Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдөр дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх юм” гэсэн уриан дор тэмдэглэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж, цаашилбал хөдөлмөрийн чадвар алдсан хоёр тохиолдол бүрийн нэг нь сэтгэцийн эмгэг байна.
ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар, 2017 онд 792 сая хүн буюу нийт хүн амын 10.7% 10 тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй ба үүнээс 284 сая нь нийт хүн амын 3.8% нь сэтгэл түгших, 264 сая нь нийт хүн амын 3.4% нь сэтгэл гутрах, 970 сая нь архи, мансууруулах бодисын шалтгаант эмгэгтэй гэсэн тоон судалгаа гарчээ.
Тэгвэл 2019 онд дэлхий дахинаа найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч, сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болж байгааг ДЭМБ-аас онцоллоо.
Харин манай улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн тархалт 2013 оны судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4%, органик бус нойрны эмгэг 17.5%, архаг ядаргаа 16.2%, тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа 11.9%, архинд донтох эмгэг 6.4%, сэтгэл гутрах эмгэг 6.2%-ийн тархалттай байсан бөгөөд 1984-1992 оны тархалтын судалгааны үр дүнтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсөж, архинд донтох эмгэг 25 дахин ихэссэн байна.
Иймд Эрүүл мэндийн яамнаас хүн бүр өөрсдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэн, анхаарах шаардлагатай гэж мэдээллээ.