Хэдхэн хоногийн дараагаар Үндэсний их баяр наадам болох гэж байна. Тиймээс баярын өдрүүдээр цаг агаар ямар байх тухай Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Э.Энхзаяагаастодрууллаа.
-Ойрын өдрүүдэд их халуун байна. Энэ халалт хэр үргэлжлэх вэ?
-Ерөнхийдөө наадмын өмнөх өдрүүд болох 7 дугаар сарын 6,7, 8, 9-нд нийт нутгаар халах төлөвтэй байна. Ялангуяа энэ сарын 8, 9-ний өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар 33-38 хэм хүрч хална гэсэн урьдчилсан төлөв гараад байна. Харин наадмын өдрүүдээр хур бороотой байна. Ялангуяа энэ сарын 8, 9-ний өдрүүдэд хэт халалттай байна. Тиймээс ард иргэд маань их наадмын өмнөх өдрүүдэд наршихаас сэргийлэх хэрэгтэй. Харин наадмын өдрүүдэд үер усны аюулаас болгоомжлох нь зүйтэйг сэрэмжлүүлье.
-Наадмын өдрүүдэд орох хур борооны хэмжээ хэр байх вэ?
-Наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв байдал гарсан. Наадмын эхний өдрүүд буюу энэ сарын 9-ний өдөр баруун аймгийн нутгаар, 10-нд төв хэсгээр, 11, 12-нд нутгийнхаа зүүн хэсгээр хур бороо орно. Ойрын өдрүүдэд агаарын темпертурын хувьд өндөр халалттай байсан бол наадмын үеэр өдөртөө 10 хэмээр буурах болно. Тэгэхээр наадмын өдрүүдээр хэт халуун буурч, хур бороо орно. Мөн цаашдаа энэ сарын 14, 15-нд ихэнх нутгаар борооших урьдчилсан төлөвтэй байна. Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд бороо ахиу хэмжээтэй, үргэлжлэн орох төлөвтэй байна. Харин энэ сарын 11-нд зүүн зүгийн нутгаар, 12-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно.
-Нийт нутгаар долдугаар сард цаг агаар ямар байх вэ?
-Ерөнхийдөө долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сарын хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр баруун аймгийн нутгийн хойд хэсгээр сэрүүн байна. Энэ үеэр уулаараа шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэмтэй дулаан байна. Нэлээн дулаан байдаг Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм орчим дулаан байх төлөвтэй. Төвийн нутгийн хувьд мөн үед бага зэрэг сэрүүснэ. Энэ үеэр сэрүүн байдаг Хангай, Хөвсгөлийн уулаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм байх бол дулаан байдаг Орхон, Сэлэнгийн сав газарт шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм байна. Бусад нутгийн хувьд шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм байх төлөв гарсан.