НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Эхний хэлэлцүүлгээр өвөлжилтийн бэлтгэл болон Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд НИТХ дахь ажлын хороод болон намын бүлгүүд санал, дүгнэлтээ хэлсэн юм.
Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс 734 арга хэмжээний санал ирсэн бөгөөд бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангаж, нийгэм, эдийн засагт оруулах ач холбогдол, нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болон урьдчилсан нөхцөл, бэлтгэл хангагдсан байдал, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа зэрэг нөхцөл, шаардлагуудыг харгалзан эрэмбэлж, төсөлд тусгажээ. Төслийг үр дүнд суурилсан буюу тодорхой байх, хэмжиж болохуйц, хүрч болохуйц, бодитой, цаг хугацаатай байх гэсэн төлөвлөлтийн үндсэн шаардлагыг баримталж, цогц байдлаар боловсруулсан байна.
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг Хотын хөгжлийн индекстэй уялдуулан хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн үндсэн зургаан бүлэгтэй байхаар боловсруулсан. Энэ хүрээнд нийт 143 үр дүн бүхий 418 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийг түшиглэн “Эрүүл мэндийг дэмжих” төв шинээр байгуулан, хүлэмжийн аж ахуйн талбайн хэмжээг нэмж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний улирлын хэлбэлзлийг бууруулах, төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 91 үйлчилгээг шилжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимжүүлэх, авто замын сүлжээг нэмэгдүүлэх ажлуудыг төлөвлөгөөнд тусгасан байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Нийслэл Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлж байгаа олон ажил бий. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа УИХ-аар шинэчлэн батлуулсан. Үүний цаана нийслэлчүүдийн эрх ашиг бий. Тус хуулиар нийслэл бонд гаргах эрхтэй болсон нь одоо ажил хэрэг болоод явж байна. Мөн өмнө нь жилд зөвшөөрөлгүй 100 хүрэхгүй гарааш буулгадаг байсан бол одоо 7000 гаруй гарааш буулган, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байгаа. Хашаа, хайс буулгах ажил мөн үргэлжилж буй. Энэ хэрээр хотын өнгө үзэмж сайжирч байна. Түүнчлэн Хотын стандартыг баталж, нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Яармаг, Зайсангийн гүүр зэрэг бүтээн байгуулалтыг үндэсний компаниуд хийж, эхнээсээ ашиглалтад орж байна.
Улаанбаатар хотоос төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдэн УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгууллаа. Хотын эрх зүйн шинэтгэл, эдийн засгийн бие даасан байдал, эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрийг УИХ, Засгийн газрын түвшинд дэмжиж, хамтран ажиллаж байгаа. Улаанбаатар хотын санхүүгийн эх үүсвэрийг цаашид нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд, мөн тулгамдсан олон асуудлыг шийдэхээр Улаанбаатар хотын багц хуулийг өргөн барих гэж байна хэмээлээ. Тэрбээр мөн НИТХ дээр улс төржмөөргүй байна гэдгийг тодотгосон.
Төлөөлөгчдөөс 42 санал гарч, НИТХ дахь ажлын хороо, намын бүлгүүдээс гарсан саналуудыг тусгаж, Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг батлав.