Уншигч олондоо Эрээнцавын гэж алдаршсан яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн “Сэтгэлийн байгаль” номын шүлгүүдээс толилуулъя. Уг бүтээл “Сайхан мод”, “Залуугийн бадаг”, “Ирж буй цаг” гэсэн гурван бүлэгтэй, нийт 60 орчим шүлэгтэй. Өмнөтгөлийг нь “Сэтгэлийн шувууны жиргээн” хэмээн төрийн шагналт найрагч Долгорын Нямаа бичсэн байдаг. Энгийн гоо сайхан хийгээд яруу тансагийг мэдэрье гэвэл “Сэтгэлийн байгаль”-ийг унш, хаврын зөөлөн бороонд шавшуулах мэт таатай сэтгэгдэл төрнө. “Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ, хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ. Хайр дурлал инээмсэглэлээс эхэлнэ, хаврын бороо цэцэгнээс эхэлнэ” хэмээн уншихуйд танд нэг л дулаахан ахуй өөрийн эрхгүй мэдрэгдэж, тэгээд юунд ч юм хайр хүрч, юуг ч гэсэн өршөөх энэрэнгүй өр зөөлөн сэтгэл төрөх ажгуу.
“…Чихэнд хангинах зөн совин газрын гүний дуудлага
Шөнө дөлөөр чимээлэх алсын анир ирж буй цаг
Тэнгэр бурхан хэн нэгэнд эм уулгаад болих шиг
Шилэн аяганд халбага тонхийх чимээ ирж буй цаг
Дэрний дэргэд бүсгүй хүн мэдрэгдэм зөөлөн гишгэлээд
Дээгүүрээ даашинзаа тайлах нь сүрэг шувууны нисэх ирж буй цаг
Дэлхий дээр ажин түжин оргиод морин цаг цагаан мананд живэхүй
Дээврийн хөх тагзанд төмөр утас жин жин цохих ирж буй цаг
Ногоон хөндийгөөр хонь хурга шуугилдан орж ирээд
Номын алтан хуудас шиг усны зах руу хошууран орох ирж буй цаг
Ноёлог өндөрт элээ тас бөөрөн толгод тойрон эргээд
Номин талын энтээх утасны модон дээр бодлогошрох ирж буй цаг
Голын наана явахад тэнгэр дуугарч цахилгаан гялбаад
Гоо бүсгүй гутлаа тайлан хөл нүцгэн бороон дундуур гүйх ирж буй цаг
Нов ногоон дотор хуучин төмөр зуух бөөрөөрөө унаад
Нойт даан харлаж чийгтсэн өвс үмхлэх ирж буй цаг…” (“Ирж буй цаг”),
“Хамаг юм урсаж байна
Хаврын хөх цас зэрэглээтээд
Чиний ороосон алчуурын хошуу
Тэртээх он жилийн цаадтай намилзах
Аядуу салхин доогуур
Хамаг юм урсаж байна
Хашааны өврийн борог өвс
Гавар мэт хамар цоргиод
Хараацай хөнжил шүргэн
Дэлхийн хаяа руу одоход
Тэнд нэг од гялалзана
Түүнийг харсаар хэвтэхэд
Түм буман галт тэрэг болоод
Он жилүүд
Түжигнэн тажигнан өнгөрнө
Хага ташсан голын мөс
Зүүдний цагаан наранд гэсэж
Номхон сар гөлөг шиг мөлхөж ирээд
Нойрмог замагны дороос
Ноднингийн шар хомоол
Нойтон мэлхий шиг гарч ирнэ…”. “Ганц нэг өвс салхин сэвэгнэх нь Нямсүрэнгийн хувьд ер бусын юм. Хонох айлд үеийн бүсгүй байх, хоточ нохой сарны гэрэлд хуцах, тэр ч байтугай “аймаар” санагдах нь хүртэл түүнд сайхан санагдана. Морины хомоол усанд хөвж, долгион дээр ганц нэг ялаа сууж, модон тэрэгний ялуу урсгаж, салхинд одод зүлгэгдэхэд сэрж мэдэрдэг энэ найрагч дэлхийн чулуунд хяруу цавцайх өглөө эрт, дэрсээр шүлгээ бичиж явсан нэгэн” гэж Очирбатын Дашбалбар бичсэн.
“Саруулхан шөнө гадаа үүдэнд хад сандайлж суухад
Сарны гэрэлд
Сархад уух
Сайхан байх даа гэж
Санагдсан
Цантай чулуун дээр тэгээд хундага тавихад
Цан хийсэн царгиа гарч
Цагаан бүгээн жаахан жороо морь
Чамайг хүлээн гол дотор цулбуур дүрэн зогсов доо гэж
Үдшийн жүнзэнд
Сар тусахад
Өнөөх чулуун дээр
Лаа асаасан мэт болоод
Өвс цаана нь зүүдэлсэн өдөр шиг гэрэлтэн үзэгдэнэ дээ гэж
Бөрт цагаан дэрсэнд
Бөднө шувуу бөөрөхөд
Бүрий барайд
Хучлага засах шиг
Нэг юм шурхийн хөдлөөд
Бүсгүй хүний үнэр нээлттэй салхивчаар цэцэг шиг сэвнэ” хэмээх “Сэтгэлийн байгаль”-д орсон шүлгийг Г.Аюурзана “Монголын сонгомол яруу найраг” номдоо оруулахаас гадна Д.Нямсүрэнг Б.Инжиннаш, Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Урианхай нарын хамтаар “Монголын топ таван найрагч”-аар нэрлэсэн билээ.