“Хүслийн төвөргөөн” тоглолтоо СТӨ-нд өчигдөр толилуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой цөөн хором ярилцлаа.
-Тоглолтыг “Хүслийн төвөргөөн” гэж нэрлэсний учир юу вэ?
-Хөгжимчин хүн миний хувьд монголчуудын урагш тэмүүлэх тэмүүлэл морьдын давхиагаар илэрхийлэгддэг. Тэр давхиан, төвөргөөн монголчуудыг аз жаргал, сайн сайхан өөд хөтөлдөг. Тиймээс “Хүслийн төвөргөөн” гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хүрч очихыг хүсч байгаа зүйлсийнхээ төлөө бид довтлох хэрэгтэй гэсэн үг.
-Энэхүү тоглолтыг анх хэдэн онд хийж байсан бэ?
-1990 онд удирдаач Ч.Жамсранжавын за хиалгаар төрийн концертонд тоглосон санагдаж байна. Үндэсний их найрал хөгжимд 1990 онд би зөвлөх хөгжмийн зохиолчоор хоёр жил ажилласан. Тухайн үедээ хоёр концерт т олилуулж байлаа. 2001 онд Японы Куширо хотод их найрал хөгжим япон удирдаачтай энэхүү концертыг хөгжимдсөн. Үндэсний урлагийн их театр надад “Хүслийн төвөргөөн” гэдэг удиртгалаар жил бүрийн гуравдугаарын сарын 25-нд буюу төрсөн өдрөөр маань концерт хийх санал тавьсан.
-Жил бүр ижил дуунууд дуулагдах уу?
-Жил бүр тоглогдож байх нь сайн хэрэг. Учир 300 гаруй дууг давтагдахгүйгээр дуулвал 25 цаг дуулна. Нэг концертонд нэг цаг дуулахаар хуваарилбал 25 жил нэг ч дуу давтагдахгүй байх боломжтой. Мэдээж хөгжмийн бүтээлүүд оролцоно. Жишээлбэл, 30 гаруй киноны хөгжмийн зохиол байна. Зарим бүтээлийг давтаж тоглохгүй байхаар хийх нь нэг талаасаа дутагдалтай. Сайн бүтээлүүдээ давтах нь зөв. “Хүслийн төвөргөөн” гэх удиртгалаа тоглолтын төгсгөлд нь үргэлж тоглогдоно.
-Орчин үед залуус амьд хөгжим сонсох нь багасжээ. Энэ тухай таны бодол?
-Хохирч байна. Жинхэнэ, бодит хөгжмийн зэмсэг, хүний дуу хоолойг дэргэдээс нь үзэх нь амьд харилцаа үүсгэж байгаа юм. Амьд харилцаа үгүй болж байна гэсэн үг.
-Ирээдүйн хөгжимчид, хөгжмийн зохиолчдоос юуг хүлээж байна?
-Би хойч үедээ гүн итгэдэг. Тэд биднээс хоёроос гурав дахин чадвартай хөгжимчид болно. Үүний нэг шалтгаан нь бид дэлхийд нээлттэй болсон. Мөн дэлхий бидэнд нээлттэй байна. Гар утаснаасаа дэлхийн хамгийн шилдэг концерт хаана болж байна, хамгийн шилдэг хөгжим хаана гарч байна, хамгийн сод хөгжмийн зохиолч хаана байна, чадварлаг хөгжимчин яаж хөгжимдөж байна гэдгийг сонсож, тэдгээрээс суралцах боломжтой болсон байна. Бүх боломж нээлттэй. Бидний үед ийм боломж харьцангуй бага байсан. Мөн СУИС-ийн сургалтын чанар маш сайжирсан. Тиймээс бид 100 хувийн баталгаатай хойч үеэ гайхалтай байх болно гэдэгт итгэлтэй байдаг.
-Б.Шарав, Х.Билэг жаргал, Ц.Нацагдорж, Ц.Чинзориг … гэхчлэн олон томчуудын орой зай Монголын хөгжмийн урлагт үгүйлэгдэж байна уу?
-Мөнхөд үгүйлэгдэнэ. Тухайн үеийн нийгэм, соёлын хүрээнд гарч ирсэн сод авьяастнууд давтагдана гэж байхгүй. Энэ утгаараа эдгээр хүмүүсийн орон зай алга болохгүйгээр, Монголын хөгжмийн урлагт байсаар байх болно. Энэхүү орон зайг шинэ нийгмийн хөгжмийн зохиолчид нөхөж чадахгүй. Харин тэд өөр өөрийнхөө орой зайг бүтээнэ, бий болгоно. Үгүй болсон хүмүүс, тэдгээрийн орон зай байсаар байх болно.
-Тэгэхээр орой зай хоосрохгүй, алга болохгүй харин үлддэг байх нь?
-Хүний нийгэмд зарим уран бүтээлчид нийгмийн үзэл суртал, явуулж байгаа бодлогын төлөө дуу, хөгжим хийх үйлдэл байдаг. Авьяасаа үзэл сурталд зориулж гайхамшигтай бүтээл хийдэг. Эсрэгээрээ зарим нь өөрийн хүсэл эрмэлзэл, зүрх сэтгэлээ дагаж уран бүтээлээ хийдэг. Үүгээр ирээдүйд эзлэх тэдний орон зай өөрчлөгддөг. Жишээлбэл, ямар нэгэн үзэл сурталд зориулж хийсэн бүтээл тухайн үзэл санаатайгаа ижил наслана. Үзэл суртал намжихад дагаад тоглогдохгүй. Харин өөрийн зүрх сэтгэлээсээ хийсэн бүтээл мөнхөд өөрийн орон зайг эзлэх юм.
-Уран бүтээлчид нэгнээсээ илүү байх боломжтой юу?
-Үгүй ээ, хэн ч хэнээс илүү биш. Р.Чойном Б.Лхагвасүрэнгээс илүү юу. Б.Шарав Ц.Нацагдорж хоёрын хэн нь илүү мундаг вэ. Ийм асуулт байх ёсгүй. Тэднээс хэнийг ч хэнтэй ч харьцуулах нь утгагүй хэрэг. Тиймээс миний хэлэх гэсэн санаа бол илүү эсвэл дутуу гэж байхгүй. Тэд бүгдээрээ өөр өөр дахин давтагдашгүй ертөнцүүд.
-Даяаршлагдсан дэлхий ертөнцөд Монголын урлаг юугаараа онцгой вэ?
-Хэдий бид хотжоод, суурьшмал амьдарч байгаа ч гэсэн нүүдэлчин соёлоос хөндийрсөөр байвал уран бүтээгчидын сэтгэлгээ хумигдана. Гэсэн хэдий ч ийм нөхцөлд хөгжмийн зохиолчдоос жинхэнэ монгол хөгжмийн зохиол ямар ч асуудалгүй төрнө. Тиймээс монгол хүний дэлхийд сонсгох аялгууны мессэж хэр зэрэг хүчтэй очих вэ гэдэг л сонирхолтой.
-Дэлхийд бидний дуу хоолойгоо, хөгжмөө хүргэх чухал уу?
-Мэдээж, энэ зөвхөн хөгжимчин, урлагийнхны бодох асуудал биш. Хаа хаанаа бодох хэрэгтэй. Улс төрийн түвшинд ч анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, ерөнхийлөгч зарлиг гаргаад Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгосон нь сайн хэрэг. Дэлхий бидний соёлын бүтээлийг сонсч, үзэх гээд хүлээж буй. Учир нь Монголын урлаг бол эрүүл саруул, язгуур урлаг юм. Энэ бол маш том үнэт зүйл. Манжийн дарлалд байх 200 жилийн хугацаанд дэлхий бүх урлаг холилдоод, үндсэн мөн чанараасаа халиад даяаршиж байхад зөвхөн бидний өвөг дээдэс тэр хугацаанд өөрсдийн урлаг, сэтгэлгээг алдалгүй, хадгалан авч үлдсэн. Бид ийм л онцгой соёл, урлагтай. Тиймээс Монголын урлаг бол дэлхийд хүргэх ёстой үнэ цэнэ, үнэт өв юм.