Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Төрийн эрх данхайх тусам иргэдийн эрх зөрчигддөг

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарьтай ярилцлаа.


-Хууль зүйн байнгын хороо хуралдаж Хүний эрхийн дэд хорооны даргаар таныг томилсон. Өнөөдрийн нөхцөлд хүний эрхийн асуудал маш хурц хөндөгдөж байна. Та хүний эрх тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ. Хүний эрхийн дэд хороо ямар зарчмаар ажиллах вэ?

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргаар томилогдлоо. Дэд хороод нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргадаг. Гаргасан дүгнэлтээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан УИХ-д өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй. Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг эрхэлдэг. Өнөөдөр манай нийгэмд хүний эрхийн зөрчил бүхий л шатанд бий болчихсон. Хөдөлмөрлөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээс үүдэлтэй зөрчлүүд их байна. Хүний эрхийн тал дээр би ямар бодлого барьж ажиллах вэ гэхээсээ илүү УИХ, төр засгийн зүгээс ямар бодлого чиглэл барин ажиллаж байна. Батлагдан гарч байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байна гэдэгт илүү анхаарлаа хандуулна. Хүний эрхийн хэрэгжилтийг хангуулах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллах болно. Хүний эрх ихээр зөрчигдөж байгаа газар дээр нь очиж танилцах, иргэдтэй уулзах, сонсгол хийх зэрэг бүхий л хэлбэрээр ажиллана. Энэ парламентад сонгогдсоноос хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсэг, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хянах ажлын хэсгийн ахлагчаар ажиллалаа. Одоо Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Энэ бүхэн дээр эмэгтэйчүүд, хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг, эмзэг асуудлууд.

-Хүний эрх зөрчигдөж буй асуудал нийгэмд ингэж хүчтэй яригдаж, хүний эрх зөрчигдсөн талаар мэдээлэл их гарах болсон нь хууль тогтоох байгууллагын алдаанаас болж байна уу. Эсвэл хувь хүний хариуцлагаас шалтгаалж байгаа юм уу?

Монгол Улс НҮБын хүний эрхийн конвеницид нэгдэн орж гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийг иргэддээ эдлүүлэх үүрэг хүлээсэн. Гэхдээ төр энэ үүргээ төдийлөн хангалттай биелүүлж чадахгүй байгааг хүний эрхийг хамгаалагчид, байгууллагууд шүүмжилж байгаа. Түүгээр ч үл барам төрийн албанд хүний эрх хамгийн их зөрчигддөг гэдэг ч судалгаа байдаг. Хууль тогтоох байгууллагын гэхээсээ илүү хувь хүний, ажил хариуцаж байгаа албан тушаалтны хариуцлагагүй үйлдэл, үйл ажиллагаанаас болж байна гэж үзэхээр байгаа юм.

Иргэнээсээ илүү эрхтэй төр гэж байх ёсгүй. Төрийн эрх данхайх тусам иргэдийн эрх зөрчигддөг. Хүний эрх бол дан Монгол Улсын асуудал биш. Олон улсад хүний эрхийг тэргүүлэх асуудлаар эрэмбэлж буй энэ үед төр хайхрамжгүй хандаж болохгүй гэдийг хэлмээр байна.

-Хүний эрхийн дэд хороонд иргэдийн гомдол маш их ирдэг. Гэсэн ч асуудлыг шийдэхгүй удаадаг, шийдвэр гаргадаггүй гэдэг шүүмжлэл бий. Иргэдийн зүгээс ямар гомдол түлхүү ирдэг бол?

-Хүний эрхийн дэд хороо гэлтгүй УИХ, Байнгын хороод, гишүүдийн нэр дээр иргэдээс өргөдөл, хүсэлт их ирдэг. Үүний дийлэнх нь хүний эрхийн зөрчил, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхтэй холбоотой хүсэлтүүд байдаг. Байнгын болон дэд хороо маань өөрөө энэ өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэр гаргадаггүй. Хариуцсан байгууллага, албан тушаалтанд нь хуулийн хэрэгжилтийг хангах талаар чиглэл өгдөг л дөө. Үүнийг ойлгоогүйгээ зарим иргэд асуудлыг шийдвэрлэж өгсөнгүй гэх гомдол гаргах тохиолдол мэр сэр бий. Иргэдээс удаа дараа ирүүлж байгаа гомдол, хүсэлтэд дурдсан асуудлыг зохицуулж байгаа хууль тогтоомж нь тухайн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй, хийдэлтэй байх тохиолдолд УИХ, гишүүдээс хууль санаачилах, Засгийн газарт чиглэл өгч цогц байдлаар асуудлыг шийдвэрлүүлэх зэргээр ажиллдаг.

Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороонд иргэдээс ирүүлж байгаа гомдлын дийлэнх хувийг мөрдөн шалгах ажиллагаа удааширч байгаа, прокурор, шүүхийн хууль бус шийдвэрийн талаар байдаг. 2017 онд гэхэд иргэдээс 42 өргөдөл ирсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 32 өргөдөл ирсэн байна.

-Монгол улс хүний эрхийг хамгаалах талдаа хойрго гэдэг. Ялангуяа сүүлд гэхэд хүүхдийн паркийн тоглоом унаж хүүхэд гэмтсэн. Хөлбөмбөгийн талбайд тоглож байсан хүүхэд хаалганы төмөрт цохиулж амиа алдлаа. Хамгийн сүүлд эмийн сангийн хаалга тогтой байсныг мэдэлгүй 10 настай хүүхэд хаалга татаж тогонд цохиулж амиа алдлаа. Энэ мэтчилэн харамсалтай зүйлс их байна. төр хэрхэн анхаарах ёстой вэ?

-Өдөр тутам шахуу ийм харамсалтай, эмгэнэлтэй мэдээ дуулдаж байгаад сэтгэл маш их эмзэглэж байна. Ялангуяа томчууд бидний хариуцлагагүй, хайрхамжгүй үйл ажиллагаанаас болж хүүхдүүд эндэж, хохирч байгаа нь үнэхээр харамсалтай. Ийм байхад хүний эрхийг хангах чиглэлээр хангалттай ажиллаж чадаж байна гэж үзэх ямар боломж байхгүй. Гэхдээ Монгол Улс Үндсэн хуулиндаа заагдаж баталгаажсан хүний эрхийг эдлүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид заагдсан хүний суурь эрхүүдийн баталгааг хангуулахын төлөө дотоодын хууль тогтоомжоо боловсронгуй болгох тэдгээрийг дагаж мөрдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр нэгдэн орсон гэрээ, конвенцийн заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж гйүцэтгэсэн ажлаа Олон улсын байгууллагад тайлагнаж тэднээс ирүүлсэн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Иймээс шат шатандаа хуулиа дээдлэн мөрдөж хэрэгжүүлэх, хариуцлагаа дээшлүүлэх, сонор сэрэмжтэй байх шаардлагатай.

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж байнгын хороо хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ. Захиргааны ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь иргэдийн эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна гэдгийг хуульчид хэлж байгаа. уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу?

-Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Гэхдээ гишүүдийн олонх өргөн барьсан энэ хэвээр нь биш хэлэлцүүлгийн шатанд зарим өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэж үзсэн.

-Уг хуульд нэмэлт, өөрчлөлт орвол Засгийн газар хэмжээгүй эрх эдэлж, хувь хүн байтугай төрийн буруутай шийдвэрийг эргэж харах боломжгүй болж байгаа гэдэг. Энэ зөв юм уу?

-Засгийн газар ч бай, Их хурал ч бай Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой. Аль нэг институци давуу эрх эдлэх, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулах ёсгүй.

-Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор иргэд захиргааны асуудлыг шийдүүлэх боломжгүй болж байна. Ялангуяа ажлаас хууль бусаар халагдсан, аймаг, сум, дүүрэг, агентлаг, Засгийн газрын алдаатай шийдвэрийг хэн ч эргэж харахгүй болох юм билээ. Энэ бүхэнд хүний эрх зөрчигдөх тул иргэд хэнд хандах нь тодорхойгүй болж мухардалд орно. Яах ёстой юм бэ?

-Иргэд эрхээ эдлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломж аль ч нөхцөлд байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн нь “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Мөн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй. Энэ эрхэд ямар нэгэн хуулиар хязгаарлалт тогтоох ёсгүй. Иймээс Захиргааны ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлгийн шатанд тал бүрээс нь ярьж шийдвэрлэнэ.

-Ц.Нямдорж сайд Захиргааны шүүхийг татан буулгана гэдгээ хэлсэн. Шүүх засаглалыг мухарлах энэ алхам ямар хор хохиролтой вэ. Ц.Нямдорж сайдын хэлж буйгаар Захиргааны хэргийн шүүхийн хоёр шүүгч асуудалтай гэж байсан. Хоёр шүүгчийн асуудлаас болж Захиргааны шүүхийг татан буулгах нь зөв үү?

-Үндсэн хуульд “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно” гэж заасан байдаг. Дэлхийн олон оронд захиргааны хэрэг маргааныг дагнан шийдвэрлэдэг шүүх үйл ажиллагаа явуулж байна. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Хэн нэгэн албан тушаалтан, шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас болж системээр нь муулдаг, буруутгадаг үзэгдэл газар авсан нь маш хортой байгаа юм. Шүүх болон шүүмжлээд байгаа салбаруудад шударгаар сайн ажиллаж байгаа алба хаагч нар олон байгаа. Тэднийг хамааруулж, хохироож болохгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *