Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, Шижирийн аманд иргэн Б.Серкболын 14 үхэр, гурван тугал шүлхийгээр өвчилсөн тул тэнд амьдардаг гурван өрхийн долоон хүн хөл хорио тогтоожээ. Тухайн голомтын бүсэд 14 өрхийн 138 бод, 210 бог бий гэсэн мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрынхан өгөв. Цэгүүдэд ажиллаж буй алба хаагчид ариутгал хийхээс гадна бусад өрхийн малыг голомтын бүс рүү оруулахгүйн тулд амыг бүхэлд нь хянаж байгаа аж.
Тэнд амьдардаг иргэдийн хэлж буйгаар Б.Серкболын үхрүүдэд өнгөрсөн 20-нд шүлхий өвчний шинж илэрчээ. Нийслэлийн Мал эмнэлэг, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрынхан 21-нд очиж, шинжилгээний сорьц авсан аж. Харин дараа өдөр нь Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс хяналтын түр цэг байгуулсан гэнэ.
Мөн Нүхт, Зайсан болон зуслангийн бүс дэх малтай өрхүүдийг нийслэлээс гаргахаар болж буйг дуулгалаа. Уг ажлыг хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хариуцаж буй бөгөөд айлуудыг Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороо болон Багануур, Багахангай руу нүүлгэхээр төлөвлөж буй аж.