Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун, “Тоёота” компанийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан Ерөнхий менежер Авамура нар Үндэсний их баяр наадмын бөхийн бай шагналын тухай дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани ажиллаж байгаа бөгөөд энэ жил анх удаа Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн автоамшинаар шагнахаар болсон юм.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун “Дэлхийд ганцхан Монгол наадмаа бид Монгол брэнд болгохоор төлөвлөн ажиллаж байна. Монгол брэнд болохын тулд бид олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны түнштэй байх ёстой. Энэ жил анх удаа “Тоёота” компани баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж, түрүү бөхийг Ланд крузер-200 маркийн автомашинаар шагнаж байгаа нь наадамчдадаа барьж буй нэгэн томоохон бэлэг болж байна. Наадамчин олон, нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс “Тоёота” компанийн хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.
Харин “Тоёота” компанийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан Ерөнхий менежер Авамура “Манай компани Үндэсний их баяр наадмыг кохион байгуулах хороотой хамтран ажиллаж, Японы ард түмний хүндэтгэдэг Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд шагнал гардуулах болсондоо таатай байна. “Тоёота” компанийн хувьд энэ үйл ажиллагаа нь нэр төрийн хэрэг” гэж онцлон хэллээ.
Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 07 дугаар сарын 13-ны өдөр 12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд шагналыг нь гардуулна. Энэ үеэр наадмын албан ёсны түнш “Тоёота” компани шинэ загваруудаа танилцуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.