Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ногоон автобусын худалдан авалтыг шалгах ажлын хэсгийг иргэдийн саналаар байгуулна DNN.mn

Нийтийн тээвэрт шинэчлэл хийхээр улсын төсвөөс зарцуулсан 318 тэрбум төгрөгийн худалдан авалтад оролцсон холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудыг шалгахаар ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргалаа.

Тодруулбал, Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Монгол улсын иргэн Б.Мягмардорж өнөөдрийн /2023.10.20/ 13:47 минутад дээрх хүсэлтээр өргөдөл гаргасан байна. 33000 иргэн уг цахим өргөдөлд гарын үсэг зурвал ажлын хэсэг байгуулах юм. 12 цагийн байдлаар 3224 хүн гарын үсгээ зурж нэгдээд байна.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн.

Хэрэв та уг саналд нэгдэх бол ЭНД дарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *