Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар; Нийтийн тээврийн автобуснуудыг сурвалжилсан хэвлэлийн мэдээний талаар шинжээч, хянан шалгагч нарын тайлан, дүгнэлтийг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 31 гэрчийг дуудсан байна.
Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож байгаа юм. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам; Сангийн яам; Үндэсний аудитын газар; Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар; Нийслэлийн Засаг даргын Тамгын газар; Гаалийн ерөнхий газар; Төрийн худалдан авах ажиллагааны газар; Нийслэлийн нийтийн тээврийн газар; Автотээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн ажиглагчаар “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр (2024.05.21) Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан; Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт сэдвийн хүрээнд 4 багц асуудлыг хэлэлцсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.