Categories
мэдээ нийгэм

Ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг зөрчлийг арилгана

Өнөөдөр “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр”. Энэ хүрээнд ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг нийслэлээс Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран зохион байгуулж буй. Түүнчлэн хадгийг модонд зүүж гэмтээдэг, орчныг бохирдуулахаас сэргийлэх зорилготой “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалгыг Гандантэгчинлэн хийд, Бөөгийн нэгдсэн эвлэлтэй хамтран хэрэгжүүлж байна. Мөн нийслэлд өвөлждөг шувуудын тооллого, шувуу сонирхогчдын танин мэдэхүйн сургалтыг Шувуу хамгаалах төвтэй хамтран зохион байгууллаа. Ногоон бүсийн зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир тавьж өгөх биотехникийн арга хэмжээг нийслэлд анх удаа хэрэгжүүлээд байна.

1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенцыг /CITES/ баталсан бөгөөд манай улс 1995 онд нэгдсэн юм. Тус конвенц батлагдсантай холбогдуулан зэрлэг амьтдын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хамгаалах зайлшгүй шаардлагатай байгааг олон нийтэд таниулан сурталчлахын тулд 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас гаргасан судалгааны тайланд дэлхий дээр амьдарч байгаа зэрлэг амьтдыг хамгаалах талаар бодитой арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд нийт зэрлэг амьтдын 2/3-аас илүү нь устаж үгүй болох аюул нүүрлэж байгааг онцолжээ. Уг тайланд дурдсанаар 1970 оноос хойш загас, хоёр нутагтан, сээр нуруутан, хөхтөн болон шувууны 58 хувь нь хорогдсон байна. Ялангуяа ус, намгархаг газрын амьтдын тоо толгой хамгийн ихээр буурсан аж.

Зэрлэг амьтдын тоо толгой цөөрч, устах аюулд орж байгаагийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны бохирдол, хууль бус ан агнуур, уур амьсгалын өөрчлөлт юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *