Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: ​Мангар Дамдингийн тухай өгүүлэх “Говийн өндөр” хоймсон роман

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровын төрийн шагнал хүртсэн Говийн өндөр романыг энэ удаа онцолж байна. Дүүрэн ачаатай нэг машин талын харгуй замаар довтлон явсаар, Ханцуй бутны налуу сайхан арыг өгслөө. Жолооч эр кабиныхаа цонхоор цээж гарган тохойлдож залуураа ганц гараараа чадмаг гэгч нь мушгина. Моторын дуу нэгэн жигд нүргэлнэ. Зам гэж засмалаас ялгаагүй.

Говь нутагт сайхан зун болж байгаа бөгөөд бороо орсны дараахан яваа болоод ч тэрүү хамаг юм өнгөлөг тод, айл гэр энд тэнд үзэгдэж, мал сүрэг налайна. Жолооч Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд дэлгүүрийн бараа таваар хүргэхээр явж буй нь энэ. Шулуухан давхисаар сумын өмнө талд байрлах хоршооны урд ирж зогслоо. Тэрээр машинаасаа буун хойд хоёр дугуйгаа өшиглөж үзчихээд, орчныг ажиглахнээ ойр хавь хүн ер байсангүй.

Харин хураалттай ноосны цаанаас ноосны сүүдэрт хэвтэж байсан нэг жингэр хэдэн гөлгөө дагуулан босч гүйв. Бас нэг хамуутай гөлөг гасалж, гангинан зугтав. Бодвол хэн хүнгүй зодож занчиж залхаасан бололтой. Ингээд аргаа баран сүүдэрт сууж тамхи татлаа. Бушуухан бараагаа хүлээлгэж өгчихөөд хоол цай ууж, идэх юмсан гуанз ажиллаж байгаа болов уу гэж бодон сууна. Гэтэл машиных нь дэргэд өндөр нуруутай, толгой нүцгэн залуу инээмсэглэх аятай марзайн зогсож байлаа. Залуу их л эв хавгүй хувцаслажээ. Тодсон гэмээр бөмбөгөн ултай ажлын хар өмсөж, хөгшин хүний хийцтэй шар даалимбан дээлэн дээр хүрэн даалимбан бүс бүсэлчихэж. Жолооч ихэмсэг гэгч нь малгайгаа араас нь түрж духдуулсхийгээд “Та нярав уу” гэлээ. “Биш ээ хэн… гуай одоохон ирнэ” гэсэн ч, хэн гэж хэлснийг нь ч мань жолооч сонсож амжсангүй. Хот орох гэж байгаа юм аргалаад аваад яваач гэж гуйх гэж байгаа биз гэж бодон зэвүү нь хүрч залуу руу харан ярвайлаа. Түүнийг үл ойшоон хэд гурван үг дуртай, дургүй хэдэр ёдор солиод тамхи хүртэл тун дургүй өгөв.

Залуу байн байн машин руу өнгөлзөж ихэд сонирхоно. Дургүй нь хүрсэн жолооч юугаа хайгаад байгаа юм, чиний юм наана чинь байхгүй гэж хэдэрлэв. Залуу жолоочийн муухай харцнаас айн ийш, тийш гөлөлзөнгөө жолоочийн үгэнд гомдсон бололтой муухан инээмсэглэн зүгээр л үзсэн юм гэж шивнэв. Хотын машин уу гэхэд нь мөн л тиймээ чамд ямар хамаатай юм гэнэ. Залуу эрээс аргалын утаа, хир, хөлс үнэртэхэд жолооч сэжиглэн тамхиа олигтой татаарай, гал гаргавал танайх хуйгаараа нүүж ирээд ч барахгүй өрөнд орно шүү гэхэд. Нэг нь эднийхээс ч юуг нь авахав дээ гэж байна.

Харин жолооч буцаад замд явж байгаад тэр залуугийн тухай сонсох нээ Мангар Дамдин байлаа. Дамдины аж төрж байгаа үе бол 1950-иад оны эхэн буюу хөдөө нутагт нэгдэлжих хөдөлгөөн, хот төвлөрсөн ихэнх газарт барилга байгууламжийн ажил ид өрнөсөн үе. Тиймдээ ч тухайн үеийн нийгмийн онцлог, говь нутгийн онцлогийг уг зохиолд тусгасан байдаг.

Тухайлбал, бага сургуулиа төгсөөд, 20-иодхон ямаатай хөгшин эхтэйгээ хийж, гийгүүлсэн ажилгүй байсаар, сумын төвөөр тэнэж, айлын хүүхдүүд уруу татаж, үймээн самуун дэгдээдэг гэх энэ хүүг сумынхан багаас нь Должингийн Мангар Дамдин гэж нэрлэжээ. Нас биед хүрээд айлын мал маллах ажилд тусалж ходоодоо цайруулдаг байсан ч хожим хотод ирээд, барилга дээр ажиллаж, бас болоогүй тэргүүний барилгачин болтлоо өсөн дэвжинэ. Тэрээр малчнаас, ажилчин ангид орсондоо ихэд баярлан, хөдөө явахаас татгалзан, хотын амьдралд дассан нь тэр. Сумынхаа сувилагч бүсгүй Цэвэлмаад дурлаж, сэтгэлийн шаналал, дурлалын баяр хөөрийг амталж буй мөч гээд түүний амьдралыг нийгмийн байдалтай холбон харуулсан уг роман уншихад уйдаад дундаас нь орхихооргүй зохиол.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *