Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.
2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран 100,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Үүний дагуу өнөөдрийн байдлаар түрээсийн 46 агуулахад нийт 81,885 тонн түлшний нөөцийг бүрдүүлээд байгаа аж.
Есдүгээр сарын 15 гэхэд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэлт 100 хувьд хүрнэ. Мөн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт хийх 31 компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 310 тээврийн хэрэгсэл үйлдвэрээс борлуулалтын цэг, үйлдвэрээс агуулах, агуулахаас борлуулалтын цэг гэсэн үндсэн гурван циклээр, өдөрт дунджаар таван удаагийн рейсээр сайжруулсан шахмал түлш тээвэрлэнэ.
“Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс 2023-2024 онд ажиллах борлуулалтын цэгийг сонгон шалгаруулахаар www.burtgel.ttt.mn цахим хаягаар материал хүлээн авч байгаа. Бүртгэл наймдугаар сарын 17-31 хүртэл үргэлжилнэ гэдгийг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.