Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар 180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг ажил дуусахад Улаанбаатар хотын хэмжээнд нийт 331 ус түгээгүүр ухаалаг, 24 цагийн үйлчилгээнд шилжинэ. Тэгвэл өвлийн улиралд иргэд ухаалаг ус түгээгүүрийн тоног төхөөрөмжийг цохиж гэмтээх, эвдэх явдал цөөнгүй гарч байгааг УСУГ-аас анхааруулж байна. Энэ талаар УСУГ-ын харьяа Шугамаар ус хангах албаны дарга Б.Баярбилэгээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын 6 дүүрэгт төвлөрсөн шугамд холбогдсон 328 ус түгээгүүр байдаг. Үүнээс 151 ус түгээгүүрийг 2016-2022 оны хооронд үе шаттайгаар автоматжуулсан бол 2022 оны нэгдүгээр сараас АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр үндсэн 180 ус түгээгүүрийг автоматжуулах, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийж, төслийн үе шат өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсөл дууссанаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 331 ус түгээгүүр ухаалаг, 24 цагийн үйлчилгээнд шилжинэ. Энэхүү ухаалаг систем нэвтэрч байгаатай холбоотойгоор иргэд тухайн тоног төхөөрөмжтэй зөв харьцах, тэдгээрийг гэмтээхгүй байхад анхаарахыг уриалж байна” гэлээ.

Нийт ухаалаг ус түгээгүүрийг УСУГ-ын Хяналт, удирдлагын төвөөс бүрэн хянаж удирдах боломжтой. Мөн ус түгээгүүрүүдийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор бүрэн камержуулжээ. Харин усыг зөөврийн автомашинаар түгээдэг нийт 380 орчим ус түгээгүүр байна. Эдгээр ус түгээгүүрийг ирэх оноос автоматжуулахаар төлөвлөж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *