Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Н.Минжинсайхан: “Сэтгэл чамайг таньсан ч бил үү дээ” тоглолтдоо урьж байна DNN.mn

Арваннэгдүгээр сарын 24-нд “Сэтгэл чамайг таньсан бил үү” анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Минжинсайхантай ярилцлаа.

-Таны анхны бие даасан уран бүтээлийн тоглолт маргааш болох гэж байна. Хэр их догдолж байна.

-“Өвгөн тэнгис хоёр” гэдэг зохиол шиг санагдаж байна. Сантьяго өвгөн далайд том загас барих гэж гараад зуун хоног явдаг шүү дээ. Загасаа барьчихаад буцаад явах гэсэн чинь далайн гүн рүү орчихсон байдаг. Тэгээд яаж том загасаа эрэг дээр бүтнээр нь аваачих вэ гэж зовнидог. Эрэг дээр ирэхдээ загасныхаа хэлхээтэй хэдэн ястай ирдэг. Энэхүү зохиолтой төстэй санагдаж байна. Анхны мэдрэмж болохоор ингэж санагдаж байгаа юм болов уу даа. Дараагийн удаа туршлагатай болчих байх. Гэхдээ дуучин биш болохоор ойр ойрхон тоглолт хийхгүй. Энэ тоглолт маань анхны дуугаа тосч авсны арван таван жил, анхны шүлгээ бичсэний 23 жил, энэ хугацаанд юу хийсэн, хаана яваа юм гэдгээ уншигч, сонсогч олноосоо мэдрэх. Бас тэдэндээ шалгуулах гэж байна.

-Бие даасан тоглолтоо хийе гэсэн бодол танд хэзээнээс төрсөн бэ?

-Ойр дотнын нөхөд маань тоглолт хийвэл яасан юм гэсэн яриаг сүүлийн жилүүдэд их ярьсан. Тэгээд энэ зунаас л бодож. Сэтгэлдээ ургуулж, төсөөлж эхэлсэн. Сэтгэлд гал ургаж, зууханд гал болно гэдэг шиг. Сэтгэлдээ эхлээд багтаагаад авсан юм чинь болно доо гээд зориглосон. Одоо тоглолт маань болоход нэгхэн хоног дутуу байна. Босгон дээр нь ирчихсэн зогсож байна даа.

-Тоглолтынхоо нэрийг яагаад “Сэтгэл чамайг таньсан бил үү” хэмээн нэрлэсэн юм бэ. Бүтээлийн тань нэр бололтой?

-“Сэтгэл чамайг таньсан бил үү” гэдэг миний дууны уран бүтээл. Энэхүү уран бүтээлээ дууны шүлэг гэж бодож бичээгүй. Шүлгээр нь л буулгасан. Дуун дотроос илүү сэтгэлийн сүү ундарсан бүтээл байдаг шүү дээ. Энэхүү бүтээл минь яг тийм бүтээл учраас энэ дуугаараа тоглолтоо нэрлэсэн.

-Яруу найрагч дотроо олон төрөл байдаг. Танд дууны яруу найраг яагаад ийм ойрхон байдаг вэ?

-Дуунд дургүй хүн гэж байдаггүй байх. Ээжийн бүүвэйн дуу байдаг шүү дээ. Эгшиг надад хайрласан гэдэг шиг. Зоригтсайхан яруу найрагчийн бичсэн тэр нэг шүлгийн мөрийг илүү ойлгох шиг. Дуутай байхын сайхныг тэгж л таньдаг. Яагаад гэхээр ээжийн бүүвэйн дууг энэ биеэрээ эргүүлээд лимбэдэж, эгшиглүүлж байгаа утга юм уу даа. Дуутай хамт аж төрөхийн хувь зурагтай юм байна даа л гэж бодож явдаг. Ийм сайхан байгаль, хангай дэлхийд төрсөн хүн яаж дуу, хуургүй явах билээ.

-Таны дуунуудын онцлогийг сонирхвол?

-Би бүтээлүүддээ яг ийм гэж дүгнэмээргүй байна. Яруу найрагчид дотор дан ганц дууны төрлөөр бичдэг хүмүүс байгаа. Миний хувьд шүлэг, ном, дууны шүлэг гэх мэтээр бичдэг. Дууны шүлгийг ямар төрөл жанрт оруулах вэ гэдэг нь хөгжмийн зохиолчийн шийдэх асуудал. Дууны шүлгээр буулгая гэж бодоогүй бүтээл маань дуу болох жишээтэй. Яруу найраг гэх том мөрнөөс салаалж урссан нэг өргөн гол нь дууны яруу найраг юм.

-Анхны шүлгээ хэдэн настайдаа тэрлэж байв?

-Хүн бүхний дотор нэг хөгжмийн зохиолч, зураач, яруу найрагч байж л байгаа. Харин хүн алийг нь илүү сэрээсэн бэ гэдэгт л байгаа байх. Шүлэг зохиолд өөрийн эрхгүй татагдаж, хэнээр ч заалгалгүй толгой холбож, ар араасаа үгс орж ирж гар гүйцэлгүй бичиж байгааг л онгод гэдэг байх. 13 настайдаа анхны шүлгээ буулгаж байлаа.

-Та ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?

-Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй.

-Тоглолтод ямар ямар, уран бүтээлчид хүрэлцэн ирж, шүлэг найраг, ая дуугаа өргөх вэ?

-Тоглолтод маань Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан гуай, Ардын жүжигчин Г.Равдан, Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, Х.Чилаажав, Б.Ичинхорлоо, Д.Галсансүх, О.Цэнд-Аюуш зэрэг яруу найрагчид урилгаар оролцоно. Дуучдаас МУГЖ, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, СТА Г.Эрдэнэтунгалаг, Д.Отгонжаргал, С.Баттулга, Ч.Батцэнгэл гээд П.Баярцэнгэл сүүлийн үеийн дуучид нэлээд бий.

Тоглолтын маань тасалбар ticket.mn-ээр борлуулагдахын зэрэгцээ хүргэлтээр хүргэж өгч байна. Тиймээс монголчууд та бүхнээ “Сэтгэл чамайг таньсан ч бил үү” тоглолтод маань хүрэлцэн ирэхийг урьж байна.

Д.БАТТОГТОХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *