Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр дотоодод бүртгэгдээд байгаа халдварын голомтууд болон халдвар тархах талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийт батлагдсан тохиолдлуудын 52 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр явж байна. Энэ нь халдварын голомтод очсон болон халдвартай хүмүүстэй хавьтал болсон хүмүүс өөрийгөө халдвар авсныг мэдэхгүй яваад байх боломжтой гэсэн үг юм. Тиймээс үзвэр үзсэн, караокед орсон хүмүүс шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Халдвартай хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг харвал, хуурай ханиалгах, хамар битүүрэх, хоолой өвдөх, толгой өвдөх, үнэр амт мэдрэхгүй байх шинж тэмдэг илэрвэл ханиад томуутай андуурахгүй байх хэрэгтэйг ард иргэддээ зөвлөж байна. Мөн халуурах, хамар хоолой хуурайших, суулгах, хоолонд дургүй болох, нүд улайж үрэвсэх шинж тэмдэг гарч байгаа. Эдгээр шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөөрэй. Монгол Улсад бүртгэгдсэн халдваруудын нууц үе 5-5.2 хоног байна. Эрчимтэй халдвар тараах үе нь 2-4 хоног үргэлжилж байгаа.
Арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар Улаанбаатар хотын тохиолдол түүний ойрын хавьтал 801 хүнийг тусгаарлах, шинжлэх, тандалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мөн хоёрдогч хавьтал 7,528 хүнийг олж тогтоон вирус судлалын шинжилгээ хийгээд байгаа.
Ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-өөс гадна тусгаарлан ажиглах 10 байранд тусгаарлаж, дахин давтан шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.
Гарсан өвчлөлүүдэд дүгнэлт хийхэд гэр бүлийн хүмүүст халдвар тархах эрсдэл өндөр байна. Анхны халдварын ойрын хавьтал 443 хүнийг шинжлэхэд 34 хүнд нь халдвар батлагдсан. Халдвар тараах эрчмийг харвал, нэг хүн дунджаар 7-8 хүнд, цаашлаад 23 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна. Мөн төмөр замын голомтын хувьд тэмцээн уралдаан зохион байгуулсантай холбоотой бөгөөд одоогоор таван хүнийг илрүүлээд байгаа/Сэлэнгэ аймгийн нэг батлагдсан тохиолдол оролцсон тус тэмцээнд 150 хүн оролцжээ/. Төмөр зам дагасан халдварын тархалтын эрчим 3.2 хувь буюу нэг хүн дунджаар 3.2 хүнд халдвар тарааж байна” гэлээ.