Categories
мэдээ нийгэм

Нэг хүний хүсэлтээр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг зогсоох асуудал байхгүй гэв

Өнөөдөр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин хэвлэлийн хурал хийж, тус нэвтрүүлгийн санаачлагч үүсгэн байгуулагчийн хувьд нэвтрүүлгээ түр зогсоож байгаагаа мэдэгдсэн. Түүний энэхүү мэдэгдлийн дараа “Hero Entertainment” студийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ “Монгол ньюс” мэдээллийн төвд ирж хариу мэдээлэл хийв.

Тэд “Манай хамт олон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлалаа. Энэ хэрэг 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр болсон. Нэвтрүүлгийн бичлэг алдагдаж, алдагдсан даруйд бид Оюуны өмчийн газарт мэдэгдсэн. Харин тус газраас энэхүү нэвтрүүлгээ өөрсдийн оюуны өмч гэдгээ батал гэсэн. Ингээд холбогдох баримтуудыг өгсөн боловч ”Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг “Hero Entertainment”-ийн оюуны өмч гэдгийг нотлох хууль зүйн үндэслэл алга гэх албан бичиг хүргүүлсэн юм. Тиймээс бид цагдаад албан ёсоор хандаж шалгуулах хүсэлт гаргасан. Хэргийг шалгаж “Hero Entertainment”-ийн Б.Баатарыг хохирогч гэж тогтоосон байгаа. Гэтэл өнгөрсөн баасан гаригт зарим мэдээллийн хэрэгслээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлэл цацсан. Бидэнд Прокурорын газраас хэрэг хаагдсан тухай албан ёсны мэдэгдэл өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Тиймээс прокурорын шийдвэр хүчин төгөлдөр эсэхэд эргэлзэж байна” гэв.

Мөн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг бол хэн нэг хүний дан ганц өмч биш. Тиймээс нэг хүний хүсэлтээр нэвтрүүлгийг зогсооно гэх асуудал байхгүй. Цаашид нэвтрүүлгийн бичлэг хийгдсээр байх болно” гэлээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *