Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал 11-11 төвд ажиллалаа.
“Энэ жил улсын хэмжээнд 286.6 мянган га талбайд үр тариа, 10.0 мянган га талбайд төмс, 5.5 мянган га талбайд хүнсний ногоо, 65.0 мянган га талбайд тосны ургамал тариалжээ. 16.1 сая мал төллөснөөс 16 сая төл бойжиж байна” гэж тэр хэллээ.
Өнгөрсөн намар 14.546 мянган тонн мах нөөцөлснөөс 9200 тонныг борлуулжээ. Наадам хүртэл махны нөөц хангалттай гэлээ.
Уламжлалт мал аж ахуйн салбараас гадна мах, сүү, ноосны чиглэлийн үүлдэр угсааны малын эрчимжсэн аж ахуйг түлхүү дэмжих бодлого баримталж байгаа. Газар тариалангийн салбарт ногоочдын үйл ажиллагааг механикжуулах, хүнсний ногооны зоорь барих зэрэг төслийг дэмжинэ. Хөнгөн үйлдвэрийн салбарт ноос, ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүн, ферм, хүлэмжийн аж ахуйд зориулж 270 тэрбум төгрөг, арьс ширний үйлдвэрлэлд 140 тэрбум төгрөг батлагдсаныг олгож эхлээд байна гэлээ.
Малчдыг эдийн засгийн мэдлэгтэй болгоход анхаарч, түүхий эдээ Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулдаг болгож байна. Малчдын бүх гүйлгээ тухайн хүний “Малчин данс”-аар дамжин хийгдэх бөгөөд ингэснээр бүх төрлийн зээл, хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болох юм гэж төрийн нарийн бичгийн дарга ярьсан юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалыг Засгийн газрын 11-11 төвд ажиллах үеэр 3000 орчим хүн холбогдож мэдээлэл авчээ.