Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, алдарт нэхмэлчин Б.Гүнжилам, хань Д.Цээсүрэнгийнхээ хамт гэрийнхээ үүдэнд биднийг угтлаа.
Эднийх Шувуун фабрикт өнгөрсөн хавар иржээ. Хүүхдүүд, өөрсдийнх нь нийлээд зургаан хүний газар дээрээ жижгэвтэр үйлдвэрийн байр бариад, үлдсэн хэсэгт нь ногоо тарьж, хүлэмж байгуулахаар төлөвлөж л дээ. Ингээд блокоо өөрсдөө цохиод, хүлэмж ч худалдаж аваад, нэхмэлийн үйлдвэр барих зураг төслөө хүртэл боловсруулж байтал хаанаас ч юм хэдэн хүн гарч ирээд “Энэ газар чинь минийх” гээд хоёр хөгшнийг баахан сандаргаж байгаа аж. Хөдөлмөрийн баатар маань ном журмынх нь дагуу явж газартай болоодохлоо гэж бодтол өөр эзэд гарч ирээд төлөвлөсөн ажил нь түр зогсчихоод байгаад жаахан гомдолтой ярианаас нь анзаарагдлаа. Гэрийн эзэн Д.Цээсүрэн гуай “Уг нь Гүнжээ маань Хан-Уул дүүргийн Хүндэт иргэн юм шүү дээ. Манай хүн чинь цагтаа улсдаа, нийслэлдээ хийдгээ хийсэн хүн. Юм хийчихлээ гээд зүгээр суудаггүй. Одоо жижгэвтэр үйлдвэр бариад энэ хавийнхныгаа ажилтай болгоно гэж зориод байгаа. Гэтэл энэ газрын гэрчилгээ нь гардаггүй” гэлээ.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны энэ хэсгийг Шинэ суурьшлын бүс гэдэг юм байна. Газрууд нь эзэдтэй бололтой, хашаагаа хатгах нь хатгаад, ирээд суух нь суучихаж. Гэхдээ ундуй, сундуй. Гудамжаар нь холхих хүн цөөн, дэлгүүр, ТҮЦ гэж үгүй. Замаар нь ачааны том машинууд элс хайрга зөөж давхилддаг болохоор тоос шороо, дуу чимээ их.
Гүнжээ баатар “Би хот руу орно оо. Ажил дээрээ очих дуртай шүү” гэлээ. Тэрээр төмс, лууван арилгаад тогоо руу хийчихлээ. Тэгснээ буузны гурилаа гаргаж ирээд ганц нэг нухалснаа дээрээс нь түмпэн хөмрөв.
Эднийх таван хүүхэдтэй. Нэг хүү, дөрвөн охинтой. Том хүү Ц.Баярхүү нь компьютерийн чиглэлийн мэргэжилтэй. Удаах охин Ц.Оргилмаа нь тогооч, дундах охин Ц.Бурмаа нь герман, орос хэлний орчуулагч юм байна. Охин Ц.Одончимэг нь цэцэрлэгийн багш бол отгон охин Ц.Отгончимэг нь маркетингийн мэргэжилтэй бөгөөд сүлжмэлийн жижгэвтэр үйлдвэрт ажилладаг аж. Том охиных нь отгон хүү эмээ, өвөө дээр байгаа гэнэ. Дөрвөн настай, Оргилболд зээгээ өвөө нь “Манай ач, зээ нараас энэ л бөх болох хүн дээ. Би тэгж л хараад байгаа юм. Дөрвөн настай шүү дээ. Тэгсэн хэрнээ том биетэй байгаа биз” гэж бахархан харж, толгойг нь илнэ.
Б.Гүнжилам гуай “Бид хоёр өнөө зун Орос руу явсан. Тэнд сурдаг ууган ач хүү дээрээ очоод ирсэн. Ач хүү маань Ленинградад төмөр замын сургуульд сурдаг юм. Бид нийтдээ хорин тав хоног сайхан аялаад ирсэн” гээд хойно авахуулсан зургаа сонирхуулна. Гүнжээ баатрын аав Г.Балжинням Хэнтийнх юм байна. Харин баатар маань ээжийнхээ нутаг Архангайн Цэнхэрт төрсөн аж.
Хотод нэгдүгээр сургуулийг төгсөөд илгээлтээр үйлдвэрт очиж ажлын гараагаа эхэлж байжээ. Уг нь Багшийн дээдийн шугам зургийн багшийн ангид орно гэж төсөөлж байсан гэнэ. Сургуульд нь Үйлдвэр сургалтын хичээл орж сурагчдыг үйлдвэрүүдэд дадлага хийлгэдэг байсан нь нөлөөлж сургуулиа төгсөөд 1965 онд илгээлт авч үйлдвэрийн ажилчин болжээ.
“1965 оны зургадугаар сарын 22-ны өдөр юм. Аж үйлдвэрийн комбинатын конторт үйлдвэрүүдийн дарга нар ирчихсэн. Илгээлтээр ирсэн 120 хүүхдийг хуваарилж авцгаасан юм. Би арван жилийн найз Мажигсүрэнтэйгээ нэхмэлийн үйлдвэрт хуваарилагдлаа. Илгээлтээр ирсэн 33 хүүхэд нэг өдөр нэхмэлийн үйлдвэрээс хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Би үйлдвэрт очсон цагаасаа нийгмийн асар их идэвхтэй байсан. Тэр үед ямар гоё байсан юм бэ. Улс орон даяар илгээлтийн эздийн тухай ярьцгааж, залуус илгээлтээр эх орны өнцөг булан бүр рүү яваад л. “Хөхөө гэрлэх дөхлөө” кино, атрын тухай өгүүлсэн кино, зохиол гараад л. Илгээлт авсан залуусын сэтгэл их хөдөлнө” гэж Б.Гүнжилам гуай ажил дээр, үйлдвэрт хэрхэн ажилчин болж очиж байсан тухайгаа дурсан ярьж байхдаа уйллаа. Хэсэг чимээгүй байж байснаа “Манай үйлдвэрт сайхан сайхан хөгшчүүл залуус бидэнтэй чинь мөр зэрэгцэн ажиллана. 76 настай Дашдулам, 73 настай Цэрэндулам, 72 настай Сосор, Должин гээд олон хөгшчүүл ажилладаг байлаа. Тухайн үед тэтгэвэрт гарсан ч бие хаа нь эрүүл саруул байвал ажиллахыг зөвшөөрдөг байсан юм. Тэдний хараа сайн. Сүвлэгээний хэсэгт ажилладаг байсан гээд бод доо. Нэг нь амандаа тамхи зуучихаад ажиллана. “Та тамхи татахаа боль. Утаа битгий гарга. Тамхи татдаг өрөө рүү оч” гэж бусад нь хэлэхээр “Тийшээ очиж тамхи татах гэхээр цаг алдах гээд байна. Эндээ л” гээд бөөн инээдэм болцгооно. Би чинь 44 настайдаа тэтгэвэрт суусан. Дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн гээд. Одоо 67 настай. Дээр өгүүлсэн хөгшчүүлтэй харьцуулбал надад ажил хийх нас өчнөөн байгаа биз дээ. Зүгээр суухыг боддоггүй юм” гэж яриад үйлдвэрийг нь хувьчлаад машинуудыг нь төмрийн хаягдалд өгч, олон зуун хүнийг ажилгүй болгосон тэр үеийг бодохоор харамсал төрдөг гэлээ.
Б.Гүнжилам гуай тухайн үед үйлдвэрээс гардаг хаягдлыг дахин боловсруулах цех байгуулах хүсэлт гаргасныг нь дээрээс дэмжиж “Аж үйлдвэрийн хаягдал буюу хоёрдогч түүхий эдийг эргүүлэн ашиглах нь зүйтэй” гэж үзэн тасаг байгуулж өгчээ. Актлагдсан хэдэн хуучин машинтай тасагтаа ажилчин авах зар тавьтал дөрвөн хүн иржээ. Үйлдвэрээс нь засварчдыг цагаар ажиллуулах болж. Ингээд оёдол, нэхмэлийн үйлдвэрээс гарсан, 1960 оноос хойш хуримтлагдсан хаягдал, өөдсөөр ажлын бээлий, сандлын бүрээс, буйдангийн бүтээлэг, гэрийн хөшиг, хаяавч, зүүмэл хөнжил, орны бүтээлэг, гудас зэрэг олон бүтээгдэхүүн гаргадаг байжээ. Тэр бүү хэл оёдлын үйлдвэрийн даавууны өөдсөөр хүүхдийн дотоож, даашинз оёдог байсан гэнэ. Б.Гүнжилам гуай үйлдвэрт ажилчин байх үеийнхээ тухай ярихдаа тун чиг дуртай, сэтгэл хөдлөн ярина. Б.Цээсүрэн гуай хөгшнийхөө ярихыг чих тавин сонсонгоо тогоонд чанаж байгаа ногоондоо ч санаа тавина. Хажуугаар нь зээгээ томоотой байлгах гэж тэрүүхэн тэндээ арга хэмжээ авна.
Гүнжээ баатрын нэхэж байсан орны бүтээлэг гэрт нь байна. Гаргаж ирж үзүүлнэ. Пальтоны драпны өөдсөөр хийсэн бүрээстэй сандал руу зааж “Энэ байж л байна” гэлээ.
Д.Цээсүрэн гуай Завханы Яруу сумынх юм байна. Нутгаасаа хар багадаа гарч, ээжийгээ дагажээ. Ээж нь Шаазан ваарны үйлдвэрт ажиллана. Үйлдвэрийн ажил хүнд хүчир болохоор сүүлд бие хаа нь мууджээ. Тэр үед нь Д.Цээсүрэн гуай ээжийнхээ ажлыг хийж үйлдвэрт ажилчин болсон гэнэ. Багаасаа ээжийгээ дагаж үйлдвэрт очдог байсан болохоор тэнд ажиллахад хэцүү байгаагүй аж. Зургадугаар ангид байхад нь тус үйлдвэрийн удирдлага түүнд ээжийнхээ ажилд сайн тусалдаг гээд баярын бичиг хадгалуулж байж. Тийм болохоор хэзээний л ажилчин нь юм шиг л ажилладаг байсан гэнэ.
1963 онд гэр бүлийнхээ хүнтэй танилцаж байжээ. Хоёулаа жаахан хүүхдүүд. Шаазан ваарны үйлдвэр, Нэгдүгээр сургууль ойролцоо оршдог байж. Б.Гүнжилам гуай “Би наймдугаар ангид байлаа. Манай ангийн Даваажав, Мөнхцэцэг нар кино үзье гэнэ. Бидэн дээр үйлдвэрт ажилладаг гээд хөөрхөн хөөрхөн банди нар ирнэ ээ. Хамт кино үзнэ. Биднийг өнөө үйлдвэрийн ажилчин залуус маань хоолонд оруулна. Гэхдээ хааяа. Хоёр гурван удаа л байх. Тэгж уулзсаар байгаад л дассан даа” гэж дурслаа. Тэгтэл Д.Цээсүрэн гуай буузны гурил тасалж байснаа “Бид тавуулаа нийлдэг байлаа. Таван сайхан шижигнэсэн залуус. Одоо гурав нь л амьд сэрүүн байх шив” гэлээ.
Б.Гүнжилам гуайн сэтгэл нь хөдөлсөн нь илт. Залуу сайхан байх үеийнхээ үүх түүхийг нэгд нэгэнгүй ярина. Ярих бүрт сормуус нь чийгтээд үе үе чимээгүй болчихно. Нулимсаа гараараа арччихаад л ажилчин байсан үеэ дурсана.
Хөдөлмөр зусланд явж, намрын ажлаар Ерөө, Жаргалантын сангийн аж ахуйд ангийнхантайгаа ажилладаг байж. Тракторын чиргүүлэн дээр сууж талбай дээрээ очно. Ангийнх нь дөрвөн хүүхэд тогооч хийнэ. “Мартагдашгүй намар” кинон дээр гардаг яг тэр үйл явдал. Тогооч андууд нь хоолоо хийчихээд “Ерөөгийн чайк” гээд нэрлэчихсэн өнөө чиргүүлэн дээрээ тавиад нөгөөдүүл дээрээ очно. “Ямар гоё байсан юм бэ. Эх орныхоо төлөө ажиллаж байна гэсэн чин эрмэлзэл бидэнд байжээ. Тэр үеийн хүүхдүүд ингэж л ажил хөдөлмөрийн амтыг багаасаа мэдэрч өсдөг байлаа. Гэтэл одооны хүүхдүүд тийм биш. Ажлын найман цагаа яажшуу нэг юм ачаалалгүй, амар хялбар дуусгаад харьдаг билээ. Зүгээр сууж байгаад явчих юмсан гэсэн бодолтой. Эх орныхоо төлөө гэх сэтгэлгүй, хөдөлмөрийн амт гэж юу байдгийг ч мэддэггүй улс. Энэ бүхэнд хүүхдүүдийн буруу гэж юу байх вэ. Төр засгийн л буруу юм шүү дээ” гэнэ.
Хөдөлмөрийн баатар маань өөрийнхөө хүүхдүүдийг хөдөлмөрч, шаргуу зантай болгож өсгөжээ. Тэрээр “Цээсүрэн гэдэг айлын хамгийн үнэт зүйлс бол үр хүүхдүүд маань. Миний хүүхдүүд яасан их хөдөлмөрч гэж санана. Миний том охин ганцаараа л ресторан ажиллуулаад явдаг ш дээ. Олон хүний ажлыг ганцаараа хийдэг гээч. Бага охин маань ч мундаг дайчин. Амаржаад хэдхэн хоноод л магистртаа явж эхэлсэн. Би хүүхдүүдээрээ, бэр, хүргэнүүдээрээ бахархдаг юм” гэж ярилаа. Эхний гурван хүүхдээ төрүүлээд 48 хоногтойд нь үйлдвэрийн дэргэдэх яслид өгчихөөд ажилдаа ордог байж. Өдрийн цайны цагаар очиж хөхүүлнэ. Яслийн нас нь өнгөрөнгүүт үйлдвэрийн дэргэдэх цэцэрлэгт оруулчихна. Ийм маягаар л таван хүүхэд нь торнижээ. Заримдаа хоёулаа шөнийн ээлжинд ажиллах үе бий. Тэгээд үүрээр ирнэ. Ууган хүү нь хаалганыхаа дэргэд эвхдэг цагаан ороо засч унтдаг байсан гэнэ. Аав, ээжийгээ шөнө ирэхэд нь нам унтчихаж магад. Хаалгаа тайлж өгөхгүй бол аав, ээж минь хаачих вэ гэж санаа нь зовдог байсан нь тэр. Б.Гүнжилам гуай хүүхдүүдийнхээ тухай ийн яриад уйлав. “Аав, ээж минь надад их тус болдог байлаа. Тэд маань миний сайн сайхан явахыг хараад, ард түмэн минь надаар бахархахыг үзчихээд бурхан болсон юм шүү дээ” хэмээлээ. Хойно нь орон дээр сууж байсан хөгшин нь сэтгэлийг нь засч “Миний хөгшин одоо уйлаад яах вэ. Сэтгэлээ барь” гэлээ. Тэгтэл баатар маань хүүхэд шиг л нулимсаа гараараа шудраад “Хөгшөөн, ногоо болсон байх. Гаргаарай. Одоо хэдүүлээ сайхан бууз хийж иднэ ээ” гээд хөгжүүн өгүүллээ.
Өвөө, эмээ, зээ хүү гурав бууз хийж гарлаа. Том том цэцгэн бууз. Түрүүн тогоонд чанасан төмс, лууванг гаргаж ирээд наранцэцгийн тос, ногоо амтлагчуудтай хутгаад салат хийчихлээ.
Эднийх улсын баяр, цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэнэ. Д.Цээсүрэн гуай “Сүүлийн үед ахмадын баяраар хүүхдүүд ирдэг болсон. Тэр өдрөөр бид хоёрыг баярлуулна. Ахмадын баярыг тэмдэглэдэг болсноосоо хойш л өөрийгөө настай болсноо мэдрээд байгаа шүү” гэж инээмсэглэлээ. Хүүхдүүд нь гэртээ ирэхээрээ аав, ээжийнхээ гарын цуйван, бууз, хуушуурыг идье гэнэ. Ястай мах чанаад, шөлөнд нь хоёрдугаар гурил тасалж хийсэн хоолыг хүүхдүүд нь илүү амтархан “Ээжийн шөлтэй хоол хамгийн сайхан нь” гэж магтуулдаг аж. Амралтын өдрөөр шар будаатай, банштай чанаж уух нь эдний гэр бүлийн бас нэг уламжлал.
1994 онд Д.Цээсүрэн гуайд Гутлын үйлдвэрээс нь гутлын ул хийдэг 20 ширхэг резин өгөөд л ажлаас нь гаргаж байжээ. Олон жил ганц ч төгрөгийн орлогогүй байж байгаад 2008 онд тэтгэвэрт гарч мөнгөтэй золгосон гэнэ. Ажилгүй гээд зүгээр суухгүй гэргийнхээ ажилд хамтарна. Д.Цээсүрэн гуай 45 литр цусаа бусдад хандивласан Монгол Улсын Хүндэт донор юм байна.
Ид хийж бүтээх насандаа ажилгүй болцгоосон ч энэ хоёр нэг ч өдөр завтай суугаагүй гэнэ. Зах зээлийн ороо бусгаа цагт ХЭАА байгуулж, хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын төв хүртэл байгуулж байжээ. Аж ахуйгаа авч явахын тулд байраа барьцаалж ч үзсэн гэнэ. Ломбардны хүүг нь төлж чадахгүй болж, ажил нь зогсоход хүрч нэгэн үед хэцүү л байж. Байраа зарж жижиг цехээ хөл дээр нь тогтоохын тулд эрвийх дэрвийхээрээ л зүтгэж. Тэр үед сургалтын төвд нь явж ажил амьдралтайгаа залгасан хүүхдүүд одоо нас биед хүрсэн, өрхийн тэргүүн, хүний гэргий болцгоочихсон хүмүүс цагаан сараар багштайгаа ирж золгоно.
Б.Гүнжилам гуайг автобусанд, хотын төвд, энд тэнд явж байхад хүмүүс их танина. Хүрч ирээд “Та их сайхан хүн шүү. Би таны туршлагаар ажиллаад гавшгайч, гавьяат болж байлаа. Таныг би хэзээ ч мартахгүй. Та гоё шүү” гэж хэлдэг гэнэ. Үүнд баатар маань маш их урам орно. Б.Гүнжилам гуай ажилчин болсон цагаасаа л мандаж эхэлжээ. 1974 онд “Алтангадас” одонгоор шагнуулж, 1976 онд Төрийн шагнал, 1980 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Б.Гүнжилам гуай энэ л мөчөө өөрийнхөө мандаж явсан үе гэж нэрлэнэ. Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурал, нийслэлийн эмэгтэйчүүдийн хуралд ч удаа дараа сонгогдож байсан нийгмийн зүтгэлтэн байж. Үйлдвэртээ ажиллахын хажуугаар депутатынхаа ажлыг хийжнийслэлд ирсэн гадны зочидтой уулзалт, хурал чуулганд байнга оролцоно. Д.Цээсүрэн гуай “Манай хүн тун ч завгүй. Үйлдвэрээсээ ирээд л хувцасаа солиод уулзалтад явна. Би чинь хүүхдүүдээ хараад үлдэнэ. Өлгийтэй хүүхдээ угжаад л цонхон дээрээ зогсоод ханиа хэзээ ирэх бол гээд л харуулдаад зогсдог байлаа” гэвэл Б.Гүнжилам баатар “Намайг ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн баатар болоход ханийн минь тус их. Ар гэртээ санаа зовох зүйлгүй, сайн түшиг тулгууртай байсан тулдаа л би ажилдаа амжилт гаргасан. Би ханьдаа үргэлж талархаж явдаг” гэж сэтгэлийн үгээ хэлэв.
Б.Гүнжилам гуайн гаргасан санаачлага нь тухайн үедээ маш чухалд тооцогдож, түүний туршлагыг далан мянган хүн ажилдаа ашиглаж байжээ. Энэ талаар тухайн үеийн бүхий л сонин хэвлэлд бичин үлдээсэн байна. Мөн түүний тухай өгүүлсэн баримтат кинонууд ч бий. Баримтат киног нь үзсэн залуус “Хөөх та тэр бүтээлгийг нэхсэн юм уу. Намайг жаахан байхад манайд тийм орны бүтээлэг байдаг байсан”, “Манай өвөөгийнд тэр бүтээлэг одоо ч бий” гээд гайхан, түүхэн баатар хүнтэй уулзаж гар барьсандаа олзуурхдаг гэнэ. Б.Гүнжилам гуай ид мандаж явах үедээ 400 шахам уулзалтад очиж, туршлагаасаа хуваалцаж, ярилцлага хийжээ. Одоо ч түүнийг урьж залдаг газрууд байсаар. Сүүлд Зүүнхараагийн сургуульд очиж уулзалт хийсэн байна.
Б.Гүнжилам “Би зүгээр сууж байгаад баатар болоогүй. Хөдөлмөрлөж байж, эх орондоо юм хийж бүтээж байж баатар гэж цоллуулсан. Ю.Цэдэнбал дарга надад “Алдарт нэхмэлчин” гэдэг цол хүртэл өгсөн шүү дээ” гэлээ. Тэрээр Э.Бат-Үүл даргатай уулзаж, хүсэлт тавьж, санал бодлоо илэрхийлэх гээд олон удаа хотын захиргаан дээр очсон ч доод тушаалын хүмүүс нь түүнийг нэг ч удаа уулзуулаагүй гэнэ. Бүр “Таныг танихгүй. Хэн байх чинь хамаагүй. Өргөдлөө өгөх гэж байгаа бол нааш өг” гэж хүртэл хэлж байжээ. Үүнд нь баатар маань гомддог гэнэ. Бас хөдөлмөрийн баатруудаа төр засаг нь анхаардаггүйд санаа нь зовдог аж. Одоо улсын хэмжээнд 160 гаруй хөдөлмөрийн баатар байдаг бөгөөд нийслэлд дөч, тавиад нь амьдарч байна. Харамсалтай нь энэ тоо жил ирэх бүр л цөөрөөд байгаа. Үүнд нь Б.Гүнжилам гуай сэтгэл эмзэглэдэг гэсэн юм.
Гаднаас нэг залуу ороод ирлээ. Нэр нь Батсайхан. Хөрш нь. Гүнжээ баатар “Энэ залуу бол бид хоёрын баруун гар. Бид хоёрт үргэлж тусалдаг юм. Энэ хашаа хороог барихад хамгийн их тусалсан сайхан сэтгэлтэй залуу” гэлээ. Батсайхан “Цээсүрэн ах аа, хашаа босгох гэсэн юм өргөлцөөд өгөөч” гэв. Цээсүрэн гуай “Одоохон” гээд толгой дохив.
Д.Цээсүрэн, Б.Гүнжилам нар өглөө зургаан цаг гээд босоцгооно. Гүнжээ баатар гимнастик, сагсан бөмбөгөөр багаасаа хичээллэсэн болохоор хөдөлгөөний дутагдалд орохгүй гээд өглөө дасгал хийнэ. Дасгалаа хийчихээд орж ирээд цайгаа чанана. Ингэж л энэ хоёрын өдөр эхэлнэ. Гарч хашаа хороогоо барина. Амбаар, саваа битүүлнэ. Гэрийн эзэн блок цохино. Зарим өдөр хамтдаа хот руу орж ирнэ. Өдөр нь нэг иймэрхүү л байдалтай өнгөрнө.
Д.Цээсүрэн гуайг зэрвэс харвал “Шинэ үсгийн багш” киноны тугалчин Чойжоо гуайтай тун төстэй. Өөрөө ч хүлээн зөвшөөрөх аж. “Тэр гэр бүлээрээ авахуулсан зургийг хар даа. Тэрэн дээр үгүй ээ мөн төстэй гарсан байгаа биз. Хүмүүс намайг тэр жүжигчинтэй адилхан гээд л байдаг юм” гээд инээлээ.
Б.Гүнжилам гуай ажлын цагаа яаж хэмнэх вэ, яаж хаягдалгүй ажиллах вэ гээд улс эх орондоо хэрэг болохуйц санал санаачилга гаргасан нь тухайн үедээ улс орон даяар хэрэгжжээ. Төрийн шагналтны диплом дээр нь “Нөхөр Б.Гүнжилам ажлын байранд хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах оновчтой арга, социалист уралдааны тооцоот дэвшилт хэлбэрийг сэдэн хэрэгжүүлж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан” гэж бичжээ. Гурван минут тутам утас нь дуусахаар доош бөхийж цаг алдахын оронд дэргэдээ тавцан байрлуулж утсаа байрлуулж, челнокоо цэнэглэхийн тулд цаг гарздахгүйн тулд нөөц челноктой болох, намхан нуруутай ажилчид ажлаа хийхэд түвэгтэй байдаг учир гишгүүрт тавцан санаачилжээ. Энэ мэтээр ажлаа үр дүнтэй хийхэд шаардагдах хэрэгтэй бүхий л зүйлийг нарийн тооцоолон шинэ санаачлага гаргаж байж. Түүний энэ санаачлага хүчээ авч Монголын үйлдвэрчний эвлэлийн аравдугаар их хурлын тогтоолд “…Өөрийн ажилд таван жилийн төлөвлөгөө зохиож, ажлын цаг ашиглах нарийн тооцоо хийсний үндсэн дээр тавдугаар таван жилийн төлөвлөгөөг гурван сар 18 хоногийн өмнө биелүүлэхээр үүрэг аваад ажиллаж байгаа Ноосон нэхмэлийн үйлдвэрийн ажилчин Б.Гүнжиламын санаачилгыг бусад салбарт дэлгэрүүлэх нь зүйтэй” гэж тусгаж байсан гэнэ.
Ийн Б.Гүнжилам гуай залуу нас, ид хийж бүтээж байсан цагаа дурсч, одоо, цаашид юу төлөвлөөд байгаагаа илэн далангүй сонирхууллаа. Түүнийг ийм амжилт гаргахад, хөдөлмөрч болоход удам нь нөлөөлсөн гэнэ. Эднийнхэн дархан, мужаан хүмүүс байсан гэнэ. Аав Г.Балжинням нь маш няхуур нямбай хүн байж. Төмөр замд ажиллаж байгаад, Түүхийн төв архивт орсон гэнэ. Түвд хэл, бичиг мэддэг. Хуучин монгол бичгээр бичдэг хүн байж. Охиндоо түвд бичиг, уйгаржин бичиг заана. Орос сэтгүүл байнга захиална. Гүнжээ баатрын ажил дээр нь хүрч ирээд өнөөх сэтгүүлүүдээ өгнө. Ажлын байртай нь танилцаж зөвлөгөө өгнө. Тэгээд энд тэнд очиж индэр дээрээс хэлэх үгсийг нь хүртэл бичиж найруулж өгдөг байсан аж. Ер нь охиноо маш их хурцалж дэмждэг хүн байсан гэнэ. Б.Гүнжилам баатар “Хөдөлмөр болнэр төр, алдар гавьяаны хэрэг мөн” гэсэн уриа лоозонг л чиг шугамаа болгосоор иржээ.
Нэгэн үе, Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн эгнээг түүчээлэн, ажилчин хүний гараар эх орон хөгждөг гэдгийг ажил, амьдрал, үйлсээр харуулж явсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Гүнжиламын амьдралын нэгэн өдрийг сонирхуулбал ийм байна. Ярьсан болгоныг нь тэмдэглэж, хэлсэн үгс бүрийг нь багтаана гэвэл тоо томшгүй цаг хугацаа орох ийм л баялаг түүхтэй, гавьяатай, хөдөлмөрч эмэгтэй нийслэл хотын баруун урд зүгт их хүсэл мөрөөдөл тээн энгийн сайхан аж төрж байна.
Д.ГАНСАРУУЛ
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ