Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг фермер Л.Цолмонбаатар: Та нар “Миний Монголын сүү”-г авч байгаа бол манай фермийн үнээний сүүг л ууж байгаа шүү дээ гэж танилууддаа бардам хэлдэг DNN.mn  

Ар Гүнтэд аварга фермер олон. Нийслэлчүүд бидний сүүний хэрэглээний тодорхой хувийг энэ газрын малчид, фермерүүд бэлтгэн нийлүүлээд  багагүй  хугацааг үджээ.

Бидний багад сүүний үйлдвэрийн машин гэх хун цагаан 53 машинууд сүнгэнэдэг  байсан  бол  цаг  үеэ дагаад сүүний машины хурд хүч сайжирч,  сүү  бэлтгэн  нийлүүлэгчдийн сүүний чанар ч нэлээд нэмэгдсэн харагдана. Монголчууд  бидний хувьд уламжлалт мал маллагаа буюу бэлчээрийн мал аж ахуй ч эрчимжсэн мал аж ахуй руугаа чиглэсээр байна. Эрчимжсэн мал аж ахуй эрх­лэгчдийн бүтээмж, малын үр шим нь хэд дахин илүүтэй адил  хийгдэх ажил нь ч мөн хэд дахин илүү. Цөөн малаас өндөр үр  шим гаргаж авахаас  гадна  хот  суурин  газарт ойр мал аж ахуй эрхлэх нөхцөл боломж нь ерөөсөө эрчимжсэн мал аж ахуй билээ. Ихэнх хүмүүсийн бодлоор фермер  гэхээр хэдэн малаа нэг хашаанд оруулчихаад сүүг нь  аваад суудаг  гэж боддог  байх л даа. Үнэн  хэрэгтээ бэлчээрийн мал аж ахуйгаас хавь илүү үр өгөөжтэй шиг хийх ажил нь ч их байдгийг манай сурвалжилгын зочин Л.Цолмонбаатар онцлон ярилаа.

Харваас бие бялдар сайтай, барилддаг болов уу гэж хэн ч харах идэр насны фермер аж.Фермер болохоосоо өмнө тэрбээр багын барилдах сонирхлоо гээлгүй явсаар 2001-2005 оны хооронд үндэсний биеийн тамирын “Аварга” дээд сургуульд суралцаж, багш дасгалжуулагчаар төгссөн байна. Ингээд аймаг орон нутгийнхаа баяр наадамд зодоглож, 2005 онд сумын заан, 2009 онд аймгийн харцага цол хүртжээ. 2012 онд аймгийн харцага цолоо баталсан байна.Барилдахын сацуу Худалдаа хөгжлийн банканд 4 жил хамгаалагч, 4 жил няравын ажил хийсэн ч орой бүр хамгаалалтад гарахдаа өврийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж зурсан хүсэл нь одоогийн эрчимжсэн мал аж ахуй байлаа.Тиймээс ч түүний гэргий Б.Тэрбиш ханийнхаа хүсэл мөрөөдлийг дэмжиж, Л.Цолмонбаатар өөрийн ажлаасаа гарч 8 үхэр худалдан авч эхнэр хүүхдүүдээ дагуулан өөрийн төрсөн нутаг Хөвсгөл аймгийг зорих нь тэр.Эхний  жилдээ  амжилттай даван, эцэг эхийнхээ малч ухаанаас суралцан, малаа өнтэй он давуулаад байтал эхнэр Б.Тэрбишэд Улаанбаатар хотоос ажлын санал ирлээ. Ингээд л би гэж өөрийнхөө хүсэл сонирхлыг сонссон, 2 хүүг минь төрүүлээд өгсөн эхнэрийнхээ хүсэл мөрөөдөл карьерыг  бас бодох хэрэгтэй болсон тул Улаанбаатар хот руугаа эргэн ирсэн л дээ гэх даруухан фермер санааны мухарт мал аж ахуй гэсэн хүслээ тээсээр л.

No description available.

Өнөөдрийн энэ амжилтын минь цаана миний хань л намайг дэмжсээр, унахад минь тулж, хазайхад минь түшсэн болохоор миний босгосон гэхээс илүү гэр бүлийн минь хамтын хүчээр босгосон фермийн аж ахуй гэх юм уу даа.Өөрийн карьераа ч тэр, ханийнхаа хүсэл мөрөөдлийн төлөө ч тэр тууштай зүтгэж чадсан бүсгүй, Л.Цолмонбаатарын гэргий Б.Тэрбиш одоо “Монос” компанийн санхүү эрхэлсэн захирлын албан тушаалыг хашиж буй.Одоо тэд 4 хүүтэй.“Төдийгөөс өдий хүртэл, тэгээс эхэлсэн энэ амьдралдаа хөдөлмөрийн үр шимээр л амьдарч байна даа” гэж Б.Тэрбиш эгч дурдсан юм.Үнэхээр л тэднийг харахад гэр бүлийн халуун дулаан хайр, хамтын хөдөлмөрөөр бүхнийг босгож чадсан нь хөдөлмөр, зүтгэлийнх нь үр шим гэлтэй. Анх найман үхрээс фермерийн аж ахуй эрхэлсэн Л.Цолмонбаатарынх  өдгөө  250 орчим саалийн үхэртэй, том фермийн эзэд болжээ. Нэгэн цагт өөрсдөө үнээгээ сааж, саасан сүүгээ мотоциклиор Баруун салаагийн даваагаар давж нийслэл рүү дөхүүлэн борлуулдаг байсан гэнэ.

Ингээд үргэлжлүүлэн фермер гэр бүл, Аймгийн харцага, Аймгийн алдарт уяач, Нийслэлийн шилдэг фермер  Л.Цолмонбаатартай аж, амьдрал, амжилт бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө.


– Бөхөөр замнаж явсан залуу яагаад фермер болохоор шийдэв.Энэ  талаараа  та  тодор­хой ярихгүй юу?

– Бага наснаасаа хөдөө мал дээр өссөн.Аав ээжийнхээ гар дээр, хонины захад, үхэр малын хойноос хөөцөлдөж өссөн дөө.Мал хүнийг их зөв хүмүүжилтэй болгодог гэж боддог.Эхнэр хүүхдүүдээ ч дагаад, дээр нь нас дээр гарч байгаа хоёр хөгшнийхөө малыг бэлчээрээс суурин руу шилжүүлчихье гэдэг санаа тэр үед төрсөн.Тиймээс өмнөө том зорилго тавиад эхнэрээ ажилд оруулчихаад анх үхэр авсан ах дээрээ очоод фермийг нь худалдаж авах санал тавьсан даа.Хүсэл мөрөөдөл минь бөхөөр барилд, нөгөө талаар мал аж ахуй сайхан гээд хоёр хуваагдаад байдаг.Гэхдээ тухайн үед бөхөөр яваад амьжиргаагаа залгуулах боломж бас хомс байлаа шүү дээ.Би чинь хэдийнээ хоёр, гурван хүүхэдтэй болчихсон байдаг.Амьдрал толгой дээр буучихсан үе.Ажил хийхгүй л бол амьдрал зогсчих үе байлаа.Тиймээс л бөхөө хаяад аж ахуйн ажил руугаа шууд орсон л доо.Одоо ч тэгээд бөхчүүдэд бэлтгэл хийх цаг зав их л байх юм.Миний үед бол бэлтгэл сургуулилалт хийх цаг зав амьдралд огт гардаггүй байлаа.

– Та өмнө нь банканд ажиллаж байсан гэж ярьж байсан, банкинд байхдаа л фермер болох сонир­хол тээж явсан байх нь, тийм үү?

– Тэгэлгүй яах вэ.Багаасаа үхэр, малд хайртай, ойр өссөн болохоор мал аж ахуйгаар л амьжиргаагаа залгуулъя гэсэн бодолтой явсан.Гэхдээ бэлчээрийн мал аж ахуй эрхэлнэ гэхээр бас сэтгэлд бууж өгөхгүй, нуулгүй хэлэхэд зовлонтой санагдсан л даа.Тиймээс  яг  зориглож амжихгүй, мөрөөдлөө зөвхөн дэвтэр дээр буулгадаг байсан. Харин эхнэр минь мөрөөдлийг минь биелэл болгосны буянаар суурин мал аж ахуй эрхлэх боломж бололцоо юу байна гэж судалж эхэлсэн. Ингээд Ар Гүнт хэмээх энэ сайхан газраас найман үхрээ худалдан авч, одоо энэ газартаа хүссэн  фермийн аж ахуйгаа эрхэлж байна даа.

-Одоогийн  байдлаар  250 орчим үхэртэй гэж байгаа…?

– Саяны мал тооллогоор манайх 250 мал тоолуулсан.Таван адуу, хоёр тэмээ бусад нь үхэр л дээ.

-200 гаруй үхрээс саалийнх нь хэд байна вэ?

– Одоогийн байдлаар 70 гаруй үнээ саагдаж байна.Ер нь фермер эрхлээд арав гаруй жил болжээ.Нэгэнт л үхрийн ферм эрхэлж байгаа учраас бидний амьжиргаа сүүн дээр л тогтож явна.Нэг хэсэг сүүгээ өөрсдөө төв рүү оруулж борлуулдаг байлаа.Харин одоо ч сүүний компаниуд өөрсдөө ирээд авдаг болж.

No description available.

-Танай фермээс ямар компани ирж сүү авдаг юм бэ.Ер нь олон компани бий биз?

– Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр эрхлэгчид мэдээж олон.Гэхдээ манайх ууган үйлдвэр болох “Сүү” ХК-д сүүгээ нийлүүлдэг.Тэртээ 2013 оноос хойш өдий болтол энэ компанид л сүүгээ нийлүүлж байна.

– 2013 оноос “Сүү” ХК-д сүүгээ нийлүүлсэн гэхээр одоо 10 жил болж байгаа юм байна шүү дээ. Ер нь өдөрт хэдий хэмжээний сүү сааль бэлтгэн нийлүүлдэг юм бэ?

– Одоо бол өдөрт 800 орчим литр сүү бэлтгэн нийлүүлж байна уу даа.Ер нь тогтмол 0.8-1.2 тонн литр сүү нийлүүлдэг.Мэдээж арван жилийн хугацаанд гэж бодоход энэ тоо чамгүй их гарах нь тодорхой байх.Сүүлийн бараг дөрвөн жилийн хугацаанд “Сүү” ХК-д хамгийн их сүү нийлүүлэгчээр шалгарлаа.Тухайлбал сүүлийн 5 жилд л гэхэд нийт 354 сая тонн литр сүүг бэлтгэн нийлүүлсэн байна лээ.Энэ бол манай гэр бүлийн хувьд том амжилт гэж ойлгож байгаа.

-Мэдээж энэ их ажлыг гэр бүлийн хүнтэйгээ хоёулхнаа ам­жуулахад хэцүү.Туслах малчид байгаа юу?

– Манайх яг одоо таван өрхийг ажиллуулж байна.Таван айлын хүмүүс гэхээр хүүхэдтэйгээ нийлээд 40 орчим хүнийг хоолтой нь залгуулж яваа гэсэн үг л дээ.Дэлэнт мал дээ­шээ гэж.Хэдэн малынхаа буянаар өөрсдийнхөө амьдралд болоод бусдын амьдралд дэм болж л явна.Анх найман үхэртэй аж ахуйгаа эхэлж байхад сүүгээр яаж амьдрах вэ л гэж бодож байлаа.Тэр үеийг бодоход одоо ч учраа олчихсон л явна.

-“Сүү” ХК-ийн сүү, сүүн бүтээг­дэхүүнийг Монголчууд андахгүй сайн мэдэхээс гадна зөвхөн энэ компанийн бүтээгдэхүүнийг л авч хэрэглээд сурчихсан хүмүүс олон байгаа.Тэр утгаараа айл болгонд л тус компанийн бүтээгдэхүүн бий. Түүнийг нь хараад энэ бүтээгдэхүүнийг манай сүүгээр хийсэн гэж бодох үе байдаг л биз дээ…?

– Байлгүй яах вэ.Энэ чинь бидний бахархал шүү дээ.Фермийн аж ахуй эрхэлж байгааг манай найз нөхөд, ах дүүс бүгд мэднэ л дээ.Хаяа нэг хот хүрээ орохоороо айлаар зочилж таарна.Тэр  үед найз нөхөд маань бид хоёроос асуудаг юм. Энэ олон сүүний үйлдвэрийн аль  нь сайн юм бэ. Аль нь  танай  сүү  юм  бэ  гэж. Эсвэл үхрийн ферм эрхэлдэг хүн сүүтэй ирээ байлгүй дээ гэж  хошигнож асуудаг. Тэгэхээр нь “манай сүү чинь дэлгүүрүүдэд их байгаа шүү дээ.Та нар ч гэсэн энэ “Миний Монголын сүү”-г авчихсан хэрэглэж байна.Энэ чинь л манай фермийн сүү шүү дээ” гэдэг.Ер нь нөгөө загасчны морь усгүй гэдэгтэй адил бид өөрсдөө заримдаа цайны сүүгүй болчихсон байдаг.Бид литр сүүг ч үлдээлгүй “Сүү” ХК-д нийлүүлчихэж байгаа юм чинь…Ингээд сүүгүй болчихоороо дэлгүүрт ороод л “Миний Монголын сүү”-г худалдаад авчихдаг юм.Өөрийнхөө сүүг л авч байна гэсэн үг шүү дээ (инээв).Нэгэнт “Сүү” ХК-ийг ярьсаных энд тэмдэглэн үлдээх нэг зүйл байна.

No description available.

– Юу билээ…?

– Засгийн газрын шийдвэрээр сүүний зах зээлийг тэлэх, малчдаа дэмжих хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь сүүний урамшуулал байдаг.Нэг литр сүү тутамд 500 төгрөг олгодог байсан.Нэг талдаа биднийг дэмжиж байгаа мэт боловч нөгөө талдаа тэр хэмжээгээрээ татвар авах нь их байдаг.Харин одоо нэг литр сүү тутамд 1000 төгрөг өгч байна.500-г 1000 болгож өсгөсөн санаачилгыг “Сүү” ХК анх гаргаж, ажил хэрэг болгосонд малчид, фермерүүд бид талархан хүлээн авдаг. Хэдий аж ахуйн нэгж ч гэлээ төр засгаас илүү биднийг ойлгож, бидний бэрхшээлийг төр засагт  уламжилж байдагт нийлүүлэгч бид баяртай байдаг. Ер нь аливаа компани, аж ахуйн нэгж гэдэг бол гол ашиг, орлогыг нь бүрдүүлж буй тэрхүү эх үүсгэврээ бодох ёстой.Тийшээ чиглэсэн бодлого компани, аж ахуй эрхэлж байгаа удирдлагуудад байх ёстой гэж боддог.Энэ чиглэлдээ “Сүү” ХК маш сайн ажилладаг гэдгийг хамтран ажилласан 10 жилийн хугацаанд бардам хэлэх байна.Цаашид ч хэдэн арван жил хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

– Манай нийгэмд нийтлэг буруу ойлголт байдаг шиг санагддаг.Тэр нь эрчимжсэн мал аж ахуй гэдэг бол хэдэн малаа байшинд оруулчихаад өвс, усыг нь тавьж өгөхөөс өөр зүйл хийдэггүй гэж.Ер нь бэлчээрийн мал аж ахуй энэ төрлөөс ямар ялгаатай юм бэ?

– Миний хувьд бэлчээрийн мал аж ахуйг багаасаа дагасан хүн.Тиймээс бэлчээрийн мал аж ахуйгаа бүрэн үгүйсгэж бол чадахгүй байгаа юм.Аль аль талдаа л давуу болон сул тал бий.Жишээ нь бэлчээрийн мал аж ахуй гэдэг бол Монгол Улсыг эзэнтэй байлгадаг, амьтай оршуулдаг уламжлалт соёл юм болов уу гэж боддог.Харин эрчимжсэн мал аж ахуй гэдэг бол цөөн тооны малаас өндөр үр шим хүртэх боломжийг нээж өгдөг.Мөн фермерийн аж ахуй учраас зуд зурхан, байгалийн элдэв янзын үзэгдэлд хорогдоод байдаггүй.Өөрөөр хэлбэл эрсдэл хамгийн багатай мал аж ахуй гэж ойлгодог.Мэдээж хотжилт, төвлөрөлтэйгөө зэрэгцээд энэ төрлийн аж ахуй эрхлэх боломж нь эрчимжсэн мал аж ахуй.Тиймээс цаашид ч энэ чиглэлээр мал аж ахуй эрхлэгчдийн тоо олшрох тусам энэ салбарт илүү том, илүү үр өгөөжтэй болох болов уу.

– Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн   зовлон  бэрхшээл ер нь юу байдаг вэ. Мэдээж аливаа ажил, бүтээмжид гарч ирдэг  тулгамдсан  асуудал  байдаг л даа…?

– Тулгамдсан асуудал бас байна.Хамгийн түрүүнд энэ салбарт ажиллах хүн огт олдохгүй байна.Олдсон ч хэдхэн сар ажиллаад шантраад явчихаж байна.Тиймээс энэ чигийн хүний нөөцийг бэлтгэх шаардлага манай улсын хөдөө аж ахуйн салбарт байгаа болов уу.

– Яагаад ажлаасаа шантраад буцдаг юм бэ.Тийм хүнд ажил хийдэг гэж үү.Эсвэл цалин хөлс нь бага байна уу?

– Цалин хөлсний тухайд ёстой багадах юмгүй л гэж боддог.Манайх жишээ нь таван өрхийг ажлуулж байна.Тэгэхээр нэг өрх сардаа хоёр сая гаруй төгрөгийн цалин авдаг.Хажуунаас нь бид бас нийгмийн асуудлуудыг нь бага боловч шийдэж өгдөг.Ингээд байхад л хүний итгэл даагаад, сэтгэл гаргаад ажиллах хүн ховор болж.Нөгөөтэйгүүр нийгмийн хандлага, хүний зарчим гэдэг зүйл алга болсон юм болов уу гэж боддог.Нэг үгээр хэлбэл бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс их болж.Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн нь ч их байна.Олон ч малчин гэж ирсэн хүмүүстэй хамтарч ажиллалаа.Хамгийн сайн малчин гэсэнтэй ч ажиллаж үзлээ.Ихэнх нь шантраад явчихдаг.Яагаад шантарчихдаг вэ гэхээр их энгийн.Ирж байгаа хүмүүсийн ихэнх нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байсан хүмүүс байна.Өглөө малаа бэлчээрт нь гаргачихаад өдөр араас нь очиж нэг эргүүлчихээд л ирдэг.Харин эрчимжсэн мал аж ахуй бол үүнээс өөр.Малынхаа араас хол газар явахгүй ч өглөө эрт босоод тогтсон хийх ёстой ажлаа хийдэг.Ажлын хувьд хөнгөн гэж хэлж болохоор.Гэхдээ хүнд чөлөөт цаг гарах нь жаахан хомс байж мэдэх юм.Үүнээс болоод малчид шантардаг.Зүгээр суух цаг гаргаагүйгээс болоод шантарч байна. Өөрөөр хэлбэл эрчимжсэн мал аж ахуй эрхэлнэ гэдэг бол залуу хүний хийдэг ажил биш  гэсэн үг л дээ.

No description available.

– Өдөрт 800 литрээс дээш хэм­жээний сүү бэлтгэн ний­лүүл­дэг гэсэн.Энэ хэмжээг улам нэмэг­дүүлэх ямар боломж байна вэ?

– Нэмэгдүүлэх бааз суурь бол хангалттай бий.Хамгийн чухал нь түрүүнд хэлсэн ажиллах хүч л байна.Хүний итгэл даагаад сэтгэлээрээ ажилладаг хүмүүс байвал фермерийн ажил, нийлүүлэх сүүний хэмжээ улам л нэмэгдэх боломж байгаа.Бид  төрийн ажил аль  эсхүл  оффисын  ямар нэгэн ажил хийж байгаадаа бол биш харин ямар ч ажил байсан хамгийн гол нь хүний нөөцийн чадвар, чадавхжуулалт болоод хүний нөөцөд суурилсан бодлого хэрэгтэй байдаг юм байна гэдгийг сайн ойлгож байна. Тийм ч учраас шантраад явсан нэгнийг хаях биш ажил хийх дөртэй, бас дуртай болгох тал дээр ажиллахыг эрмэлздэг дээ.

 

Э.ТҮВШИН

2 replies on “Нийслэлийн шилдэг фермер Л.Цолмонбаатар: Та нар “Миний Монголын сүү”-г авч байгаа бол манай фермийн үнээний сүүг л ууж байгаа шүү дээ гэж танилууддаа бардам хэлдэг DNN.mn  ”

Сайхан хөдөлмөрч залуу байна… иймэрхүү залуус олон байх болтугай

Ta nartaa bvteej hudulmurluj baigaa ajil vilst ni under amjilf hvsej ger bvld ni ervvl enh az jargal sain saihan bvhniig hvsen eruue tsaashdiin ajil vils ni uudrug baih boltugai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *