Өнөөдөр ажил эрхлээгүй байгаа багш нар, ажил хаялт зарлаж буй багш нарын оронд ажиллах хүсэлтэй байна гэдгээ мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд ярихдаа “Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн багш нар ажил хаялт зарлаж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгээд байна. Багш нар ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Багшийн цалин бага гэдгийг мэддэг ч энэ мэргэжилд дурлаад сонгосон, хүүхдийн төлөө ажилладаг багш нар ингэж болохгүй.
Багш нар есдүгээр сарын 1-нд нээлт хийж, хүүхдүүдийг догдлуулчихаад ажил хаяж байгаа нь цаагуураа өөр учиртай байх. Багш нар цалингаа голоод ажил хаяж байгаа бол бид оронд нь багшлахыг хүсч байна. Багшлах эрхээ авсан, аваагүй, багшлах хүсэлтэй иргэдэд зориулан фэйсбүүкт групп нээсэн, одоогоор 240 гаруй хүн нэгдээд байна” гэлээ.
Ажилгүй байгаа багш нарын төлөөлөл Н.Лхагваа: “Би бага ангийн багш мэргэжилтэй. Би боловсролын салбарт 10 гаруй жил ажиллаж байгаад 2014 оноос хүүхдээ хараад гэртээ сууж байгаа. Багш нар 600 мянган төгрөгийн цалин авдаг. Багшлах чин хүсэлтэй ч улсын сургуульд ажилд ороход хүндрэлтэй байдаг. Багшлах эрхийн шалгалтад ороод ганц, хоёр оноо дутуугаас шалтгаалаад ажилд орж чадахгүй байгаа биднийг ажлын байраар хангаач ээ” хэмээн сургуулиудын удирдлагуудад хандаж хэлэв.