Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Мөнхшүр: Ихэртэйгээ хамт дэлхийн рекорд эвдэж, Гиннессийн номд дахин бичигдэхээр болсондоо баяртай байна DNN.mn

АНЭУ-ын Дубай хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээнд манай улсын шигшээ багийн тамирчид оролцож, багаараа тэргүүлсэн амжилт гаргасан юм. Тус олимпод амжилттай оролцсон шигшээ багийн тамирчдын төлөөлөл болох Н.Мөнхшүртэй ярилцлаа. Тэрээр ихэр Н.Энхшүрийн хамт дэлхийн рекорд эвдэж, тоо-дүрс цээжлэх төрөлд илүү оноотойгоор Гиннесийн номд дахин бичигдэхээр болсон юм.


-Юуны өмнө оюуны олимпод амжилттай оролцож, багаараа тэргүүлсэнд баяр хүргэе. Тоо-дүрс цээжлэх төрөлд олимпийн рекордыг шинэчлэн, Гиннесийн номд дахин бичигдэхээр болсон. Энэ хүртэл маш их хичээл зүтгэл, бэлтгэл хийсэн байх. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баярлалаа. Дөрвөн жилд ганцхан удаа болдог ой тогтоолтын хамгийн том тэмцээн “Оюуны олимп”-доо амжилттай оролцсондоо баяртай байна. Оюуны спортоор хичээллэж эхлээд хамгийн их оролцохыг хүсч байсан тэмцээн маань байлаа. “Number Shape Recognition” төрөл нь тоо цифрийг, янз бүрийн олон өнгийн дүрстэй холбон цээжилдгээрээ онцлогтой. Энэ төрөлд ихэртэйгээ хамт дэлхийн рекорд эвдэж, илүү оноотойгоор миний амжилт Гиннесийн номд дахин бичигдэхээр болсондоо баяртай байна. Ихэр бид хоёрын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хичээл ном, ар гэр, хувийн шалтгаанаас болоод тогтмол тэмцээнд ороогүй, бэлтгэл хийгээгүй удсан байсан. Олимп болохын өмнөх сар гаруй хугацаанд хичээл ном, дипломоо бичихийн хажуугаар тэмцээндээ бэлдэж эхэлсэн. Хичээл байнга ачаалалтай байдаг учраас аль болох бүрэн төвлөрч, үр дүнтэй бэлтгэл хийх гэж хичээсэн нь өнөөдрийн энэ амжилтад хүргэсэн болов уу гэж бодож байна.

-Энэ спорттой амьдралаа холбосон түүхээсээ хуваалцаж болох уу. Анхны тэмцээн нь ямар тэмцээн байв?

-Анх 12 дугаар ангиа төгсөөд сурах арга барилаа өөрчилье гэдэг зорилгоор ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсэн. Хичээллэх тусам маш хурдан ахиц гарч, энэ спортод улам дуртай болж байсан. Өөрсдийгөө сорьж үзье гээд хамгийн анх Улсын аварга шалгаруулах тэмцээнд орж хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэн улсдаа эхний шилдэг аравт орсон нь бидэнд цааш хичээллэх маш том урам зориг өгсөн гэж боддог. Ингээд эхний тэмцээндээ амжилттай оролцсоны дараа хоёр дахь тэмцээндээ оролцох эрхтэй болсон нь “25 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” байсан юм. Ихэр бид хоёр өсвөр насны ангилалд өрсөлдөн тус тус дэлхийн рекорд эвдэж, “Өсвөрийн дэлхийн аварга”, “Дэд аварга” болж, цаашлаад “Олон улсын их мастер” гэх хамгийн том цолыг маш богинохон хугацаанд буюу ой тогтоолтын спортоор хичээллэж эхлээд зургаахан сарын дотор хүртсэн. Энэ нь олон улсын тамирчдын анхаарлыг татсан хэрэг болсон. Эдгээр амжилтууд маань цаашид өөрсдийгөө дахин сорьж үзэх, амжилтаа ахиулахад маш их нөлөөлсөн.

-Өнөөдрийг хүртэл улс, тив, дэлхийн нийт хэдэн уралдаан тэмцээнд оролцсон бэ. Тоолж байв уу?

-Улсын болон тив, дэлхийн нийт 16 тэмцээнд оролцсоноос 12-д нь түрүүлсэн. Ихэр бид хоёр 20 гаруй удаа улсын болон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.

-Хамгийн их урам авч байсан, дурсамжтай ямар тэмцээн байсан бэ?

-Хамгийн их урам авч байсан тэмцээн маань 2017 оны ДАШТ байсан. Энэ тэмцээн дээр Н.Энхшүрийн хувьд хоёртын тоолол төрөлд 30 минутад 5445 цифр цээжилж, миний хувьд нэг цагийн дотор 1924 ширхэг буюу 37 багц хөзөр цээжилснээрээ тус тус Гиннесийн амжилтад бүртгэгдсэн. Энэ нь дэлхийд ой тогтоолтын спортоор ихэр тамирчид нэгэн зэрэг дэлхийн дээд амжилтад бүртгүүлж буй анхны тохиолдол байсан юм билээ. Энэхүү тэмцээнд бүх насны ангиллыг тэргүүлж, ой тогтоолтын спорт үүсч хөгжсөний 26 жилийн түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй “Дэлхийн аварга” болсон нь бидний хувьд хамгийн дурсамжтай тэмцээн юм.

Хүмүүсийн халуун дулаан үг, тус дэм бидэнд маш их урам болдгоос гадна ой тогтоолтын спортын хүчтэй өрсөлдөгчид болох Хойд Солонгос, Энэтхэгийн тамирчид ирээд “Та хоёр бол бидний ой тогтоолтын спортоор хичээллэж эхлэх гол шалтгаан нь юм шүү, та хоёрын гаргасан амжилтууд бидэнд маш их урам зориг өгдөг шүү” гэж хэлдэг нь маш гоё санагддаг. Сонирхолтой баримтаас дурдвал, бид 2017 онд анхны эмэгтэй дэлхийн аваргууд болсны дараа охид эмэгтэйчүүд оюуны спортоор хичээллэж, дэлхийн чансааг эмэгтэй тамирчид тэргүүлэх болсон. Өмнө нь дэлхийн чансааны эхний аравт эмэгтэй тамирчид төдийлөн орж чаддаггүй байсан бол одоо эхний есөд нь эмэгтэй тамирчид байна. 2017 оноос хойш өнөөг хүртэл олон улсаас зөвхөн эмэгтэй дэлхийн аваргууд төрөн гарсныг харвал бидний амжилт олон хүнийг оюуны спортоор хичээллэхэд нь нөлөөлж, урам зориг өгсөн гэж боддог.

-Багш нарынхаа талаар яриач. Юуг хамгийн их захиж сургадаг вэ?

-Дасгалжуулагч багшийг маань Ө.Сэнгэсамдан гэдэг. Ази тивийн аварга, Олон улсын их мастер, Монголын хамгийн анхны дэлхийн чансааны эхний тавдугаарт бичигдэж, Ази тивд тэргүүлж байсан тамирчин. Багш маань “Алдсан алдаагаа дахин давтахгүй байх нь том амжилт, илүү их амжилт гаргах боломж байна, амжилтдаа ханаж болохгүй шүү” гэж захидаг. Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баасандорж багш, Монгол оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар багш маань ч урмын үгээ харамгүй хайрладаг учраас багш нарынхаа хэлсэн үгэнд урамшиж, дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцохыг хичээдэг.

-Одоо ямар мэргэжлээр суралцаж байгаа вэ. Ирээдүйн зорилго, мөрөөдлийнхөө талаар хуваалцаж болох уу?

-Бид одоо БНХАУ-ын Бээжингийн их сургуульд “Олон улсын харилцаа, төрийн бодлого менежмент” гэсэн мэргэжлээр мастерын зэрэгт тус тус суралцаж байна. Бакалавраа энэ сургуульдаа сурч төгссөн хэдий ч цар тахлаас шалтгаалан 3.5 жил нь гэртээ онлайнаар сурсан учраас төгсөөд үргэлжлүүлэн мастерт суралцахаар шийдсэн. Хятадад ирж суралцах гол шалтгаан нь дэлхийн шилдэг 15-т багтдаг сургуулиудад засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэйгээр дэлхийн боловсрол эзэмших боломжтой. Мөн газарзүйн хувьд ойрхон учраас хүссэн үедээ гэртээ хариад байж болох зэрэг давуу тал их бий. Сургуулиа төгсөөд эх орондоо ирж мэргэжлээрээ ажиллан, сурсан мэдсэн зүйлээрээ хувь нэмрээ оруулахыг хүсч байгаа.

-Монголын тамирчид нас насны ангилалдаа дэлхийн дээд амжилтуудыг эзэмшиж, тэмцээн, уралдаанд оролцох бүртээ рекордоо ахиулж байдаг нь саяны тэмцээнээс харагдлаа. Энэ бүхэнд хамгийн түлхэц болж байгаа зүйл нь юу байна вэ?

-Ой тогтоолтын спортод өнөөдөр монголчууд хамгийн хүчтэй гэдгээрээ олон улсад аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн байна. Энэ бүхний ард тухайн тамирчны ар гэр, багш дасгалжуулагчид байгаа. Тамирчдынхаа тэмцээнд оролцох, бэлтгэл хийж амжилтад хүрэх бололцоог нь бүрдүүлж өгөхөөс гадна тамирчны өөрийнх нь уйгагүй хичээл зүтгэл байдаг. Багш, гэр бүлийнхэн нь дэмжээд, туслаад, заагаад байхад хувь хүн нь хичээж хөдөлмөрлөхгүй бол амжилтад амархан хүрнэ гэж үгүй.

-Ихэр эгч дүүс хамтдаа тэмцээнд явахаар мэдээж бие биедээ дэмтэй, түшигтэй байдаг байх. Н.Энхшүрд хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Тэмцээний үед Н.Энхшүр бол миний хамгийн хүчтэй өрсөлдөгч боловч байнга надад урам өгч, сэтгэл зүйг маань зөв чиглүүлж байдаг. Миний гаргасан амжилт бол Н.Энхшүрийн ч амжилт. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шийдвэрлэх төрөл эхлэх гээд сандралтай байхад маань зоригжуулж “Хошой дэлхийн аварга” болоход маань маш их нөлөөлж байлаа. Мөн саяхан болсон Олимп дээр “Number Shape Recognition” төрөлд дэлхийн рекорд эвдэхэд ч Н.Энхшүрийн өгсөн урам зориг, сэтгэл зүй гээд бүгд маш их нөлөөлсөн. Бид бие биенийхээ хувьд хүчтэй өрсөлдөгчид ч гэсэн тэмцээний үед хоёулаа адилхан амжилттай оролцоосой гэж маш их хүсдэг, чадлаараа бие биедээ тус дэм түшиг болох гэж хичээдэг. Амжилт гаргахад хэн хэний маань оролцоо, нөлөө их байдаг учраас бидний амжилтад миний чиний гэсэн ялгаа байхгүй, зөвхөн бидний амжилт гэсэн ойлголт л байдаг. Тийм учраас Н.Энхшүргүйгээр өнөөдрийн өөрийгөө төсөөлөхөд маш хэцүү. Ихэртээ хандаж бүх цаг үед хамгийн сайн найз, зөвлөгч, чиглүүлэгч байж чаддагт маш их баярлалаа, хамтдаа цааш хичээцгээе гэж хэлмээр байна.

-Эх орныхоо нэрийг зарлуулах мөч үнэхээр сайхан байдаг байх?

-Тийм ээ. Төрийн далбаа гэдэг тамирчдын хувьд ялалтыг бэлгэддэг чухал ач холбогдолтой зүйл. Монгол гэж зарлуулаад төрийн далбаагаа бариад, төрийн дууллаа эгшиглүүлэх мөч үнэхээр сайхан байдаг.

-Өөртөө ханах, бардах үе байсан уу. Ер нь өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Өөртөө нэг ч удаа бардаж байгаагүй. Учир нь бэлтгэл дээр хэвийн хийж чаддаг үзүүлэлтээ яг тэмцээн дээр адилхан үзүүлж чаддаггүй. Энэ нь нэг талаараа урам хугармаар ч гэсэн, нөгөө талаараа дараа дараагийн тэмцээндээ илүү амжилттай оролцоход нөлөөлдөг юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, дараагийн тэмцээндээ алдсан алдаагаа дахиж давтахгүйн тулд хичээх боломжийг өгдөг. Үүнээс гадна шинэ тамирчид, шилдэг тамирчид ар араасаа байнга гарч ирнэ, амжилтдаа ханахгүйгээр урагшлахыг өөрсдөдөө байнга сануулдаг.

Г.Балгармаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *