Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдийн түүх соёлын мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарна

“Найрсаг
Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын
иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор
Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд,
дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж
байгаа билээ.

Энэ удаад Улаанбаатар хотод зорьж үзэх таван сүм хийдээс Чойжин ламын сүм музейн цогцолборын түүхийг хүргэж байна.

Товч түүх:

VIII Богд Жавзундамба хутагт өөрийн төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын
хурал номын ажилд зориулан 1904-1908 онд хааны ордны уран барилгач
Омбогын зураг төсөл, удирдлагаар, монголын 300 гаруй шилдэг урчуудаар
Чойжин ламын сүмийн цогцолборыг бариулжээ. Энэхүү сүмийн барилгын ажилд
нийт 88779 лан буюу 1821,2 кг цэвэр мөнгө зарцуулжээ.
Лувсанхайдав нь 1872 онд Төвөдэд төрж, 1876 онд монголд иржээ. Тэрээр
1905онд Манж дайчин улсын Бадаргуулт хаанд өөрийн сүмд нэр хайрлан
шагнахыг гуйж айлтгасанд “Өршөөлийг хөгжүүлсэн сүм” хэмээн нэр олгосон
байна.
Сүмийн нэг онцлог нь түүний адар туурганд шашны дайсны толгой, уушиг,
зүрхийг дүрсэлж зурсан. Энэ нь шашны дайсан тэрсүүдийг дарагч чойжин
сахиусын сүм хэмээсэн санааг илэрхийлсэн хэрэг ажээ.
Чойжин ламын сүмийн хурал номын үйл ажиллагааг 1938 онд хааж, 1942 оноос
шашны музей болгон, тусгай зочид, гадаадын төлөөлөгчдөд үзүүлж байгаад
1962 оноос олон нийтэд нээлттэй үзүүлэх болжээ.
Өдгөө Чойжин ламын сүм музей нь Ямпай хаалга, Махранзын сүм,
Хүндэтгэлийн асарт хаалга, Гол сүм, Занхан сүм, Зуугийн сүм, Ядамын сүм,
Мөргөлийн буюу Өндөр гэгээний сүм гэсэн цогцолбороос бүрдэж байна.

Хамгаалалтын зэрэглэл:

Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад
авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор
мөн улсын хамгаалалтад бүртгэн авсан.

Байршил:

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, О.Жамъян гүний гудамжны урд хэсэгт,
Гэндэнгийн гудамжны хойд хэсэгт байрладаг. Улаанбаатар хотын төв цэгээс
урагш 350 метр зайтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *