УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр” өчигдөр (2024.05.18) Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн. Анх 2021 онд Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 5 болон 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаригийг Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд болгохоор хуульчилсан. Номын баярын цар хүрээ жилээс жилд өргөжиж, олон улсын фестивал болсон төдийгүй үндэстнийхээ түүх, соёл, ном судар, түүнийг бүтээгчдийг хүндлэн дээдлэх, уншигч зохиолчдын амьд холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтой гэдгийг оролцогчид онцолдог. Номын баяр зөвхөн үндэсний хэмжээний баяр биш, гадаад улс орнуудаас нэр хүндтэй, алдартай зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцдог болсноор Монголын уншигчид, хэвлэлийн компаниуд, зохиолчидтой биечлэн уулзаж хамтран ажиллах боломж бүрддэг юм.
Энэ удаагийн Номын баярт оролцохоор Унгар Улсын Кино хорооны дэд дарга Пэшти Акош, кино зохиолч, түүхэн романы зохиолч Бела Трукс, “Andrew Nurnberg Associates” агентлагийн Бангкок дахь салбарын захирал Вийрават Биг Течакижаторн, “Introtema” агентлагийн төлөөлөгч Гульнара Якупова болон БНСУ-ын зохиолч, “Сэтгэл хөдөлгөсөн монгол аялал” номыг туурвигч Шон Пё зэрэг хүндтэй зочид ирсэн байна.
Гурван өдрийн турш ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилгоор номын үзэсгэлэн, уншигч зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн онцлох бүтээлийн танилцуулгууд болон хүүхэд, багачуудад зориулсан урлаг, соёлын хөтөлбөрүүд хоёр дахь өдрөө үргэлжилж байна