Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагах оролдлого цэргийнхнээс зүгээс хангалттай дэмжлэг авч чадаагүйн улмаас амжилтгүй болсныг тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо хүлээн зөвшөөрсан байна. Тэрбээр мөн хэрэв цэргийн хүчээр Венесуэлд халдан орох саналыг АНУ-ын эрх баригчид тавьсан бол зөвшөөрөх байснаа үгүйсгээгүй байна. Гуайдо “The Washington Post” сонинд бямба гарагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгджээ. Түүний хэлснээр, цэргүүд сөрөг хүчний тал олноороо орж эхэлж байсан учраас Мадуро огцорно гэж тооцоолж байжээ. Гэвч ийм зүйл болоогүй аж. Үүнтэй холбогдуулан Гуайдо тэрбээр болон түүний дэмжигчид буруу тооцоолсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. “Магадгүй бидэнд Үндсэн хуулийг хамгаалахын тулд иүү олон цэргүүдийн дэмжлэг хэрэгтэй хэвээр байгаа гэдэгт шалтгаан нь байгаа болов уу” гэж тэрбээр хэлжээ. Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жон Болтон түүнтэй утсаар ярьж, Вашингтон цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох санал тавьсан бол юу гэж хариулах байсан бэ гэдэг асуултад Гуайдо, “Ийм хувилбар санал болгосонд баярлалаа. Бид энэ саналыг үнэлэн үзнэ, энэ хямралыг шийдэхийн тулд магадгүй парламентаар хэлэлцүүлнэ. Хэрэв шаардлагатай бол бид баталж магадгүй” гэж хариулсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Венесуэлд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал эхэлсний дараа хэсэг бүлэг цэрэг сөрөг хүчний талд орсон юм. Эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсны улмаас зөвхөн нийслэл хотод гэхэд хэдэн арван хүн бэртжээ. Төрийн бус байгууллагуудын мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон 200 гаруй хүнийг хоёр өдрийн дотор баривчилсан байна.