Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд ирэх сараас таксины шинэ үйлчилгээг нэвтрүүлнэ DNN.mn

Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажил зөвхөн автобуснууд оруулж ирснээр хэмжигдэхгүй. Трамбай, такси, дүүжин тээвэр, метрог хосуулж хөгжүүлнэ гэдгийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар сэтгүүлч нартай уулзах үеэр онцлон хэлсэн юм.

Тэрбээр таксины үйлчилгээгээр жишээ татан хэлэхдээ, такси болон жолооч нарыг бүртгэлжүүлэх нь чухал байна гээд таксины үйлчилгээний нэгдсэн стандарт бүхий франчайзинг хэрэгжүүлэх бизнес моделийг боловсруулж байна гэв. Тодруулбал бизнес модулийг доорх төрлүүдээр хөгжүүлэх нь. Үүнд:

  • Нэгд, такси баазтай байх юм уу, бааз байгуулж жолооч нарыг авч бүртгэн цалинжуулж ажиллуулах,
  • Хоёрт, uber маягийн таксины баазгүй, жолооч нарыг аппликэйшн дээр нэгтгэж явуулах,
  • Гуравт, дээрх хоёр аргыг хослуулсан дундын бизнесийг хөгжүүлэх явдал юм гэдгийг танилцууллаа.

Манай улсад 80 гаруй мянган хүн албан болон албан бусаар таксинд явдаг судалгаа гарчээ. Энэ нь такси барих хүний нөөц байна гэсэн үг. Гол нь тэдэнд стандартын, зөв талын жолоотой, таксиметртэй, аюулгүй байдлыг хангасан бүхээгтэй таксины шинэ моделийг санал болгоно гэдгийг хэллээ.

Тэрбээр, таксины бизнес үйлчилгээг ирэх сараас олон нийтэд танилцуулна. Анхаарах нэг зүйл бол манайд цахилгаан машин явахад нэлээд хүндрэлтэй. Тиймээс манай таксины үйлчилгээнд тохирох машин нь хайбрид юм гэдгийг тодотгож байв.

Цаашид таксины үйлчилгээг хоёр төрөлтэй болгох нь. Нэг нь хар такси, нөгөө нь ердийн такси. Хар такси нь үнэтэй, өндөр зэрэглэлийнх байх бол ердийн такси нь арай хямд үнээр үйлчлэх аж. Таксины үйлчилгээний зорчих үнэ тарифыг нь шинэчлэх хэрэгтэй байгааг нийслэлийн Засаг дарга онцолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *