Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нарны аймаг есөн гаригтай юу?

-ЭРДЭМТЭД ҮЛ МЭДЭГДЭХ Х ГАРИГ ИЛРҮҮЛЖЭЭ

Сансар ертөнцийн тайлагдаагүй нууцын нэг хэсэг нь бидний оршин буй нарны аймгийн систем юм. Одоогоор нарны аймгийг үндсэн найман гаригтай, хэд хэдэн одой гаригтай хэмээн тогтоосон ч илрээгүй маш олон гариг, хиймэл дагуул, тоосонцор хүн төрөлхтний үл мэдэх нууц оршин байгаа гэж үздэг.

Үүний баталгаа болж Пасаден хотын Калифорнийн технологийн дээд сургуулийн одон орны судлаач эрдэмтэд Майк Браун, Константин Батыгин нар нарны аймагт нэгэн шинэ гариг байгааг илрүүлжээ. Энэхүү үл мэдэгдэх X гариг нь нарны аймгийн хамгийн жижиг нь болох Дэлхий ван гаригийн тойрог замын цаана байрлах аж. Хэмжээгээрээ Далай ван гаригтай адилхан бөгөөд дэлхийгээс арав дахин хүнд жинтэй шинэ гаригийг нээсэн тухай өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ.

Энэ гариг өмнө нь одон орончдын дуранд өртөж байгаагүй шалтгаан нь нарыг зууван тойргоор 15 мянган жилийн хугацаанд нэг удаа тойрдогт оршино. Эрдэмтдийн тогтоосноор Х гариг бүтцийн хувьд Тэнгэрийн ван, Далайн ван зэрэг хийн гаригуудтай адилхан юм байна. Уг гариг 4,5 сая жилийн өмнө нарны ойролцоох гаригуудынх шиг тойрог замаас шахагдан гарсан байна.

Нар болон шинээр нээгдсэн гаригийн хоорондын зай нь астрономын 200 нэгжтэй (нарны аймгийн гариг хоорондын зайг хэмжихэд хэрэглэгддэг нэгж юм. Нар ба дэлхийн хоорондох зайг 1 астрономийн нэгж болгон авдаг) тэнцэж байгаа бөгөөд Х гаригийг нарнаас хамгийн их холдох зай нь 600-1200 астрономын нэгж гэнэ. Тэр нь Далайн ван гаригийн байрлах Койперийн бүс гэдгийн цаана тойрог замыг гаргаж байна гэсэн үг юм.

Гэхдээ эрдэмтэд тус гаригийн яг бодитоор хараагүй аж. Сансрын бусад биетэд үзүүлэх түүний таталцлын нөлөөг эрдэмтэд судлан уг гариг байгааг тогтоосон байна. Майк Браун, Константин Батыгин нар энэхүү гаригийг одон орны дурангаар харсан цагт л нээлт баталгаатай болно гэжээ. Ингээд тэд Хавайн арал дахь “Subaru” гэдэг Японы одон орноос судалгаа хийхээр болжээ. Тэд гаргийг судлахдаа найман метр урт сансрын дуран ашиглаж байгаа аж. Х гариг үнэхээр байгааг баталтал тав орчим жил хэрэгтэй хэмээн тооцоолж буй юм. Учир нь ойролцоогоор таван жилийн дараа Х гаригийг таван жилийн дараа гэхэд одон орны дурангаар харах боломжтой болох аж. Хэрэв уг гариг бий гэдэг нь тогтоогдвол нарны аймгийн ес дэх гариг болно.

Энэ дашрамд уншигчдадаа нарны аймгийн талаар товч танилцуулъя.

НАРНЫ АЙМАГ

Нарны аймаг 4.6 тэрбум жилийн өмнө молекул, тоосонцрын аварга үүл дотоод таталцлынхаа хүчээр (гравитацын хүч) агшсаны үр дүнд бүрэлдсэн байна. Энэхүү үүл нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй байсан ба нэг биш хэд хэдэн одыг төрүүлсэн байж болзошгүй хэмээн үздэг аж. Нарны аймгийн төв болох орчлон ертөнцийг гийгүүлэгч алтан нар нь бидний нүдэнд хамгийн ойр орших од билээ. Тэрхүү од болон түүнийг тойрон эргэх гарагууд нь мананцрын бөөгнөрлөөс үүссэн юм. Гэвч энэ мананцар нь их дэлбэрэлтийн үе шиг зөвхөн устөрөгч болон гелигээс тогтоогүй. Тэднээс өөр олон элемент сансар огторгуйд тоосонцор адил тархаж байсан. Харин тэр элементүүд Их дэлбэрэлтээс хойш 10 тэрбум жилийн туршид үүссэн анхны оддоос үүсчээ. Эдгээр одод сөнөхдөө өөрийн агуулж байгаа бодисын ихэнх хэсгийг сансарт цацдаг. Ингээд эхлээд устөрөгч, бага хэмжээний гели агуулсан оддын хоорондох орон зай хүнд элементээр баяжжээ. Гэвч устөрөгч, гелигээс бусад элементүүд хоёр хувьд ч хүрэхээргүй бага байлаа. Үүний дараа шинээр үүссэн одод эдгээр элементийг агуулсан хийнээс тогтсон тул гараг, дагуул, сүүлт оддыг үүсгэх түүхий эдийг агуулж байдаг. Энэ байдал цааш үргэлжлэхэд оддын хоорондох зай хүнд элементээр баяжиж эхэлдэг байна. Манай нарны аймаг ч бас гараг үүсэхэд хэрэгцээтэй бодис бүхий мананцраас бий болсон юм. Өөрөөр хэлбэл манай Нарны аймаг, өмнө үүсээд сөнөсөн одноос үүссэн юм.

Нарны аймаг нь үндсэн найман гаригтай. Зарим эрдэмтэд есөн гаригтай гэж тайлбарладаг ч хамгийн бага Дэлхий ван гаригийг одой гаригт оруулснаар найман гариг хэмээн тооцох болсон билээ. Мөн маш олон тооны нээгдсэн болон нээгдээгүй одой гаригууд, нийт гаригийн дагуулууд болон тоо томшгүй жижиг хатуу биет, тоосонцруудаас бүтдэг.

Ингээд нарны аймгийн найман гаригаа нарнаас холдох байдлаар нь жагсаавал:

•Буд Mercury

•Сугар Venus

•Дэлхий Earth

•Ангараг Mars

•Бархасбадь Jupiter

•Санчир Saturn

•Тэнгэрийн ван Uranus

•Далайн ван Neptune

Одоогоор эрдэмтдийн нээгээд байгаа хамгийн багадаа 41 одой гариг байгаа бөгөөд эдгээрийг жинхэнэ одой гариг уу, эсвэл гариганцар уу гэдгийг тодруулах шаардлагатай юм. Хамгийн тод ажиглагддаг томоохон, баттай тогтоогдсон таван одой гариг:

•Дэлхий ван Pluto

•Седна Sedna

•Оркус Orcus

•Квавар Quaoar

Нарны аймгийн үндсэн найман гаригийг хөрстэй гариг болон хийн гариг гэж хоёр ангилдаг. Хөрстэй гаригт Буд, Сугар, Дэлхий, Ангараг гариг багтана. Эдгээр гарагууд хатуу, чулуурхаг гадаргуутай тул хөрст гараг гэдэг.

Харин хийн гариг болох Бархасбадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван нь их хэмжээний хийнээс тогтдог бөгөөд жижиг, хатуу цөмтэй байдаг аж.

Бэлтгэсэн Э.НОМИНЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *