“No war” хөдөлгөөнийхний дэлгэсэн “No war” галлерейг үзэхээр зорилоо. Тэдний галлерей Баянгол зочид буудлын баруун урдхан талд байрладаг юм байна. Очиход Ц.Чинбат, Т.Золбаяр нар байж байлаа. Ороод гар барин танилцах зуурт цахим гав нүдэнд тусав. Ингээд цахим гавны талаар Ц.Чинбаттай ярилцлаа. Уг гавыг 780 мянган төгрөгийн төлбөртэй зүүсэн юм байна. Хоёр жилийн баталгаатай гэнэ. Мөн гавныхаа дата хэрэглээний мөнгө гэж өдөр бүр 1305 төгрөг төлдөг юм байна. Сард 30 мянга гаруй, жилд 400 мянга гаруй төгрөгийг өөрсдөө төлдөг аж. Хамгийн хачирхалтай нь 780 мянган төгрөгөөр үнийг нь төлж худалдаж авсан мөртлөө гав зүүх хуулийн хугацаа дуусвал буцааж хүлээлгэж өгдөг гэнэ.
Өөрсдийнхөө хэмжээнд мэдээлэл судлаад үзэхэд Хууль зүй дотоод хэргийн яам тендерээр цахим гавыг БНХАУ-аас нэг бүрийг 150-170 мянган төгрөгөөр авдаг. Харин гав зүүлгэх иргэддээ 780 мянган төгрөгөөр зүүж өгнө. Дээрээс нь өдөр бүр дата хэрэглээний мөнгө болох 1305 төгрөгийг зүүсэн этгээд өөрөө төлдөг байна. Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоон судалгаанаас үзэхэд уг гавыг жилд 1700 гаруй хүн зүүх боломжтой гэсэн статистик судалгаа байдаг ажээ.
-Тэгэхээр эдийн засгийн хувьд давхар ял өгөөд байгаа юм биш үү?
-Тийм шүү дээ. Бид нэг хүн нь л гэхэд 3-4 төрлийн ял давхар эдэлж байна. Бидэнд эхлээд хилийн хориг тавьсан. Хилийн хориг гэдэг чинь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч болохгүй нэг төрлийн ял байхгүй юу. Энэ бол ял, тэгсэн мөртлөө тооцогддоггүй. Хоёр дахь ял нь бидний зорчих эрх хумигдаж байна. Зөвхөн дүүрэг дотроо. Энэ чинь зорчих хөдөлгөөнийг хязгаарласан бас л ял.
Тэгээд дээрээс нь 1000 төгрөг нь байна уу, 10000 төгрөг байна уу хамаагүй төлбөр төлж л байгаа бол ял шүү дээ. Энэ бол бидэнд өгч байгаа гурав дахь эдийн засгаар хүчирхийлж буй ял. Дээрээс нь биднийг хэвлэл мэдээллээр гүтгэж яллаж байна. Хууль зүйн сайд нь гарч ирээд гүтгэж яллана. Тэгсэн хэрнээ тэр нь одоог хүртэл тогтоогдохгүй байгаа. Ерөнхий сайд нь гүтгэж яллана. Хууль зүйн сайд нь хавтаст хэрэгт бүртгэгдсэн материалыг шууд л олон нийтэд дэлгэж харуулна. Тэр хүнд уг нь тийм эрх байхгүй шүү дээ. Гэтэл саяхан Шүүхийн шийдвэрийн дарга нь гарч ирэнгүүтээ “Эд нар бүдүүлэг. Хууль дүрмээ биелүүлэхгүй зөрчсөн” гэж нийтэд мэдээлж яллангуутаа яваад очихоор тайлбар өгдөггүй. Энэ бол биднийг хэвлэл мэдээллээр гүтгэж яллаж байгаа хэрэг. Бид нийтдээ дөрвөн төрлийн ял эдэлж байна. Бидний нэр төрд халдаж байна.
-Тэгээд наад гавыг чинь зүүчихээр усанд орж болох юм уу. Элдэв янзын эвдрэл гэмтэл гарвал яах юм бэ?
-Эвдэрвэл дахиад л өөрсдөө 780 мянган төгрөгөө төлж худалдаж авна. Үүнийг харин усанд удаан дүрж болохгүй. Гар угаах шүршүүрт ороход гайгүй эвдэрчихгүй юм байна лээ. Ваннтай усанд удаан хэвтэж, дүрж болохгүй юм билээ.
Хэмээн Ц.Билгүүн ярилаа. Тэд “No double standart”, “No war” хөдөлгөөнүүдийг эхэлснээс хойшхи хоёр жилийн хугацаанд өчнөөн дарамт, халдлагад өртжээ. Энэ талаараа 100 гаруй гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан ч нэгийг нь ч шийдэж өгөөгүй. Жишээлбэл, 2022 оны тавдугаар сард галлерейн барилга руу халдлага үйлдэж цонх шилийг хагалсан хэрэг гарсан. Тухайн үедээ олон нийтэд сошиалаар мэдээлж, уг хэргийн талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргажээ. Гэвч энэ хэргийг хохирлын хэмжээ бага байгаа учраас хэрэгсэхгүй болгохыг Сүхбаатар дүүргийн прокуроос хүсч, хэрэгсэхгүй болгожээ. Хэрэгсэхгүй болгосон шийдвэрээ шийдэр гарснаас хоёр сарын дараа өөрсдөд нь мэдэгджээ. Албан ёсны хохирол тодорхойлдог байгууллагаар зөвхөн хагарсан цонхны хохирлын хэмжээг тогтоолгоход хуульд заасан хэрэг үүсгэх хэмжээний хохирол мөн байсан. Энэ тухай гомдлоо дээд шатны прокурорт гарган, хэргийг сэргээсэн боловч одоог хүртэл тогтоогдоогүй байна. Тэгсэн хэрнээ бусад хэргийг маш амархан тогтоодог. Энэ талаар Ц.Билгүүн “Биднийг маш хурдан гэм буруутай хэмээн тогтоосон. Гэрчээр дуудаж, байцаалт мэдүүлэг авангуутаа сэжигтэн болгоод, яллагдагч болгочихож байгаа юм. Үүнийгээ 24 цаг хүрэхгүй хугацаанд хийсэн. Гэтэл бидний өгсөн гомдол тогтоогддоггүй, шалгагддаггүй, эзэн нь олдоггүй. Эсвэл бидний өгсөн гомдол хар нүхэнд ороод алга болчихдог” хэмээн ярив. Тэдэнд тохсон хамгийн анхны хэрэг нь хорих ангиас хүн оргуулсан хэрэг гэдэг. 461 дүгээр хорих ангиас иргэн Д.Монголхүүг оргуулсан гэж үздэг. Гэвч иргэн Д.Монголхүү оргоогүй болох нь тогтоогдож, хэрэг хаагдсан байдаг. Гэсэн хэрнээ Ц.Чинбат, Э.Одбаяр, Б.Билгүүн нарын арав гаруй иргэний хорих ангиас хүн оргуулсан хэрэг одоог хүртэл хаагдаагүй хэрэг үргэлжилсээр байдгийг тэд онцлон ярьсаар байгаа. Биднийг ийнхүү ярьж суутал Э.Одбаяр орж ирэв.
Ингээд галлерейтэй таницууллаа. Галлерей хоёр цуврал таван бүлэг бүхий сэдэв гарчигтай аж. Өдөрт хүмүүс их бага янз бүрээрээ орж ирж үздэг юм байна. Үүдний хэсэгт буйдан байрлуулжээ. Өөдөөс нь ширээ байрлуулаад ус, ундаа, тавагтай ааруул дээр нь тавьсан байна. Орж ирсэн хүмүүсийг түүгээрээ дайлан, буйдан дээрээ суугаад тухлан ярилцана. Эдгээр ус ундаа зэрэг зүйлсийг хүмүүс сайн дураараа хандивладаг тухай ч ярилаа. Үүнд нь маш олон хүмүүс дэмжиж тусалж байгаад талархлаа илэрхийлж байв.
Ингээд Э.Одбаяр галлерейгаа танилцуулж эхлэв. 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дайн эхэлсэн байдаг. Эхний хэсэгт “No war” хөдөлгөөн дайн эхэлснээс яг жилийн дараа хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. Эдгээр үзэл бодлоо илэрхийлэх жагсаал, цуглааны тухай зургууд, үзэл бодлоо илэрхийлэх үеэр биед нь халдаж байсан тухай зургууд, баримтууд дэлгээстэй байлаа. Хоёр дахь хэсэгт гурав дахь хөршийн бодлогууд, дайныг эсэргүүцэж байгааг дэмжсэн улсууд, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж буй элчин сайдуудын зургууд, хөршийн бодлоготой орнуудын зургууд, Монгол Улсын оролцож буй олон улсын конвенциуд, гэрээ контрактууд, хүний эрхийн тунхаглалуудыг хэвлэн байрлуулжээ. Гурав дахь хэсэгт дайныг эсэргүүцэх үйл ажиллагаанд ямар байдлаар оролцож байсан, түүнд нь хууль хүчнийхэн ямар байдлаар хандсан тухай гэрэл зургууд байлаа. Дөрөв дэх хэсэгт дайныг эсэргүүцэх үйл ажиллагаанд нь ял шийтгэл ногдуулж, хэн хэн ямар байдлаар оролцсон тухай хүмүүсийн зургууд байрлажээ. Дайныг эсэргүүцэх “No war” хөдөлгөөн болоод, тэгш эрхийг шаардсан “No double standart” хөдөлгөөний гишүүдээс одоогоор зургаан хүн ял эдэлж байна. Э.Одбаяр 1.2 жил хөдөлгөөн хязгаарлах гав зүүсэн бол Ц.Чинбат, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн нар нэг жилийн хугацаатай зүүсэн. Харин иргэн Д.Монголхүү хоригдох ял шийтгүүлэн биеэр ялаа эдэлж буй. Түүний давж заалдах шатны шүүх хурлын тов одоог хүртэл гараагүй байна. Иргэн Б.Цацралд арав гаруй зөрчлийн шийтгэл оногдуулжээ. Одоогийн байдлаар эдгээр зөрчлийн ялаар шүүх хурлаар ялаад байна. Б.Цацрал ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хүйтэн цастай өдөр гадаа галуун цуваагаар явуулж байгаа асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгаланд асуулга тавьсан байдаг. Гэвч уг асуулгын хариу байхгүй. Харин өөрт нь Эрүүгийн хэрэг үүсгэх саналтай прокурорын шийдвэр гарчээ. Энэ хэрэг хаагдаагүй үргэлжилсэн хэвээр. Иргэн Б.Билгүүн ЦЕГ-ын дарга Ж.Болдыг огцор гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэн мөрдөн мөшгүүлсэн байдалтай байгаа гэнэ. Тэрбээр Л.Ганхөлөгийн хамт өөр дүүрэгт цахим гав зүүсэн учраас гэртээ харьж чадахгүй таньдаг айл, найз нөхөд, машин зэрэг газраар хоног төөрүүлэн явна. Энэ хооронд хууль бусаар мөрдөн мөшгих үйл ажиллагаа үргэлжилж байна хэмээн тэд ярьж байлаа. Тиймээс уг хөдөлгөөнийг үргэлжлүүлэн “Police reform” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа. Цагдаа хүчний байгууллагын шинэчлэл энэ цагт хэрэгтэй хэмээн тэд үзэж байгаа ажээ. Галлерейн зураг хөрөг үйл ажиллагаатай танилцаж дуусаад Э.Одбаяртай ярилцлаа.
-Та бүхний өмгөөлөгчөөр ямар хүмүүс бий вэ?
-Нийт найман хүн Г.Мөнхсайхан, Х.Мэргэн, О.Батхуяг, Г.Байгалмаа, Л.Хаш-Эрдэнэ гэх мэт олон хүн бий. Манай өмгөөлөгчид өөрсдийн хэмжээнд бүхий л нөөц бололцоогоороо тусалж дэмжиж, хамтран ажиллаж байгаа. Тэгсэн ч гэсэн бидэнд улстөрийн захиалгатайгаар хоёр шатны шүүхээс ял оноосон. Бидний эцсийн найдлага болсон Дээд шүүхэд хандсан ч хэлэлцэхгүйгээр шийдэн одоо гаваа зүүчихсэн ялаа эдлээд явж байна.
-Энэ байрыг та бүхэн түрээслэдэг юм уу. Үйл ажиллагаагаа яаж явуулдаг вэ?
-Энэ хуучин галлерей байсан л даа. Тэгээд Зон олны намын мэдээллийн төв болсон. Тэгээд намынхаа байранд үйл ажиллагаа явуулж буй нь энэ.
-Хэдээс хэдэн цагийн хооронд хүмүүст үзүүлдэг юм бэ?
-Өдөр 13:00-17:00 цаг хүртэл хүмүүст үзүүлдэг.
-Өдөрт ээлжилж ирцгээдэг юм уу?
-Эхэндээ ганц ганцаараа ээлжилдэг байсан. Одоогоор аюулгүй байдлаа бодоод хоёроороо суудаг болсон.
-Хүмүүс галлерейг үзэхдээ голдуу юу асууж байх юм?
-Хүмүүс их дэмжиж нааштай хандаж байгаа. Ганц нэг сөрөг хүмүүс орж ирэх нь ирсэн. Тэд баримт нотолгоотой үйл ажиллагаан дээр ямар нэгэн зүйл хэлж чадахгүй болдог. Бидэнд бүх баримт нотолгоо нь байж байгаа.
-Их хүмүүс ирдэг үү?
-Янз янз. Өнөөдөр л гэхэд онгойсон цагаас хойш арваад хүн орж ирж үзсэн. Түрүүн тантай зөрж гарсан хоёр хүн дэмжиж байгаагаа илэрхийлээд гарлаа.
-Л.Ганхөлөг хаана байгаа вэ?
-Өөр дүүрэгт цахим гаваа зүүчихсэн гэртээ харьж чадалгүй найм хонож байна. Энэ бол прокурорын байгууллагаас цөллөгт явуулж байгаа, дээрээс нь дарамталж буй нэг хэлбэр. Залхаан цээрлүүлж байгаагийн л илэрхийлэл шүү дээ.
-Тэгээд гэр оронгүй хаагуур явж байгаа бол?
-Өө тэгээд танил найз нөхөд, машин тэргэнд л хонож байгаа сурагтай. Бид чинь өөр дүүрэгт хоригдчихсон биеэр уулзах боломжгүй болсон. Утсаар л холбоо барьж байна.
-Түрүүн цахим гавны үнийн тухай ярьсан шүү дээ. Гавыг ямар компани оруулж ирдэг тухай мэдээлэл олж чадсан уу?
-Шударга тавын гурав нь нийлж байгаад улсад их хэмжээний хохирол учруулсан юм байна. Энэхүү цахим гавыг аль компаниас худалдан авалт хийснийг бид олж тогтоолоо. Үүнийгээ бидэнд 780 мянган төгрөгийн төлбөртэй зүүлгэсэн. Энэ нь Хятадаас орж ирэхдээ 150-170 мянган төгрөгөөр орж ирдэг юм байна. Улсад тав дахин нэмэгдсэн өртгөөр шахаа хийжээ.
-Цахим гав нь алдаатай мэдээлэл хүргээд байна гэсэн дээ?
-Тийм. Сүүлийн хоёр хоногт харин гайгүй байх шиг байна. Одбаяр бид хоёрын нэг нь дүүргийн нутаг дэвсгэрээс гарсан юм шиг байгаа юм. Тийм мэдээлэл цагдаад очсон гээд байгаа. Яг хэн нь тодорхойгүй.
Ийнхүү ярилцаж байхад бүгд л иргэн Д.Монголхүү дээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааг өөрсдөд нь хэрэглэж байгаа талаар ярьцгааж байв. Ямар нэгэн байдлаар цагдаад байнга буруу мэдээлэл хүргэсээр байгаад биеэр эдлэх ял болгохыг үгүйсгэхгүй. Тиймээс байнга л хоригдох ял үүрэх вий гэсэн сэтгэлзүйн хувьд айдастай байгаагаа илэрхийлж байв. Ингээд яриад сууж байтал гаднаас өөрийгөө Алтанцэцэг гэж танилцуулан нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүний хамт орж ирлээ. Тэрбээр
-Сайн байна уу? Одбаяр аа. Намайг Алтанцэцэг гэдэг. Чамтай ярих яриа байна. Чи миний нэр төрд халджээ. Яагаад миний нэр төрд халдах болов?
-Таны нэр төрд халдсан гэж үзэж байгаа бол та хуулийн байгууллагад хандаад явж болно.
-Хандчихсан байгаа. Түүнээс гадна ярилцах зүйл байна.
-Ярь ярь.
-Чи үгээ хэлж үзэл бодлоо хэлж болдог бусад нь болдоггүй юм уу?
-Болно шүү дээ.
-Тэгээд чи яагаад намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө миний зургийг эндээ байршуулаад нэр төрд халдаад байгаа юм бэ?
-Та тэр лайвыг хийх үедээ биднийг өдөөн турхирсан мэтээр ярьж, эхлээд миний нэр төрд халдсан хэмээн ярих үеэр Ц.Билгүүн утсаа гарган бичлэг хийж эхлэв. Ингэхэд нь нөгөө эмэгтэй “Зүгээр сайхан ярилцах гэхээр л өөдөөс утсаа гаргаж ирдэг хаанахын ёс юм бэ” гэв.
Ц.Чинбат “Бид ингэж баримтжуулахгүй бол бидэнд халддаг байдал хэрээс хэтэрсэн. Олон нийтэд мэдээллийг ил тод хүргэж бид өөрсдийгөө өмөөрөх эрхтэй. Харин олны хараанд байдаг тулдаа бид алуулчихгүйхэн өдийг хүрч байгаа байх” хэмээн ярьж байтал гаднаас твиттерийн Элийрэгч буюу Ц.Уянга орж ирэв. Ингээд Ц.Уянга тэдэнтэй бас ярилцах, маргахын дунд байсаар байв. Хэсэг байдлыг ажиглаж байгаад би явах гэж байгаагаа дуулгалаа. Ц.Чинбат “Одоо Цацрал ирж байгаа. Уулзахгүй байсан юм уу” гэв.
-“Би дараа дараачийнхаа ажлыг бодохгүй бол оройтох нь” хэмээхэд “За, ирсэнд баярлалаа” хэмээн үргэлжлүүлэн нөгөө хүмүүстэйгээ ярьсаар үлдсэн юм. Дараахан нь олон нийтийн сүлжээгээр галлерейд өлгөсөн зургуудыг тэрхүү Алтанцэцэг гэх эмэгтэй аваад явчихсан тухай бичлэгээ Ц.Уянга олон нийтийн сүлжээнд тавьсан байна лээ.
One reply on ““No war” хөдөлгөөнийхөн: Хятадаас 150-170 мянган төгрөгөөр оруулж ирдэг цахим гаваа бидэнд 780 мянган төгрөгийн төлбөртэй зүүлгэсэн DNN.mn”
Хохь чинь.