Categories
мэдээ цаг-үе

Намсрайн Баттулга: Монголын жүдочид дэлхийд тэргүүлж буйг харахад бахдам сэтгэл төрдөг

Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Намсрайн Баттулгатай ярилцлаа.

-Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн шилдэг жүдочдын чансааг саяхан гаргасан. Уг чансааг Монголын жүдочид жиндээ тэргүүлж эхэллээ. Дэлхийд нэг номерт бичигдэнэ гэдэг бас л бахдам амжилт даа?

-Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний дараа жүдочдын чансааг шинэчлэн гаргасан байна. 48 кг-ын жинд дэлхийн нэртэй 184 жүдочоос Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, 57 кг-д 246 шилдэг тамирчнаас ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа нар нэгдүгээрт бичигдсэн нь бахдам амжилт байлгүй яахав. Мөн гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг нар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг хоёрын хувьд өнгөрөгч сард Францын нийслэл Парис хотноо болсон “Их дуулга”-д тэргүүлсэн амжилт нь нөлөөлж байгаа. Тэр жил буюу 2010 онд Парисын “Их дуулга”-аас манайхан ганзага хоосон ирж байв. Тэгвэл саяны “Их дуулгад” үнэхээр өнгөтэй байж чадлаа. М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг нар аваргалахаас гадна Д.Сумъяа мөнгө, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Алтансүх нар хүрэл медаль хүртсэн. Монголын жүдо бөхийн холбоо сүүлийн хэдэн жил идэвх санаачилгатай, удирдлага зохион байгуулалттай ажилласны үр дүнг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ.

-Олимпийн аваргаас аваад шил шилээ дарж төрсөн дэлхийн аваргууд бичигдэх нь мэдээж?

-Монголчуудын зүрх сэтгэлийн дуудлага, хагас зуун жилийн мөрөөдөл болсон олимпийн алтан медалийг жүдогийн тамирчин авчирсан. Н.Түвшинбаяр аварга дэлхийн шилдэг тамирчин гэдгээ бататгаж, 2012 оны Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн нь Монголын спортын түүхэнд бас л дээд амжилт байлаа. Жүдогийн тамирчид жил дараалан дэлхийд тэргүүлж байгаа. 2013 онд Бразилийн Рио-де-Жанейро-гийн дэлхийн аваргаас М.Уранцэцэг маань Бразилийн шилдэг жүдоч, олимпийн аварга Сара Менезеийг нутгийнх нь дэвжээн дээр ялж шуугиан дэгдээсэн. Аваргын төлөөх барилдаанд Японы алдарт тамирчин, дэлхийн аварга Харуна Асамитай хүч үзэж цэвэр ялснаар Монголын жүдо бөхийн спортод анхны эмэгтэй дэлхийн аварга хэмээх түүхэн амжилтын эзэн болсон. Уранцэцэгийн аварга болдог тэмцээнд Д.Амартүвшин мөнгөн медаль хүртэж бас л биднийг баярлуулсан удаатай. Урнаа, Амараа хоёр тэр жилээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэгэн зэрэг гавьяат болж спортын хүрээнийхэнд өөрийн эрхгүй омогшил, бахархлыг бэлэглэж байлаа. 2014 оны Оросын Челябинск хотод болсон дэлхийн аваргаас Г.Болдбаатар мөн л алтан медаль хүртэж, аваргын буухиаг үргэлжлүүлсэн юм. Казахстаны Астанад болсон өнөө жилийн дэлхийн аваргад манайхан бас л түүхэн гэж хэлж болохоор амжилт тогтоосон. Жүдогийн шигшээ багийнхан өмнө нь ДАШТ-ээс гурван хос медальтай, багаараа хүрэл медальтай ирж байсан түүх байхгүй л дээ. Гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртсэн. Ням-Очирын хувьд олимп, дэлхийн аваргын хос медальтай жүдогийн хоёр дахь тамирчин болсон. Монголын жүдочдоос олимп, дэлхийн хос медалийг анх хүртсэн бөх бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар шүү дээ.

-Х.Цагаанбаатар гэснээс жүдогийн домог болсон тамирчин тэрээр зодог тайлахаа мэдэгдсэн. Цагаанбаатарын тухайд та юу хэлэх вэ?

-Цагаанбаатар бол Монголын спортын түүхэнд арилшгүй тод мөртэй, бахдам амжилтын эзэн мөн л дөө. Спортын, тэр дундаа жүдогийн “амьд архив” гэвэл Цагаанбаатар, Түвшинбаяр нарын аваргууд байна ш дээ. Үнэндээ тэднээс дэлхий чичирдэг. Жин тус бүртээ дэлхийд босоо явж ирснийг мянга мянган фэнүүд нь хэлээд өгнө. Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр. Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын нэрийн хуудас болж, Монголын спортын түүхэнд од мэт гялалзсан бахархалт хөвгүүдийнхээ тухай Монголын топ хэвлэл “Өдрийн сонин”-д ярьж буйдаа миний бие баяртай байна. Ер нь тэгээд Цагаанбаатар, Түвшинбаяр тэргүүтэй олимп, дэлхийн аваргуудтай ах дүүгийн барилдлагатай, тэднийг удирдан манлайлж яваа Халтмаагийн Баттулгатайгаа анд нөхдийн барилдлагатай яваадаа үнэндээ бахархдаг юм. Жүдогийн тамирчдын тив, дэлхий, олимпод үзүүлж буй энэхүү бахдам амжилт бол Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгатай салшгүй холбоотой. Аливаа зүйлд эдийн засгийн хөшүүрэг гэдэг ямар чухал байдаг, гол эх суурь, үндсэн баталгаа нь болдгийг монголчуудад миний найз, миний амьдай Баттулга харуулсныг энд хэлэх нь зөв байх.

Цагаанбаатар 2004 оны Афины олимпийн хүрэл медаль хүртсэнээр амжилт ялалтынх нь он жилүүд эхэлсэн гэж хэлж болно. 2009 онд Нидерландын Роттердам хотноо болсон дэлхийн аваргаас алтан медаль хүртэж, дэлхийд нэг номерын тамирчин гэдгээ тунхагласан. 2006 онд Катарын Дохад болсон Азийн наадмаас мөн л аваргалсан. Тэрээр 2003, 2005 оны Ази тивийн аварга, 2006 оны зүүн Азийн аварга бөхөөр тодорч байлаа. Жүдогоос гадна самбо бөхөөр дэлхийн хошой аварга болсон домогт тамирчин юм. “Баруун хязгаарын Баруунтуруун гэх жижигхэн сууринд мэндэлсэн эгэл ардын хөвүүн Цагаанбаатар дэлхийн дайдад од болон гялалзаж, бидний баяр бахдлыг тээж ирсэн билээ. Түүний бидэнд авчирсан анхны амжилт 2003 оны Азийн аваргын алтан медаль байв. Чухам энэ үеэс л Цагаанбаатарын гэх аатай омогтой, хяргасан хурц амжилтууд эхэлсэн. Дараа жил нь л тэр 2004 оны Афины олимпоос хүрэл медаль хүртсэн. Цагаанаагийн хүзүүнд гялалзсан энэ хүрэл тухайн үед Монголын багийн цорын ганц амжилт байлаа” хэмээн Б.Ганчимэг сэтгүүлч бичиж байсныг би мартдаггүй юм. Жүдогийн нэрийн хуудас болсон тамирчин зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Холбооны удирдлагууд, шигшээ багийн ахлах дасгалжуулагч гээд ойр тойрныхоо хүмүүстэй зөвлөлдөж байж гаргасан шийдвэр нь тэр юм.

-Жүдогийн шилдэг тамирчдын тухай, тэдний амжилт ялалтын тухай багагүй ярилаа. Харин одоо ярианыхаа сэдвийг тан руу хандуулъя. Та бага балчраасаа спорттой холбогдож, олон төрөлд хүч сорьсон байдаг. Тэшүүрийн өсвөрийн улсын аваргад удаа дараа оролцож, каратэгийн хар бүс хамгаалж, сонгомол бөхөөр ЗХУ-ын дэд мастер цол хүртэж байсан?

-Миний бие спортын гэр бүлд төрж өссөн. Ижий аав хоёр минь өнөөдөр зуу шахам настай хоёр сайхан буурай Увсын цэнхэр хязгаартаа аж төрж сууна. Бид бүхэн тэшүүрийн спортоор гэр бүлээрээ хичээллэдэг байсан. Би гэдэг хүн Увс аймгийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа түрүүлж, улсын аваргад ирж оролцож байлаа. Манай гэр бүлд 12 тэшүүрчин байсан гээд бод доо. Манайхан аймгийн аварга шалгаруулах тэмцээний бараг бүх насны ангилалд түрүүлж, цагаан онгоцонд гэр бүлээрээ суугаад Улаанбаатарыг зорьдог байсан. Спортын буянг ингэж л бага балчраасаа хүртсэн хүн дээ, би. Улаанбаатарт ирж улсын аваргад оролцож байсан дурсамж дурдатгалаа эргээд санахад хачин сайхан санагддаг юм.

Төрсөн эгч Норжин улсын шигшээ багт гавьяат тамирчин Л.Цэнд багшийн удирдлага дор хичээллэж байсан. Олон улсын хэмжээний мастер цолтой. Миний тулааны спорттой холбогдсон түүх хүргэн ах Ш.Батаатай холбоотой юм. Ах маань цэргийн заан цолтой, бөхөд дуртай хүн бий. Улсын багшийн дээд сургуулийг Баянаа аваргын хамт төгссөн. 1983-1985 онд ахын зөвлөснөөр чөлөөт бөхөөр хичээллэж, хажуугаар нь күнфүгийн хичээл заалгасан. Күнфү, гимнастик, үшү чинь уян хатны дасгал шүү дээ. Күнфүг манай аймагт байсан хятад хүнээр заалгаж билээ.

Тулааны спортоор гучин жил хичээллэж байна. Наян таван онд дунд сургуулиа төгсч Беларусийн Городный хотын их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцахаар очлоо. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө Городный хотын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн болдог юм. Түүнд хүсэл сонирхлынхоо дагуу оролцтол түрүүлчихдэг байгаа. Ингээд ЗХУ-ын тусгай албаны багш нарын бэлтгэлд хамрагдах болсноор цахилгааны инженер мэргэжлээр суралцаагүй. Городныйд байхдаа каратэгийн хар бүсийг хүртсэн. Хүний хувь заяа гэдэг сонин юм шүү. Наян долоон онд Монголд ирээд цэрэгт татагддаг юм аа. Тэгтэл “Алдар” нийгэмлэгт хуваарилагдав. Монголын үе үеийн тамирчдын, спортын түүхийг бичилцсэн аваргуудыг төрүүлсэн “Алдар”-т ардын багш Солийн Магсар гэж аугаа хүний ивээлд багтсан. Армийн аваргын тэмцээнээс медаль хүртээд Маагаа багшаа баярлуулж л явлаа. Увсын Тулгаа зааны дүү Сумъяа начин бид онжавууд л даа.

-Спортын гэх тодотголтой танай удам угшил Монголын шилдэг жүдоч Тэмүүлэнгээр үргэлжилж байгаа. ОУХМ Б.Тэмүүлэн бол таны хүү. -100 кг-д Н.Түвшинбаяр аваргын гол өрсөлдөгч байсаар ирсэн. Та хүүгээ жүдогийн спортод уруу татсан уу?

-Би чинь спортоор ид амжилт гаргах насандаа айхтар бэртсэн хүн. Тиймээс өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хүүдээ өвлүүлсэн гэж хэлж болно. Аавынхаа бодож, санаж, зорьж тэмүүлж явсан тэр зүйлийг хүү минь үргэлжлүүлэн гүйцээх ёстой. Хүсэл мөрөөдлийг минь биелүүлж ч байна. Монголын спортод манай удам угшлын нэрийг хүү минь дуурсгаж явна. Хүүгээ таван настай байхаас нь өөрийн гараар бэлтгэж, 11 настайгаас нь бөхийн спортоор хичээллүүлсэн. Сумогоор барилдуулж, үндэсний бөхөөр цагаан сарын хүүхдийн барилдаанд хоёр ч удаа түрүүлсэн удаатай. ОХУ-ын Саха хотод болдог Азийн хүүхдийн спортын наадмаас 2004 онд алтан медаль хүртэн анхны гараагаа эхэлсэн. Хүү минь 2014 онд Узбекстаны Ташкентад болсон жүдогийн гран-прид тив, дэлхийн шилдгүүдтэй хүч сорьж, аваргын төлөө Австрийн бөх Аллерсторферийг цэвэр ялахад нь өөрийн эрхгүй нулимс гарч билээ. Парис, Москва, Токиод болсон “Их дуулга”-аас мөнгө, хүрэл медаль хүртэн Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан. Түвшинбаяр аваргын гол өрсөлдөгч л гэдэг юм. Үнэндээ Түвшээ аваргын амжилт бүхний цаана Тэмүүлэн байсан. Лондонгийн олимпод Түвшээ аварга мөнгөн медаль хүртэж шагналын тавцанд зогсоход миний хүү бэлтгэл хангагчийн хувиар байж байлаа. Хүү минь үндэсний бөхөөр өндөр амжилт үзүүлэх боломж байсан. Гэвч их спортоор хичээллэн улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж буйд нь их баярладаг юм.

-Танаас асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. “Адидас ди ди монголиа” компанийг байгуулсан. Танайх дэлхийд алдартай “Адидас” брэндийн албан ёсны дистрибьютер байх шүү?

-Тулааны спортын хувцас хэрэглэлийг Азид худалдаалах зорилгоор 2011 онд энэ компанийг байгуулж байлаа. Тулааны спорт болох бокс, жүдо, самбо, чөлөөт бөх, таеквондо, каратегийн хувцас хэрэглэл худалдаалдаг. Буриад, Өмнөд Монголын шигшээ баг хувцас хэрэглэлээ манайхаас авч байна. Энэ бүст “Адидас”-ын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа нь ганц манайх болоод байна л даа. Ер нь “Адидас”-ын албан ёсны зөвшөөрлийг авах амаргүй. Жилд доод тал нь сая ам.долларын бараа авдаг байх хэрэгтэй. Спортоор бол норматив биелүүлэх ёстой. Түүнээс биш нэг удаа бараа авчихаад суугаад байж болохгүй.

Бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөлөө. Тэрээр 2012 оноос Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж буй. “Х.Баттулга бид ерээд оноос хойш нөхөрлөж байна. Жүдогийн холбоог ганцхан хүний нуруун дээр үүрүүлж болохгүй. Миний мэдэхийн түүний халааснаас жил бүр тэрбум гаруй төгрөг гарч байгаа. Бид энэхүү ачааг тэнцүү үүрэлцэж, хамтдаа зүтгэх ёстой” хэмээн хэлж байна. Ийм ч сэтгэлээр жүдогийн холбоотой холбогджээ. Олон улсын стандартад нийцсэн жүдо бөхийн ордон ашиглалтад орчихвол спортын амьдралд огт өөр орчин бий болж, талын нүүдэлчин Монголоос олимп, дэлхийн аваргууд олноороо төрнө гэсэн өөдрөг тэмүүлэлтэй явдаг нь ярианаас нь илт анзаарагдсан. Ийнхүү спортын гэр бүлд өсч хүмүүжсэн, өөрөө спортоор хичээллэж, хүүгээ мөн их спортын тамирчин болгон хүч хөдөлмөр, оюунаа зориулж яваа бадрангуй эрхэмтэй хөөрөлдсөн минь ийм учиртай.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *