Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн А бүсэд ипотекийн зээлийг 10 хувьтай олгох схем боловсруулжээ

Улаанбаатар хотын А бүсэд байр авах бол ипотекийн 10 хувийн хүүтэй зээл, Б бүсэд байр авах бол 8 хувийн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд ашиглалтад орсон байр авах бол ипотекийн 6 хувийн зээл олгох, орон нутагт байр авч байгаа иргэдэд 6 хувиас доош хувийн хүүтэй зээл олгох схемийг төв банк боловсруулжээ. Удахгүй энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Улаанбаатар хотын А бүсэд хүн амын төвлөрөл их байгаа гэдэг агуулгаар ипотекийн зээлийн хувь хэмжээг өндөр тогтоосон аж. Гэхдээ олон нийт энэхүү схемийг дэмжих үү” гэдэг эргэлзээ дагуулж буй юм. Учир нь, ипотекийн зээлийг анх жилийн 8 хувийн хүүтэй олгож ирсэн бол дараа нь 6 хувь болгон бууруулсан. Жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл авсан иргэдийнхийг адил тэгш 6 хувь болгон бууруулах ёстой гэдэг асуудал хөндөгдөж ирсэн. Гэвч төв банкны зүгээс “Хүүгийн зөрүү гарч, асар их хэмжээний мөнгийг төрөөс даах шаардлага үүснэ. Боломжгүй зүйл” гэдэг хариулт өгсөөр ирсэн билээ. Гэтэл одоо хүн амын төвлөрөл их шалтгаанаар бүсээр нь ипотекийн зээлийг ялгавартай тогтоох нь асуудал дагуулж мэдэхээр байгаа юм.

Сануулахад, хүн амаа орон сууцжуулах зорилгоор тухайн үеийн Засгийн газар 2013 онд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн юм.  Улмаар ипотекийн зээлийн хүүг 2 хувиар бууруулж 6 хувь болгосон бол өнгөрсөн жилээс орон нутагт байр авч байгаа иргэдэд 6-3 хувийн хүүтэй олгох болсон. Үндсэндээ ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 11 жилийн хугацаанд 8.8 их наяд төгрөгийн санхүүжилтийг 128 мянган өрхөд олгож, орон сууцтай болсон байдаг.  Ипотекийн зээл нь хүү бага, урт хугацаатай олгогддогоороо давуу талтай.

Гэвч бүсчлэлийг дагаж, ипотекийн зээлийн хүү нэмэгдэж мэдэхээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *