Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 11 сарын байдлаар 2.4 их наяд төгрөг боллоо.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 701.2 (41.3 хувь) тэрбум, нийт зарлага 2.3 их наяд төгрөг болж, 68.9 (3.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлого 546.2 (52.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны 11 дүгээр сард 261.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 12.3 (4.9 хувь) тэрбум, нийт зарлага 219.1 тэрбум төгрөг болж, 26.7 (13.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 11 сарын байдлаар 899.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 520.7 (2.4 дахин) тэрбум, нийт зарлага 1.1 их наяд төгрөг болж, 785.4 (3.2 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны 9 дүгээр сард 75.9 тэрбум, 10 дугаар сард 80.4 тэрбум, 11 дүгээр сард 88.8 тэрбум төгрөг болж нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.