Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Наранбаатар: Өөрийнхөө мэдэж байгаа хүрээнд АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.


-Нүүрсний хулгайн хэрэгт холбогдогчоор нэр нь зарлагдсан таван гишүүн АТГ-т мэдүүлэг өгсөн гэж сонссон. Ер нь хэдэн удаа, ямар мэдүүлэг өгсөн талаараа мэдээлэл өгөх боломжтой юу?

-АТГ биднийг дуудаж, ямар нэгэн мэдүүлэг аваагүй байж гэнэтхэн нэр зарласан. Тиймээс бид энэ талаар мэдээлэл хийсэн. Үүний дараа биднийг дуудаж мэдүүлэг, тодруулга авсан. Нүүрсний асуудал Өмнөговь аймаг дахь Таван толгойн ордтой холбоотой шүү дээ. Би Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан учраас ажил үүргийн хүрээнд асууж тодруулах зүйл байна гээд тодруулга, мэдээлэл авсан. Ингэхдээ мөрдөн байцаах ажиллагааны нууц гэж гарын үсэг зуруулдаг юм байна. Тиймээс АТГ-т өгсөн тодруулга, мэдээллээ задруулж болохгүй юм байна лээ. Мөрдөн байцаах ажиллагааны нууцад гарын үсэг зурчихсан учраас нарийн ярих боломжгүй, хуулийн хориотой юм байна лээ.

-Таныг яллагдагчаар дуудсан юм уу, гэрчээр дуудсан юм уу?

-Гэрчийн мэдүүлэг авсан. Өөрийнхөө мэдэж байгаа хүрээнд тайлбар мэдүүлэг өгсөн.

-Эрдэнэс Таван толгойгоос иргэдэд ногдол ашиг олгох тогтоолын төслийг та бүхний таван гишүүн өргөн барьсан. Нэг талаас сонгууль ойртсон, нөгөө талаас нүүрсний хэрэгтэй холбоотой хэмээн та таван гишүүний нэрийг зарласан учраас ийнхүү поп хууль санаачиллаа гэж харах хэсэг байна. Энэ хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой вэ?

-Нүүрсний асуудалтай холбогдуулж бид таваас гадна УИХ-ын 20-иод гишүүн орсон лобби бүлэг байгуулсан. Бид нүүрсний хулгайн жинхэнэ эздийг ил болгох, нүүрсний хулгай яагаад гарав, цаашид яах вэ гэдгийг ярилцаад УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан. Төрийн мэдэл их байгаа учраас хулгай гарч байна. 1072 хувьцаа буюу иргэдэд байгаа хувь хяналтын хэмжээнд хүрэхгүй байна. 80 гаруй хувь нь төрийн мэдэлд байгаа учраас төр, төрөөс томилогдсон удирдлагууд нь дангаараа шийдвэр гаргаж байна. Түүнчлэн компанийн үйл ажиллагаа хаалттайгаас болж бид олон асуудлыг сүүлд нь мэдэж авлаа шүү дээ. Тиймээс нээлттэй болгоё гэсэн зорилго тавьсан. Ингээд хяналттай болгохын тулд нийт хувьцааны 40 хувийг иргэдэд эзэмшүүлэх ёстой гэж үзсэн.

Компанийн тухай хуулиар үлдсэн 60 хувийг эзэмшигч дангаараа шийдвэр гаргах боломжгүй болж байгаа юм. 40 хувийг иргэдэд эзэмшүүлэхдээ нэгдүгээрт, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгоно. Хоёрдугаарт, 3.5 сая иргэн бүгд хувьцаа эзэмшигч болох нөхцөлийг нь бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, 40 хувиа 3.5 сая иргэнд хуваахаар 1072 хувьцаа нь 2522 болж байгаа юм. Ингээд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл бүртгэгдсэн Монголын бүх иргэдэд 2522 хувьцааг олгох зохицуулалт орж байгаа.

Түүнчлэн одоо байгаа 1072 хувьцаа шиг зарах эрхгүйгээр олгохоор зохицуулсан. Нээлттэй худалдчихаар мөнгөтэй хүмүүс, эсвэл гадныхан худалдаад авчихна. Ингээд иргэдэд очих үр өгөөж байхгүй болчихдог. Тиймээс иргэдэд үнэ төлбөргүйгээр 40 хувийг эзэмшүүлье гэсэн тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ тогтоолын төсөл батлагдсанаар, нэгдүгээрт компани хяналттай болно. Хоёрдугаарт, байгалийн баялгийн 30 хувийг ногдол ашгаар дамжуулж иргэдэд хуваарилах бололцоотой болно. Цаашид оффтейк гэрээ ч гэдэг юмуу, нууцтай холбоотой аливаа шийдвэрийг төр, төрөөс томилогдсон төлөөлөгч дангаараа мэдээд шийдэхгүй. 40 хувийн хяналтын төлөөлөлттэй болох учраас хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар шийднэ.

Хэдэн хувийг нь ногдол ашиг болгож тараах вэ гэдэг нь нээлттэй яригдахаар болж байгаа юм. Иргэд Эрдэнэс Таван толгойгоос ногдол ашиг хүртэж байгаа нь маруухан байгаа. Хэдэн жилийн өмнө ногдол ашиг гэж л 80 хэдэн төгрөгийг нэг удаа өгснөөс биш том бүтээн байгуулалт нэрийн дор ногдол ашиг өгөхгүй явж ирсэн. Эрдэнэс Таван толгой ХК өнгөрсөн 10 жилийн хугацаанд 12.8 их наяд төгрөгийн борлуулалт, 7.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Таван толгой дур зоргоороо дийлэнх хэсгээ худалдан авалтад зарцуулчихсан байгаа юм. Хяналт муу байсан учраас шаардлага хангахгүй худалдан авалт хийсэн, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн зэргээр олон асуудал гарч ирж байгаа юм. Энэхүү тогтоолын төслөөр энэ бүгдийг хяналттай болгоно. Ингэснээр компанийн засаглал сайжирна, үр ашиг нь дээшилнэ, иргэд байгалийн баялгаас жигд хүртэнэ.

-40 хувийн хяналтыг яг яаж тогтоох юм бэ. 40 хувийн төлөөлөл гээд дахиад “төр” орох юмуу, хаанаас ямар хүн хяналтыг тогтоох юм бэ?

-Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд орно. Жишээ нь, ТУЗ есөн гишүүнтэй байна гэж үзвэл төрийг төлөөлж таван хүн байна. Хувь нийлүүлэгчийн хурлаас дөрвөн хүн сонгогдоно. Хувьцаа эзэмшигчийн хуралд уул уурхай, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр хүмүүсийн нэрийг дэвшүүлж иргэд сонгоно. Мөн сайн дураар нэр дэвшиж болно. Ингээд цаашид гэрээ, худалдан авалт, төлөвлөгөө гээд томоохон шийдвэрүүдийг ТУЗ гарна. Компаний тухай хуулиар ТУЗ-ийн шийдвэр 66.6 дээш хувиар буюу дийлэнх олонхын хувиар гардаг. Тиймээс төрийн таван хүн дангаараа шийдэх бололцоогүй болж байгаа юм. Иргэдээс сонгогдсон дөрвөн төлөөлөлтэй бүх асуудлаа ярьж байж дараагийн шийдвэрээ гаргана.

-ТУЗ-ийн хэдхэн гишүүн бүх шийдвэрийг гаргах зохицуулалт нь асуудлыг углуургаар нь шийдэж чадахгүй юм биш үү. ТУЗ төлөвлөгөө, зарцуулалтаа тайлагнадаг, түүндээ хариуцлага хүлээдэг заалт орж байгаа юу?

-Энэхүү УИХ-ын тогтоолын төслөөр аль болох компанийн засаглалыг сайжруулах, иргэдэд очих өгөөжийг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгнө. Тиймээс Засгийн газар цаашид ямар байдлаар тус тогтоолыг хэрэгжүүлэх вэ гэдэг нарийн зохицуулалтыг гаргаж ажлаа хийнэ. Компанийг нээлттэй болгох ажлуудыг хийх ёстой. Жишээ нь, ТУЗ үнэ тогтоож бага үнээр нүүрс зарсан байна гэцгээж байна. Оны өмнөхөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль батлагдсан. Энэхүү хуулийн хэрэгжилтийн хүрээнд өнгөрөгч эхлэн хөрөнгийн биржээр нүүрс зарагддаг болсон. Тиймээс цаашид хэн нэгэн хүнээс үнэ хамаарахгүй. Хөрөнгийн бирж дээр үнэ чөлөөтэй зарлагдана. Хамгийн өндөр үнэ хэлсэн иргэд, аж ахуйн нэгж авах бололцоог нь нээж өгсөн. “Эрдэнэс Монгол” гээд төрийн өмчийн компанийг бүгдийг нь дороо нэгтгэж хариуцдаг компани бий. Энэхүү компанийн дор 19 төрийн өмчит компани байна. Жишээ нь, Эрдэнэт, Монросцветмэнт, Дархан, Хөтөл зэрэг асуудлуудтай, алдагдалтай, маргаантай олон компаниуд байна. Тиймээс алдагдалтай томоохон ордууд дээр 60 хувь, цаашид магадгүй зарим үйлдвэр, аж ахуйн газруудыг 100 хувь нээлттэй болгож болно. Хувьцаа гаргаад тодорхой хувийг нь иргэд, мөн тодорхой хувиа төр эзэмших, зах зээлд тодорхой хувийг нь гаргах маягаар нээлттэй болгохгүй бол болохгүй байна. Улс төрийн томилгоогоор очсон удирдлагууд, ТУЗ компанийг үр ашигтай, сайн засаглаж чадахгүй байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд олон төрийн өмчит компани дээр харагдлаа. Тиймээс хувьчлалыг Хөрөнгийн биржээс эхлүүлж байна. Бага багаар олон нийтийн нээлттэй компани болох зүйлийг цаашид хийх ёстой гэж манай лобби бүлэг ярьж, энэ тогтоолын төслийг санаачилсан.

-Тогтоолын төсөлд иргэдэд ногдол ашгийг олгох зохицуулалт орсон. Яг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Тогтоолын төслийг баталж Засгийн газарт үүрэг өгснөөр Засгийн газар цаашдын арга хэмжээг авна. Хуулиараа тавдугаар сарын 1-ний дотор хувьцаат компаниудын хувь нийлүүлэгчдийн хурал болдог. Энэ хурлаар компанийн нийт ашгаа тооцож үзэх хэрэгтэй. Оффтейк гэрээний төлбөрт хэдийг өгөхөөр байна гэдгээ тооцож тодорхой хувийг нь иргэдэд хуваарилах боломж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ нууцаас гаргасан гэрээнүүдийг харахад ойрын хугацаанд иргэдэд их хэмжээгээр ногдол ашиг хуваарилах боломж хэцүү юм шиг байна лээ. Олон сая ам.долларын гэрээнүүд хийчихсэн байна. Өнөө маргаашдаа тулсан, онц шаардлагагүй төслүүдээ зогсоох нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайлбал, Богдхан төмөр замыг түрдээ зогсоож, тийшээ өгөх мөнгөө авч үлдээд тодорхой хувийг нь иргэдэд хуваарилах боломж байна уу гэдгийг судална. Тиймээс энэ чиглэлд эдийн засгийн тооцоолол хийх хэрэгтэй юм билээ.

-Иргэдэд ногдол ашиг хэлбэрээр 2 сая төгрөг өгнө гэж та бүхэн үзсэн байсан шүү дээ. Энэ тооцооллыг яаж гаргасан юм бэ?

-Аливаа хууль, тогтоолын төсөл өргөн барихдаа эхлээд эдийн засгийн тооцоо судалгаа хийдэг. Тогтоолын төсөл боловсруулсан Ажлын хэсгийн судлаачдын баг энэ талаарх тооцооллыг хийсэн. Гэхдээ тэдэнд мэдээлэл 100 хувь байхгүй. Тэдний тооцооллоор нэг иргэнд 2522 хувьцаа гэж үзэхээр хоёр сая төгрөгийн ногдол ашиг олгох боломжтой гэсэн судалгаа гаргасан. Зарим шаардлагагүй төслүүдээ зогсооно гэж үзэж байгаа юм билээ. Эхний ээлжинд нэн шаардлагатай төслүүдээ санхүүжүүлээд иргэдэд хоёр сая төгрөг олгох бололцоотой гэж үзсэн.

-Хуулийн төсөлтэй холбогдуулж холбогдох байгууллагуудаас санал авдаг шүү дээ. Сангийн яам үүнд ямар хариу санал өгсөн бол?

-Засгийн газраас санал авахаар өгсөн. Тогтоолын төслийг хэлэлцээд эхлэхээр Засгийн газрын санал ирэх байх. Засгийн газраас ирүүлсэн санал, тооцоо судалгааг Байнгын хороо хэлэлцэнэ. Дараа нь УИХ хэлэлцэхийг нь шийдчихвэл Ажлын хэсэг гарч нарийн зүйлүүд тодорхой болно.

-Ер нь цаашид ногдол ашиг олгох боломж хэр байгаа талаар судалгаа гарсан уу?

-Ногдол ашиг тараах нь тухайн жилийнхээ болон дэлхийн, тэр дундаа Хятадын зах зээл дээр зарж байгаа нүүрсний үнээс хамаарах гээд байгаа юм. Сүүлийн хоёр жил нүүрсний үнэ өндөр байгаа энэ үед хоёр сая төгрөгийг иргэн бүрд олгох боломжтой гэсэн тооцоо гарсан. Цаашид нүүрсний эрэлт сайн, үнэ нь өндөр байвал нэмэгдээд явна. Хэрвээ нүүрсний үнэ унаад компанийн нэг тонн нүүрс олборлох зардал зарах зардлаас давчихвал ашиггүй болж байдал хэцүүднэ. Гэхдээ манайх цаашид ногдол ашиг олгох бололцоотой. Нүүрсний чанар сайн. Зах зээл нь 280-хан км-ийн цаана байна. Өмнөд хөршид эрэлт хэрэгцээ өндөр байна. Гашуунсухайтын боомтоор ковидын үед өдөрт 100-150 машин гарч байсан бол өнөөдөр 800, 900 машин гарч байна. Экспортлох хэмжээ найм, ес дахин нэмэгдчихлээ ч гэдэг юм уу тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж ашиг орлого нь янз бүр байж болно. Ер нь цаашид ашигтай ажиллах нь ойлгомжтой. Иргэдэд байгалийн баялгийг хүртээх боломж байгаа гэж харж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *