Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нисдэг радар ACS-890 DNN.mn

Швед улс Украинд 1.16 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэх 16 дахь буюу хамгийн том багцаа зарлав. Үүнд ASC 890 гэх радарын хоёр онгоц багтсан байна. Шведийн Батлан хамгаалахын сайд Пол Жонсон “ASC 890 нь Америкийн F-16 сөнөөгч онгоцуудыг үр ашигтай ашиглахад Украинд хамгийн их нөлөө үзүүлэх болно. Тэд далавчит пуужин, дрон болон газар, далай дахь байг тодорхойлж чадна” гэжээ. Үүнээс гадна Швед улс газар дээр суурилсан зенитийн пуужингийн системд ашиглахад тохируулсан AMRAAM дунд тусгалын пуужингуудыг бэлэглэнэ гэжээ. Ийм пуужингуудыг F-16 сөнөөгч онгоцууд ч ашигладаг юм байна. Шведийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн мэдээнд мөн Стокгольм өөрийн бүх “PBV 302” хуягт тээврийн хэрэгслийг бүгдийг нь Киевт өгнө гэж мэдэгджээ. Шведийн Батлан хамгаалах яам нисдэг радаруудыг Украин руу шилжүүлснээр тус улсын батлан хамгаалах чадавхийг бууруулж байгааг хүлээн зөвшөөрч, энэхүү хомсдолыг “S106 GlobalEye” онгоц худалдаж авах замаар нөхөх болно гэжээ.

Нисдэг радар нь тэнгэрт байх тул газар дээрх

радаруудаас илүү хол зайд агаарын орон зайг хянах чадвартай. Одоо Украины зэвсэгт хүчинд ийм онгоц байхгүй. Орос улс алсын тусгалын радарын хуучирсан А-50, илүү орчин үеийн А-50У онгоц ашигладаг. Цэргийн мэдээгээр Орост гурван А-50, зургаан А-50У байсан гэж бичжээ. Оросын хоёр А-50У онгоцыг 2024 оны эхээр Украинчууд сөнөөсөн. Хэдийгээр Оросын Агаарын сансрын хүчний хүчин чадал багассан ч ийм систем байгаа нь Украины нисэх онгоцонд ихээхэн хүндрэл учруулсаар байгаа аж. Тэд Украины агаарын орон зайг хянаж, Оросын сөнөөгч онгоцны үйл ажиллагааг зохицуулж байдаг.

Шведийн ACS-890 онгоцуудыг 1990-ээд оны эхээр боловсруулж, түүнээс хойш шинэчлэгдсэн, өөрөөр хэлбэл эдгээр нь орчин үеийн системүүд юм. Гадаад төрхөөрөө ACS-890 нь Орос, Америкийн нисдэг радаруудаас эрс ялгаатай. Оросын А50 нь хүнд тээврийн Ил-76 онгоц, Америкийн E-3 Sentry нь Боинг 727 дээр суурилдаг. “ACS-890” нь Оросын онгоцноос илүү 5 цаг, харин Америкийн онгоцноос бага хугацаагаар агаарт байж чаддаг. Өөр нэг ялгаа нь нисдэг таваг шиг бус их биений дээгүүр хатуу бэхлэгдсэн тэгш өнцөгт хэлбэртэй радартай байдаг. Энэ нь радарын хамрах чадварыг бага зэрэг багасгаж байгаа боловч илүү багтаамжтай антен ашиглах боломжийг олгодог бөгөөд энэ нь хүлээн авсан мэдээллийн хүрээ, чанарт эерэг нөлөө үзүүлдэг байна. Үйлдвэрлэгчийн хэлснээр, Erieye нь 450 км хүртэлх зайд агаарын байг илрүүлэх чадвартай. Гэсэн хэдий ч E-3 Sentry радарын дунд өндөрт ердийн сөнөөгч онгоцыг илрүүлэх хүрээ нь ойролцоогоор 400 км ажээ. Далайн гадаргуу дээрх объектуудыг илрүүлэх хүрээ нь 350 км бөгөөд жижиг завь шиг хэмжээтэй байг ч илрүүлэх чадвартай. Шведийн нисэх онгоцны бас нэг давуу тал нь барууны агаарын болон газрын системд ашиглагддаг Link 16 мэдээлэл солилцох системд нэгдэх чадвар юм. Украины энэ он дуусахаас өмнө хүлээж авах магадлалтай F-16 онгоцууд ч ийм системд холбогдож, радараас мэдээлэл хүлээн авах боломжтой бөгөөд ингэснээр тэдний байлдааны чадвар ихээхэн сайжрах юм байна.

 

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *