Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн мэргэжилтнүүд Вена хотод суралцана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Австри улсын Вена хотын Засаг дарга ноён Др. Хойплын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж байна. Вена хотын Засаг дарга ноён Др. Хойпл  манай төлөөлөгчдийг хүлээн авч, түүний урилгыг найрсгаар хүлээн авч өөрийн баг төлөөлөгчидтэйгөө хүрэлцэн ирсэнд нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд талархаж байгаагаа илэрхийллээ.

Хотуудын дарга нар нийслэл хотуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Нийтийн тээврийн шинэчлэл, боломжит өртөг бүхий орон сууц барих, орон сууцны сан бүрдүүлэх, барилгын шинэ техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцсон бөгөөд  Улаанбаатар хотын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Вена хотод зохион байгуулах талаар харилцан тохиролцоонд хүрлээ. Нийслэлийн Засаг даргын айлчлалын бүрэлдэхүүнд манай улсын бизнесийн төлөөлөл багтсан бөгөөд тус улсын Худалдаа Эдийн Засгийн танхимын Барилгын холбооны төлөөлөлтэй уулзаж, барилгын шинэ техник технологи нэвтрүүлэх, богино хугацаанд барилга барих талаар хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн Вена хотод хийж буй албан ёсны  айлчлал амжилттай үргэлжилж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.