Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сугар: Арбитрын шүүхийн шийдвэрт миний нэр байвал би бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд очно

“Жаст” ХХК Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа гаргуулсан гэж яригдаад нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Арбитрын шүүх ч “Эрдэнэт” үйлдвэрийг төлбөр төлөх ёстой гэж саяхан шийдвэр гаргасан. Стандарт банкны зээл, зээл авахад баталгаа гаргасан гэх асуудалтай хэд хэдэн хүний нэр холбогдсон бөгөөд тэдний нэг нь тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар. Түүнтэй уулзаж энэ талаар ярилцлаа.


-Эрдэнэт үйлдвэр Стандарт банкны өрийг төлөх шийдвэрийг Арбитрын шүүх гаргачихлаа. Энэ асуудалд таны нэр холбогдоод байгаа. Яг юу болсон юм бэ. Төрийн өмчийн хорооны дарга байхдаа та гарын үсэг зурчихсан юм уу?

-Арбитрын шүүхийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр олон сая долларын төлбөр төлөх болсонд үнэхээр харамсч, санаа зовж байна. Төлөхгүй байх, ядахдаа хэмжээг багасгах боломж байгаа юм бол бүгдээрээ чадах чинээгээрээ оролцож ашиглах ёстой.

-Та яг ямар бичиг баримтан дээр гарын үсэг зурсан юм бэ. Таны гарын үсгийг дуурайлгаж зурсан гэсэн яриа бас яваад байгаа. Таны гарын үсгийг дуурайлгасан гэдгийг яаж нотлох юм бэ?

-Ийм байдалд хүргэхэд миний оролцоо, буруутай үйлдэл байхгүй. Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр 357 хуудас материал байгаа. Тэнд миний нэр ус байгааг та нар олвол би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд очно.

-Та ямар ч холбоогүй юм бол яагаад таны нэр холбогдоод байгаа юм?

-Холбох л гэж тэгж байхгүй юу. Тийм бүлэг байдаг юм. Тэр нь бас удирдлагатай, сүрхий зохион байгуулалттай. Хаа очиж шалгуулсаар байгаад цэвэр ариунаа тогтоолгочихсон хүн одоогоор би л байна даа.

-Олон улсын Арбитрын шүүх зүгээр нэг шийдвэр гаргахгүй шүү дээ. Яг юуг үндэслэсэн байх уу?

-2009 онд зээлсэн 36 сая доллар, 2010 оны 27 сая долларын талаар шийдвэр гаргасан байна лээ. 75 сая доллар, 34 сая долларын зээлд өгсөн баталгаа хуурамч гэдгийг Арбитрын шийдвэр чинь өөрөө зөвшөөрчихсөн байгаа. Тэр байтугай 27 сая долларын баталгааг ч хуурамч гэж зөвшөөрөөд, харин үйлдлээрээ хэрэгжүүлж эхэлсэн байна гэж үзсэн бололтой. Тэр нь чухам юу юм би мэдэхгүй. Харин 36 сая долларын хувьд 40 хуудас гэрээний сүүлчийн хуудсыг жинхэнэ гарын үсэгтэй юмаар сольчихсон гээд тэр ярилцлагад дурдсан байна лээ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга байсан Мөнхжаргал гэж хүний “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг хэлээд байна уу?

-Тийм.

-Та “Жаст”-ын Батхүү гэдэг хүнийг таних уу. Танд ямар нэг бичиг баримт дээр гарын үсэг зураач гэж санал тавьж байсан удаа бий юу. Тэр хүн таны гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэдэг нь үнэн юм уу?

-Тэр хүнийг таних танихгүйн асуудал тийм чухал юм уу. Нүгэл буяны талаар жаахан ч гэсэн юм ойлгодог бол хичнээн хүн чирэгдүүлж байгаагаа, улс орноо яаж хохироож байгаагаа тэр хүн бодмоор л юм. Уул нь өөрөө анхнаасаа л хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрийнх нь гарын үсэгтэй тодорхойлолт энэ байна. (Батхүүгийн гарын үсэг бүхий бичгийг үзүүлэв) Энэ бичигнээс зарим асуултын тань хариулт харагдаж байгаа биз дээ.

-Арбитрын шүүхээс таныг дуудаж энэ асуудалтай холбоотой зүйл асуусан уу?

-За ингээд зогсооё. Би өөрийгөө холбоогүйг л баттай мэдэж байна. Улс орноо ийм байдалд хүргэсэн хүн нь илүү дэлгэрэнгүй ярих байлгүй. Би мэдэх юмаа л хэллээ. Мэдэхгүй юмныхаа талаар мэдэмхийрэх дэмий биз дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *