Categories
мэдээ нийгэм

Найман хувийн хүүтэй зээл удааширсан нь үнэн

Манай эдийн засгийн 95 хувийг дангаараа бүрдүүлэг банкны салбар Улаанбаатар хотод төвлөрсөн байдаг. Одоогоор 10 орчим арилжааны банк найман хувийн орон сууцны зээлийг олгож байгаа.

2013 оны зургаадугаар сараас хойш ипотекийн зээлд хамрагчдын тоо 2.5 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн тоо 30 мянгаас 65 мянгад хүрсэн байна. Тэдний 70 хувь нь 35-аас доош насныхан.

Зээлийн хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлвэл хоёр их наяд төгрөг юм.

Арилжааны банкуудаас иргэд, ААН-үүдэд нийт 14 их наяд төгрөгийн зээл олгосон байдаг. Үүний 50 хувийг буюу 7 их наяд төгрөгийг иргэдэд олгосноос хоёр их наяд нь зөвхөн ипотекийн зээл аж.

МИК 2014 оны эцсийн байдлаар 878 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргажээ.

МИК-ийн захирал Д.Гантөгс “Монголбанк арилжааны банкуудад одоо байгаа зээл дээр нь үндэслээд, энэ зээлээ үнэт цасжуул гээд хөнгөлөлттэй, дөрвөн хувийн хүүтэй, 6 болон 9 сарын хугацаатай, эргүүлээд Монголбанкинд төлөх нөхцөлтэй зээл олгосон юм. Энэ бол Орон сууцны санхүүгийн тогтвортой тогтолцоог хөгжүүлэх дэд хөтөлбөр. Анх 9 банкинд нэг их наяд төгрөгийн зээл олгосон. Тэд орон сууцны зээлээ МИК рүү шилжүүлээд, МИК түүнийг нь үнэт цаас болгоод, эргүүлэн Монголбанкинд өгсөн. Урт хугацаатай үнэт цаасны хүү 4.5 хувь байсан юм. Тэгэхээр Монголбанк 4 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад өгөөд эргүүлэн 4.5 хувийн хүүтэй, зах зээлд чөлөөтэй эргэлдэх бололцоотой үнэт цаас авсан. Энд Сангийн яам болон татвар төлөгчийн мөнгө огт байхгүй.

Энэ жилийн хувьд найман хувийн зээл олголтын хурд саарах ч үргэлжилнэ. Цаашид энэ хөтөлбөр үргэлжлэх эсэх нь инцфляци, валютын ханш, төсвийн алдагдлаас шууд шалтгаална. Далдыг хардаг хүн шиг 10 жилээр төлөвлөх боломжгүй. Угаасаа төсвийн хуулийг нэг жилээр баталдаг” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *