эдийн засаг хөдөлж байгаа шүү дээ.
Энэ бүтээл нь танин мэдэхүйн ач холбогдлоос гадна энэ талаар сонирхон судалдаг уншигчийн ширээний ном гарцаагүй болохоор юм. Унших явцад салахын аргагүй, гэхдээ нэг амьсгаагаар бүгдийг нь уншихаж бас боломгүй. Аажуу тайвнаар үг үсэг нэг бүрчлэн ойлгож уншууштай аж. Энд багтсан номуудын зарим нь монгол хэлээр орчуулагдан гарсан. Гэвч тухайн номын талаар анхны дориухан ойлголтыг өгөхөөс гадна цааш нь дэлгэрүүлж эх номоор нь унших сэдлийг эрхгүй төрүүлсэн. Ер нь энд багтсан нийгмийн шинж чанартай номууд нь уншигч хэнийг ч бай цэгцтэй сэтгэхэд ихээхэн тустай байдаг даа. Тийм ч учраас уншигч танд энэхүү номыг санал болгож байгаа юм. Танин мэдэхүй гайхахаас эхэлдэг шиг магадгүй та эдгээр номнуудын талаар уншаад асуудлыг арай өөр өнцгөөр хардаг болох билээ. Танд гарцаагүй унших номны тань нэг төдийгүй цар тахлын хатуу хөл хорионы үед уншихад хэзээ ч залхаахгүй ээ гэдгийг эргэлзэх зүйлгүйгээр хэлэх байна. Ном бол ертөнцийг харах цонх төдийгүй ухаант хүний нээн олсон хосгүй гайхамшигт нээлт билээ.