Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлийн эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг энэ сарын 29-нөөс эхлэн наймдугаар сарын 17-ныг хүртэл зохион байгуулах гэж байна. Уг аяны нээлтийг маргааш буюу баасан гарагийн 11 цагт дүүргийн хэмжээнд эхлүүлж 90 минут үргэлжлэх аж.
Хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тоог бууруулах, тархалтыг багасгах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, хөл газрын ургамлыг хадаж тайрах ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Нэгдсэн арга хэмжээ энэ сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Хоёр дахь арга хэмжээ наймдугаар сарын 10, 11-нд зохион байгуулагдах юм.
Хотын гол гудамж болон туслах зам дагуу замын хажуугийн ногоон байгууламж, явган хүний зам талбайн зах болон замын хөвөө хажуугийн далан дээр ургасан хөл газрын ургамлыг цэвэрлэх ажилд дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс алба, хороод, Сууц өмчлөгчдийн хороо, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс оролцох аж. Мөн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн хашаан дотор болон гаднах, хашаа дагасан хөл газрын ургамлыг цэвэрлэх үүрэгтэйгээр идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас уриаллаа.
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлийн лабораторийн эрхлэгч Б.Сангидорж ярихдаа: Сүүлийн жилүүдэд олон төрлийн харшлийн шинж чанартай өвчлөл ихэсч байна. Тэр дундаа улирлын чанартай тохиолдох ургамлын тоосны харшил. Нийт хүн амын 2-3 хувь нь ургамлын тоосны харшилтай гэж судалгаагаар гарсан. Хот суурин газрын орчны бохирдол, байгаль, экологийн доройтол, цөлжилт зэрэгтэй холбоотойгоор шарилжийн тоосны харшил хүн бүрийн анхаарлыг татаж байна. Иймд дээрх үйл ажиллагааг зохион байгуулснаар тодорхой хэмжээнд харшлын тоо буурна гэв.
Ц.УРАНБОЛОР