Categories
мэдээ улс-төр

Нарендра Моди Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр бараалхав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди болон дагалдан яваа хүндэт төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн ерөөгөөд “Энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны бөгөөд түүхэн айлчлал болж байна. Ийм учраас таны энэхүү айлчлалын алхам бүхэн хоёр улсын харилцаанд түүх, өв соёл болон үлдэнэ. Таны удирдлагын дор Энэтхэг Улсын хөгжил сэргэж, олон улсын хэмжээнд эрчээ авч байгааг бид хараад баярладаг. Монголын ард түмний болоод өөрийн нэрийн өмнөөс таны энэхүү амжилтад баяр хүргэе.

Монгол Улс нь Энэтхэгийг өөрийн оюун санааны хөрш хэмээн үздэг. Энэ хөршийн харилцаа олон мянган жилийн түүхтэй. Хоёрдугаарт, манай хоёр орныг ардчилал, хүний эрх, хууль ёсоо дээдлэх гэх мэт үнэт зүйлс нэгтгэдэг. Гуравдугаарт, бид цаашдын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий. Ингээд та бүхнийг Монгол Улсад тавтай морилохыг хүсье” гэв.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч та биднийг халуун дотноор угтан авсанд гүнээ талархаж байна. Үнэхээр манай хоёр улс эрт дээр үеэс оюун санаагаараа холбогдсон, адилхан үнэт зүйлстэй билээ.

Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил, Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та 2009 онд төрийн тэргүүнээр сонгогдоод гадаадад хийх айлчлалаа Энэтхэгээр эхлүүлж байсан. Миний хувьд мөн Монгол Улсад айлчилсан Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болж байгаадаа бахархаж байна” гэв.

Дараа нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэв.

Нарендра Моди нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар 2015 оны тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *