Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр ЗТХЯ дээр гарсан хэрэгтэй холбогдуулж уг хэрэгт хамааралтай хүмүүсийн талаар таны хэлсэн үг олны анхаарлыг татсан. Уг хэргийн хуулийн зүйлчлэл буруу байгаа талаар дурдсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Зам, тээврийн хөгжлийн яам дээр гарсан хүн амины ноцтой хэрэг төрийн алба ямар хэмжээнд завхарсаныг тод харууллаа. Тэр дундаа төрийн захиргааны байгууллагад төрийг төлөөлсөн удирдах албан тушаалтнууд ажлын байран дээр архидан согтуурч, мөрөөрөө ажлаа хийж байсан хүнийг удаа дараа утсаар дуудаж авчраад алтан аминд нь хүрсэн явдал бол Төрийн албанд урьд хойч үед гарч байгаагүй хамгийн том шившиг. Бусдын адил амьдарч гэр бүл, ажил төрлөө нэр төртэй авч явсан залууг хамт ажилладаг нөхөд нь зодож, аминд нь хүрлээ. Харамсалтай ч гэх үү, хариуцлагагүй нэг зүйл бий. Монголд мөрдөн байцаалтын нууцлал гэдэг юм байна уу. Мөрдөн байцаалт гэдэг маш нууцлалын зэрэгтэй явагдах ёстой. Гэтэл энэхүү ажиллагаа яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болоод байна вэ. Нөгөөтэйгүүр хууль, шүүхийн байгууллага уг хэргийн зүйлчлэлийг үнэн бодитоор тогтоох ёстой. Зохион байгуулалттай бүлэглэн хүний аминд хүрсэн бол Эрүүгийн хуулийн хүндрүүлсэн заалтаар зүйлчлэгдэх нь гарцаагүй. Гэтэл уг хэргийг өнөөдөр зүгээр л хүн алсан гэх ямар ч хүндрүүлэх нөхцөлгүй хуулийн заалтаар зүйлчилчихээд л явж байна. Өөр нэг асуудал яригдах ёстой. Тэр нь тухайн үед согтуу нөхдүүд орилж чарлаад зодоон хийж байхад ойр хавьд байсан, эсвэл тухайн яамны харуул хамгаалтын албаны хүмүүс юу хийж байв. Төрийн тусгай хамгаалалттай газар шүү дээ. Мөн болсон явдлыг тал бүрээс нь бүрэн бичиж авсан албан байгууллагын камерын бичлэг яагаад устчихсан юм. Энэ мэтчилэн хардаж сэрдэх зүйл олон байна. Одоогийн байдлаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас эрт дүгнэх нь өрөөсгөл байх.
-Та талийгаач Т.Гомбосүрэнгийн талаар хэр сайн мэдэх вэ?
-Талийгаач манай нутгийн хүн. Тохьтой томоотой, хорхойд хоргүй хүн гэж ярьдаг даа, яг тийм хүн. Олон жил хууль хүчин, өмгөөллийн байгууллагад ажиллаж байсан. Маш сайн хуульч, төрийн албан хаагч. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас гараагаа эхэлж шат дараагаар явсаар одооныхоо албан тушаалд ирсэн. Энэхүү ажлаа хэнээр ч заалгахгүй чадварлаг сайн гүйцэтгэж чадах хүн. Гэтэл тус яамны газрын дарга нар нь нийлж талийгаачийн оронд өөр хүнийг томилуулах талаар хөөцөлдөж байсан нь эцэстээ хүний аминд хүрлээ. Ажил албан тушаалын төлөө хүн ална гэдэг үнэхээр байж боломгүй бусармаг үзэгдэл.
-Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь очиж уулзаж ярилцсан тухайгаа та Их хурлын индэр дээрээс хоолой чичрүүлэн хэлж байсан…
-Талийгаачийнх дөрвөн сайхан хүүхэдтэй. Өнгөрсөн наадмын дараа талийгаачийн эхнэр одонгоо авчихаад бөөн баяр жаргалтай найраа хийх гээд л явж байсан гэнэ лээ. Гэтэл энэ гэр бүлийн баяр хөөр, аз жаргалыг тэр нэгэн хар өдөр харуусал, гашуудал, зовлонгоор сольсон. Талийгаачийн хамгийн бага хүүхэд нь ой гарантай. Одонгийн хүүхэд хэмээн өхөөрдөж, эрхлүүлэн үнсээд гарсан аав нь дахиад гэртээ ирсэнгүй гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл эмзэглэмээр, өрөвдөлтэй санагдсан. Нөгөөтэйгүүр нийгэмд нэгэн өрх гэрийн амьдрал нурж, гуч гаруйхан настай эхнэр нь дөрвөн хүүхэдтэй бэлэвсэн үлдэж, эцэг эх нь бэтгэрч үлдэж байгааг үгээр хэлшгүй. Энэ их гай зовлонг зүгээр нэг албан тушаал, сандал суудлын төлөө үүсгэсэн гэхээр харамсалтай.
-Ж.Мөнхбат гишүүн “Тэр С.Дорждагва гэх нөхрийгөө халаарай. Тэр хүнээс болж энэ хэрэг үүссэн шүү” гэж хэлсэн. Тэр С.Дорждагва гэж хэн болох талаар тодруулахгүй юу?
-Авлигатай тэмцэх газраас С.Дорждагвыг шалгаад өмнөх олон зөрчил дутагдлыг илрүүлсэн байгаа. Ийм эмгэнэлт явдлын дараа ч газрын даргын албан тушаал, эрх мэдэлд шунан тэмүүлээд байгаа Дорждагвын өмнөх болон одоогийн үйлдэл, ёс суртахууныг харсаар байж дуугүй өнгөрч болохгүй. Тэр хүний талаарх мэдээллийг миний хувьд олонд хүргээд байх сонирхол алга.
-Дүрс бичлэгийг үнэхээр устгасан уу, эсвэл цагдаагийнхан нууцалж байна уу?
-Нотлох баримт алга болсон, холбогдогчдод согтолтын зэргийг тогтоогоогүйд хариуцлага яригдана биз. Хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа ид явагдаж байгаа учраас прокурор, цагдаа нар үүн дээр анхаарч байгаа байлгүй дээ.
-Таны хувьд намрын чуулганыг нэлээд бухимдалтай эхлүүлж байна уу даа. Энэ намрын чуулганаар хэлэлцэн батлах ёстой гол асуудлын нэг нь 2019 оны улсын төсөв байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг та хэрхэн дүгнэн харж байна вэ?
-Төрийн албанд ийм бусармаг хэрэг гарсан явдал нь дан ганц надад бус бүх төрийн албан хаагчдын нэр төр, сэтгэл зүтгэлийг унтраасан үйлдэл боллоо гэж ойлгож байгаа. Тиймээс болохгүй байгаа, худал хуурмаг зүйлийг эсэргүүцэж, шударга үнэнд ойрхон байлгахын тулд Их Хурлын гишүүн хүн дуугарах ёстой. Байнгын ажиллагаатай парламентын хийх ёстой гол ажил бол намрын чуулганаар төсөв, төлөвлөгөө батлах. Эдийн засгийн бодит өсөлт өнгөрсөн оны эхний хагасын байдлаар 6.3 хувьд хүрч, 2016 онтой харьцуулахад 5.1 пунктээр өссөн байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ирэх онд найман хувь байхаар тооцсон нь нэлээн өөдрөг төсөөлөл болж байгаа. Манай улсын эдийн засгийн өсөлт болон төсвийн орлогын бүрдүүлэлт уул уурхайн салбараас нэлээд хамааралтайгаас гадна дэлхийн эдийн засгийн өсөлттэй холбоотой байдаг. Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд 3.7 хувь болж, өмнөх оны түвшнээс буурах хандлага ажиглагдаж байгаа. Мөн манай худалдааны гол түнш болох ОХУ болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ч энэ оноос 0.1-.0.2 нэгжээр буурахаар байна. Эдийн засгаа солонгоруулна гэж бараг 20 жил ярьсан боловч бодитой хийгдсэн ажил маруухан байна. Монгол Улс 2017 оны мал тооллогоор 66 сая малтай, 230 орчим малчин өрхтэй гэсэн тоон судалгааг гаргасан байдаг. Гэтэл бид мах, ноос ноолуур, арьс шир, сүүгээ экспортод гаргах битгий хэл импортоор оруулж ирж байгаа биз дээ. Ядаж монгол малыг эрүүлжүүлэх, махыг нь боловсруулах, экспортлох, түүнээс гарсан түүхий эдээ боловсруулж экспортлох цогц аж ахуйгаа дэмжих шаардлагатай байна. Монгол малаа “чулуу” болгох бэлэн төсөл байгаа. Жишээ нь, Шинэ Зеланд 46 сая хонь, 10 сая үхэртэй.
Гэтэл Шинэ Зеланд нийт экспортынхоо 18 хувийг мах, махан бүтээгдэхүүн мөн сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг. Дэлхийн хонины махны экспортын талыг нь дан ганцаараа Шинэ Зеланд эзэлж байна. Махны экспортоос 6,1 тэрбум ам доллар, ноосноосоо 228 сая ам доллар, сүүнээсээ 8,3 тэрбум ам доллар олж байгаа.
Нэг мянган га-с дээш талбайд тариалан эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд нийлээд консорциум байгуулаад сүүний үйлдвэр байгуулах кластэр төслөө хийсэн. Иймэрхүү баялаг бүтээгчид импортыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх санаачилгуудыг дэмжээд явмаар байна. Эдгээр төслүүдийг ирэх жилийн төсөвтөө тусгавал илүү үр дүнтэй болно. Ер нь Монголын эдийн засгийн хямрал валютын хомсдолоос үүдэлтэй. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нөөцийг нэмэх бодит боломж бий болно. Орлого энэ оны эхний найман сарын байдлаар 5.8 их наяд төгрөгт хүрсэн. Монгол Улсын Засгийн газар 2018 онд гадаад, дотоодын зээлийн өр, өрийн хүүд 3.8 их наяд төгрөг төлөх ёстойгоос эхний хагас жилд 753.3 тэрбум төгрөгийн өр барагдуулсан. Өнөөгийн үнэ цэнээр тооцсон Засгийн газрын өр 2018 оны эхний хагас жилийн байдлаар 63.4 хувь байна. Зээлийн үйлчилгээний төлбөр 2018 оны эхний найман сарын байдлаар төлөвлөсөн дүнгээс 132.2 тэрбум төгрөгөөр буюу 17.1 хувиар бага байгаа нь энэ онд хүүгийн зардал буурах төлөвийг харууллаа. Энэ чуулган ирэх оны мөнгөний бодлого, улсын төсвөө хэлэлцэн батална. Ингэхдээ бодлогоо тогтвортой хадгалж, өсөлтийг иргэддээ хүртээх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас тэтгэвэр, тэтгэмжийг найман хувиар, есдүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстой. Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг УИХ гаргаж байсан. Энэ дагуу УИХ-ын Тамгын газар орон тоо зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг 546.4 сая төгрөгөөр хэмнэжээ. Харин төрийн бусад байгууллага орон тоо зардлаа бууруулах дорвитой арга хэмжээ авсангүй. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлах хэрэгтэй.
-2019 оны төсвийг хэт мөрөөдлийн төсөл болсон гэж шүүмжлээд буй. Баталгаагүй орлогыг их тавьж, адил түвшний зарлагаа өндөрт тооцсон талаар УИХ-ын гишүүд шүүмжилж байна л даа.
-Улс орны төсөв батлах эгзэгтэй үед аудитын байгууллагын дүгнэлт маш чухал. 2019 оны улсын төсвийн төслийн аудитын дүгнэлтэд дурдсан нэлээн өөдрөг төсвийн төсөл боловсруулжээ гэдэгтэй санал нэг байна.
Төсвийн төслийг харахад маш олон мөрөөдлийн жагсаалт гаргасан. Өнгөрсөн жил л гэхэд улсын төсөвт өмч хувьчлалаас 150-160 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн ч энэ нь хэрэгжээгүй. Төрийн өмчит компаниуд өнөөдөр алдагдалтай ажилласан хэвээр байгаа. Мөн тонн нүүрсийг уурхайн амнаас 68 ам.доллараар борлуулж байгаа. Гэтэл төсөлд 80 ам.доллараар зарна хэмээн оруулж ирсэн байх жишээтэй. Дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ ирэх жилүүдэд буурах таамаг бий. Мөн Монгол Улс өнгөрсөн жил 28 сая тонн нүүрс борлуулсан байхад энэ жил 40 сая тонныг зарна гэсэн нь хэт өөдрөг төсөөлөл болжээ. Үүнтэй би санал нийлэхгүй байгаа.
-Зарим нь ирэх оны төсвийг сонгуулийн өмнөх төсөв учир хайр зарласан төсөв болжээ гэх юм. Мөн ирэх оны төсвийн хуваарилалтыг та хэр оновчтой болсон гэж харж байгаа вэ?
-Яг одоогийн байдлаар төсвийн хуваарилалтад үнэлэлт, дүгнэлт өгөх цаг биш. Байгаа хөрөнгийг оновчтой, зөв хуваарилж чадаж байна уу гэдгийг хэлэлцүүлгийн явцад нямбайруулаад, чанаржуулаад явчих боломжтой. Төсөв ихэсч, багасах нь учир шалтгаантай. Эхэлчихсэн олон бүтээн байгуулалт ашиглалтад ороод дуусчихсан бол хэмжээ нь багасна. Ер нь төсөв дээр эдийн засгийн агуулгаар, үр ашгийн үүднээс хандах ёстой. Гэтэл манайд төсөв дээр улс төрийн агуулгаар, хэрэгцээ шаардлагын талаас нь хандаад байна. Надад юу өгөх гэж байна, миний тойрогт юу хийгдэх гэж байна ч гэдэг юм уу, ийм өнцгөөр асуудалд хандаж болохгүй. Ирэх оны төсвийн төлөвлөлтөд анхаарахаар нэлээд асуудал байна лээ.
-Тухайлбал ямар асуудал байна вэ?
-2019 онд төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээс урсгал зардлыг 777.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Урсгал зардлын төлөвлөлтөд зарим нэг тэвчиж болох зардлуудыг хасах, өмнөх онуудын түвшинд барих зэрэг зарчмуудыг баримтлах нь зүйтэй. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан төлөвлөх ёстой. Тэгж чадаагүйгээс бүс нутгийн чанартай томоохон төсөл арга хэмжээнүүд хэрэгжихгүй үлдэж, орон нутгийн шинж чанартай хөгжлийн бодлоготой уялдаагүй ажлууд хийгдэж, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна. Мөн зарим төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацааг 3-4 жил дамжуулан хийхээр төлөвлөж байгаа нь тухайн төсөл, арга хэмжээг чанаргүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн Аудитын дүгнэлтэд тусгаснаар 2019 онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт төсөл, арга хэмээний 71.3 хувь нь Төсвийн тухай хуульд заасан техник эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь магадлалаар баталгаажаагүй ажил байгаа нь 2019 онд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хугацаа алдахаар байгаа юм. Аймаг, орон нутгаас ирсэн саналуудыг УИХ-ын гишүүнээрээ дамжуулан улсын төсөвтөө суулгадаг шүү дээ. Хүн амын нэн чухал эмнэлэг, цэцэрлэг, сургууль, зам харгуй зэрэг бүтээн байгуулалтын ажлыг улсын төсөвтөө хийхгүй бол өөр хаанаас хийх вэ. Гагцхүү төсвийг жижиглэн, тойрог тойргоор хуваахаасаа гадна хөгжлийнхөө бодлоготойгоо уялдуулах ёстой. Жишээ нь, суманд нэг км хатуу хучилттай зам барихын оронд тэр газар тариалангийн гол зам болох монголчуудын хоол хүнсээр хангаж байгаа Сэлэнгэ аймгийн Түшиг, Алтанбулаг сумаас Улаанбаатарын чиглэлийн төв замтай хатуу хучилттай замаар холбох явдал илүү чухал санагдана.
-Энэ намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Үндсэн хуулийг өөрчлөх, Төрийн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар таны байр суурийг сонсъё?
-1992 оны Үндсэн хууль, манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа болж ирсэн. Монгол ардчилсан дэглэмтэйгээ байгаагийн гол шалтгаан бол Үндсэн хууль. Иймд Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх гэхээс илүү судлагдсан, практикт харагдсан цөөн асуудлыг шийдэх нэмэлт, өөрчлөлт хийж болно. Эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг хангах, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, шүүх засаглалыг шударга, хараат бус, хариуцлагатай байлгах шаардлагатай. Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүндээ хэн байх вэ гэдгийг өөрөө шийддэг болох, УИХ-аас Ерөнхий сайдыг сонгоход хариуцлагатай ханддаг болох, гүйцэтгэх эрх мэдлийг илүү тогтвортой ажиллах боломж бүрдүүлэх, эргээд УИХ-аас гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулах өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Давхар дээлийн асуудлыг бүрэн хориглох зэрэг асуудлыг л шийдэх хэрэгтэй. Үгүй бол ардчилалд хүмүүс хоорондоо маргалдаад шийдвэр гаргаж чаддаггүй, хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголт газар авч сүүлдээ дарангуй дэглэмтэй болох санаа цөөн хүнээс гарахад хүргэж байна. ХБНГУ, Их Британи, Япон зэрэг парламентын ардчилалтай ч эдийн засгийн хувьд хамгийн сайн хөгжиж чадсан улсуудад гүйцэтгэх эрх мэдэл нь тогтвортой, хариуцлагатай байдаг. Энэ жишгийг авч парламентын засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй.
-Улстөрч хүний хувьд манай улсын улс төрийн тогтолцоог ямар хэлбэртэй байхыг илүү дэмждэг вэ. Зарим хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудлыг ярьж байна л даа. Аль засаглал манай улсад тохирох вэ?
-Монгол Улс өөрөө гурванхан сая хүн амтай, хоёр том хөршийн дунд оршдог орны хувьд парламентын засаглал илүүтэй тохирох учиртай.
Харин энэхүү засаглалынхаа тогтолцоог илүү төгөлдөржүүлэх, хариуцлагатай болгох асуудлыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Үнэхээр төрийн алба, төрийн тогтолцоонд сэв суусан нь үнэн. Гэхдээ бүх бурууг тогтолцоо руу чихэх нь учир дутагдалтай. Тиймээс хариуцлага, төрийн албыг чанаржуулах, чадавхжуулах, нам, улс төрийн хүчний хариуцлагын асуудлыг маш өндөрт тавьж, шаардах учиртай.