Гол ус тунгалагшин, хүмүүний сэтгэл ариусан яруусаад намрын хонгор өдрүүд найртайгаа, санаашралтайгаа хаяанд минь ирлээ дээ. Энэ тунгалагхан ахуй цагт үе үеийн найрагчид гэгээн сэтгэлээ гэгэлзүүлэн гэрэлт мөрүүдээ тэрлэн үлдээдэг. Нацагдорж найрагч тэртээх гучаад оны будан хүдэн дундаас эрдэнийн бийрээ сунгаж “Намрын шар нар над дээр, чам дээр тусна. Найган найгах улиралд нь бидэн хоёр найгана” гэж усны намуухан бидрээнд долгиотох навчистай ханьсах мэт цаанаа л нэг гуниглуун бичиглэнэ. Их Урианхай “Галын дөл шиг ганц улаан навч тэнгэр өөд хийсч явна, би уулын бэл рүү уруудаж явахдаа зөрлөө” гэж орчлонт ертөнцийн ирэх-буцах, учрал-хагацлын торгон ирмэг дээрээс уйтайхан учирлана. Аж төрлийн гундал мандал бүхнийг улаахан зүрхээрээ тэмтэрч, уран бүтээлийнхээ төлөө зовол, жаргалаа зориулсан Чойном маань “Намар аа гэж юусан билээ. Найранд барьсан аясан билүү, нахийтал сойсон морьсон билүү” гэж онгод билгээ дуудан дуудан, од хийморио зүлгэн өнгөлнө. Их бичгийн хүмүүн Инжинааш бээр “Намрын салхи цэлмэгэр жихүүн үед найгах өвс хийсэн уярмуй, навчийн улаанд шүлэг бичсэн мэт найрт зузаан хүмүүнээ гомдмуй” гэж сэтгэлийн хөдлөл, гомдлоо нимгэлнэ. Хорин гуравхан насандаа хорвоог орхисон гэгээн шүлэгч Гомбын Сэр-Од
“Цацаглан сугсрах ногоон хиаг сэрүүн хонгор салхинаа Цалгилан үелзэх нэлэнхүй хөдөлгөөнөөр далайн давалгааг дүрслээд Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж Царцаахайн час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна” гэж уянгатайхан гэгэлзэнэ. Дорнын их найрагч Явуухулан “Салхи ч үгүй нам гүм байтал Шарласан навчис хийсч байлаа, Санаанд ч үгүй аж төрж явтал Санчигны минь үс цайж байлаа” гэж ухаарлын учиг сүвэлж, “Айлууд нүүгээ л, амрагууд холдоо л, аяа хөөрхий, нүүдэлчний намар аа гэж” хэмээн шүүрс алднам. Ай хөөрхий, намар аа гэж юусан билээ. Модод нь хүртэл навчсаараа уйлсан Монгол нутгийн минь алтанхан намар аа гэж.
Л.Батцэнгэл