“Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзориг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнөөдөр болж байна. Б.Ганзориг нарыг Баян-Өлгий аймагт 2012 онд “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд тус аймгийн 13 сумын 30 багийн байрыг барих тендерт шалгарч 30 барилга барих төсвөөр 19 барилга барьсан хэрэгт буруутгаж байгаа юм. Мөн Хүн ам нийгмийн хамгааллын яамны харьяа “Үндэсний цахим архив”-ын барилга, IV амаржих газрын барилгыг барих мөнгийг төсвөөс авсан ч барилгыг ашиглалтад оруулахгүйгээр мөнгийг хувьдаа завшсан гэж сэжиглэж буй. Тус барилгыг барих нэрээр “Нийслэл өргөө” компани нь батлагдсан төсвөөс 7.7 тэрбум төгрөг авсан ч, барилгыг ашиглалтад оруулалгүй гацааж, мөнгийг хувьдаа завшсан гэгдэж байгаа. Тиймээс тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс гурван хүний амь эрсдэхэд хүргэсэн, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт буруутган шүүж байна.